Tesla тэргүүтэй есөн автомашин үйлдвэрлэгч Хятадад нийт 4.3 сая орчим автомашинаа эргүүлэн татахаар боллоо. Энэ нь Хятадын автомашины зах зээлийн түүхэн дэх хамгийн том recall буюу аюулгүй байдлын шалтгаантайгаар автомашиныг буцаан шалгаж, засварлах ажиллагаа болж байна. Гол асуудал нь осол, мөргөлдөөний дараа автомашины хаалгыг дотроос нь яаралтай нээхэд хүндрэл үүсч болзошгүй далд болон электрон хаалганы бариултай холбоотой юм.
Энэхүү буцаан авалтын хамгийн том хэсгийг Tesla бүрдүүлж байна. Тус компани Хятадад үйлдвэрлэсэн болон импортоор оруулж ирсэн ойролцоогоор 2.98 сая автомашин буюу Model 3, Model Y, Model S, Model X загваруудаа эргүүлэн татахаар болжээ.
Tesla-ийн хувьд энэ нь Хятад дахь хамгийн том хэмжээний recall болж байна. Засварын нэг хэсгийг автомашинд зайнаас программ хангамж шинэчлэх буюу OTA update хийх замаар шийдэх бол зарим автомашинд анхааруулах тэмдэглэгээ, механик яаралтай онгойлгох бариулыг тодорхой болгох арга хэмжээ авах юм.
Сүүлийн жилүүдэд Tesla зэрэг цахилгаан автомашин үйлдвэрлэгчид уламжлалт бариулын оронд кузовтойгоо тэгш байрладаг, дарж эсвэл цахилгаанаар ажилладаг далд хаалганы бариул өргөн ашиглах болсон.Гэвч хүчтэй мөргөлдөөний үед автомашины цахилгаан тэжээл тасарвал электрон механизм ажиллахгүй болох эрсдэлтэй. Ийм нөхцөлд зорчигчид хаалгыг хэрхэн гараар нээхээ мэдэхгүй байх, эсвэл механик нээлтийн төхөөрөмжийг олоход хүндрэлтэй байж болзошгүй. Энэ нь зөвхөн зорчигч өөрөө машинаас гарахад бус, ослын дараа аврагчид гаднаас нь хаалгыг нээж зорчигчдод хүрэхэд ч эрсдэл учруулж болзошгүй гэж зохицуулагчид үзэж байна.
Буцаан татах авах үйл явц зөвхөн Tesla биш, Хятадын цахилгаан автомашины гол үйлдвэрлэгчид мөн хамрагджээ. Үүнд Xiaomi, Leapmotor, Xpeng, Geely зэрэг компаниуд багтаж байгаа бөгөөд нийт есөн үйлдвэрлэгчийн автомашинд дээрх асуудал илэрсэн байна. Зарим үйлдвэрлэгч асуудлыг программ хангамжийн шинэчлэлтээр засах бол зарим нь механик нээлтийн бариулыг тодорхой тэмдэглэх, анхааруулах шошго байрлуулах зэрэг арга хэмжээ авахаар болжээ.
Энэхүү recall нь Хятад улс цахилгаан автомашины аюулгүй байдлын зохицуулалтаа чангатгаж буй үетэй давхцаж байна.Хятадын зохицуулагчид 2027 оноос бүрэн далд, татаж гаргадаг төрлийн хаалганы бариулын хэрэглээг хориглох шинэ шаардлага хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Үүний цаад гол шалтгаан нь ослын дараах үед зорчигч болон аврагчид хаалгыг хурдан, найдвартай онгойлгох боломжийг хангах явдал юм.
Өөрөөр хэлбэл, автомашины дизайныг илүү минималист, технологийн өндөр шийдэлтэй болгох чиг хандлага аюулгүй байдлын шаардлагатай мөргөлдөж эхэлж байна.
АНУ, Европ ч анхааралдаа авч эхэлжээ. Хятадын шийдвэр зөвхөн дотоодын автомашины зах зээлд хамаарах асуудал биш. АНУ-ын зохицуулагчид мөн ижил төрлийн хаалганы бариулын аюулгүй байдлыг шалгаж байгаа ч одоогоор Хятадтай адил хэмжээний зах зээлээс татан авах эсэхээ зарлаагүй байна.Ингэснээр нэг загварын технологийн шийдэл дэлхийн хэд хэдэн том автомашины зах зээлд ижил асуудал үүсгэж байгаа эсэх нь анхаарлын төвд орж байна.
“Технологи нэмэгдэх тусам аюулгүй байдал илүү чухал болно”
Энэхүү 4.3 сая автомашины буцаан татан авалт нь Хятадын цахилгаан автомашины салбарын хурдацтай өсөлтийн нөгөө талыг харуулж байна.Хятадын үйлдвэрлэгчид программ хангамж, хиймэл оюун ухаан, автомат жолоодлого, минималист дизайн зэрэг технологийн шинэчлэлээр дэлхийн зах зээлд хүчтэй өрсөлдөж байгаа. Гэвч технологийн шинэ шийдэл бүр бодит ослын нөхцөлд уламжлалт механик системээс илүү найдвартай байх шаардлагатай болжээ.
Эх сурвалж: Reuters Explainer: What we know about the door handles that triggered China’s record auto recall | Reuters
Сэтгэгдэл үлдээх