Лос Анжелес хотын прокурор дуучин D4vd буюу Дэвид Энтони Буркыг 14 настай охины үхэлд буруутгаад буй билээ. Уг хэргийн урьдчилсан сонсголыг өнгөрсөн долоо хоног эхлүүлсэн бөгөөд тав хоног үргэлжилжээ. Сонсголын дараа түүнийг шүүх хуралд оруулахаар шийдвэрлэжээ. Эцсийн шүүх хурлыг наймдугаар сарын 31-нд болгохоор төлөвлөлөө.
Калифорни мужийн Лос Анжелес хотод өнгөрсөн оны есдүгээр сарын найман буюу одоогоос жил хүрэхгүй хугацааны өмнө D4VD-ийн Тесла загварын машинаас эмэгтэй хүний цогцос олдсон хэрэг гарсан. Тухайн өдөр журмын хашаанд байсан машинаас эвгүй үнэр үнэртсэн гэх дуудлагын дагуу цагдаагийн байгууллага шалгалт хийжээ.
Шалгалтын үеэр тав хоног орчим хадгалагдсан гялгар уутанд боосон эмэгтэйн цогцос олдсон бөгөөд хохирогч 14 настай охин байсныг тогтоосон.
Уг явдлаас хэсэг хугацааны дараа буюу дөрөвдүгээр сард D4vd-г тус хэрэгт холбон баривчилсан. 2024 оны дөрөвдүгээр сард хохирогчийн ар гэр охиноо сураггүй алга болсон хэмээн тэмдэглүүлж байжээ. Мөн тухайн үед Тикток платформоор D4vd-ийг Селесте Ривас Эрнандезтэй хайр сэтгэлийн холбоотой байсан гэх нотолгоонууд дэлгэгдэж байсан юм.
Өнгөрсөн хугацаанд прокурор хэд хэдэн удаа хэрэгтэй холбоотой нотлох баримтууд болох насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой ёс бус зургуудыг гар утаснаас нь олсноо зарласан.
Энэ удаагийн сонсголоор ч мөн шинэ баримтууд дэлгэж, охины гэр бүлд хэрэгтэй холбоотой зураг болон хохирогчийг дарамталж буй үеийн текстүүдийг үзүүлжээ.
Хэрэв түүнийг гэм буруутай гэж үзвэл бүх насаар нь хорих ял оноох магадлалтай байгаа юм. 21 настай дуучин өнгөрсөн удаад өөрийгөө гэм буруугүй гэж мэдүүлж байсан бол энэ удаад ч өмгөөлөгчид нь хөнөөсөн гэх хангалттай нотлох баримт байхгүй хэмээн үгүйсгэжээ.
Сэтгэгдэл үлдээх