Найруулагч Кристофер Ноланы бүтээсэн “The Odyssey” кино нээлтээ хийснээсээ хойш ердөө хоёр долоо хоногийн дотор хэдийн 652 сая ам.долларын орлого олжээ. Үүний 362 сая ам.долларыг олон улсын зах зээлээс олсон бол үлдсэн 289 сая ам.долларыг дотоодын зах зээлээсээ төвлөрүүлжээ.
Энэ амралтын өдрүүдэд гэхэд тус кино олон улсын 81 кино театраас 137 сая ам.доллар олсон ба энэ нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс гурван хувиар буурсан байна.
Гэсэн ч уг үзүүлэлтийг Universal-аас хоёр дахь долоо хоногийн хамгийн өндөр үзүүлэлт хэмээн онцоллоо.
Бүтэн Imax камераар бүтсэн тус кино эртний Грекийн уран зохиолын хоёр томоохон туульсын нэг билээ. Агуу бүтээлийн эх хувилбарыг эртний Грекийн яруу найрагч Гомер МЭӨ 8-р зууны сүүлээр бичсэн гэж үздэг. “Odyssey” тууль нийт зургаан удаа дэлгэцийн бүтээл болон бидэнд хүрч байжээ.
Imax 70mm дэлгэцтэй кино театр дэлхий даяар ердөө 41 байдаг бол Ноланы бүтээл эдгээр театраас амралтын өдрүүдэд нийт 5.2 сая ам.доллар олжээ. Одоогоор энэ дэлгэцтэй кино театрын есдүгээр сарын суудал дүүрсэн байна.
Сүүлд 2024 онд Уберто Пасолинигийн найруулсан “The Return” киноноос хойш ийнхүү дахин нэг Оддисейн түүх бий болж байна. Уг киног одоогоор Ноланы кинонуудаас хамгийн өндөр төсвөөр бүтсэн уран бүтээл гэж үзэж байгаа бөгөөд ойролцоогоор 250 сая ам.доллароор бүтсэн хэмээн тооцож байна.
Киноны үйл явдлыг товч дурдахад, Трояны дайны дараа эх орондоо буцаж буй эртний Грекийн домогт баатар Одиссейн 10 жилийн урт, аюултай аялал болон түүнийг хүлээж буй гэр бүлийн түүхийг өгүүлнэ. Баатрын дүрд жүжигчин Мэтт Дэймон тоглосон ба бусад дүрд алдарт жүжигчид болох Энн Хэтэуэй, Том Холланд, Зендаяа, Роберт Паттинсон болон реппер Трэвис Скотт нар дүр бүтээсэн юм.
Сэтгэгдэл үлдээх