Сэлбэ дэд төвийг "Smart Selbe City" болгов

Ц.Чимэдцэеэ
2026-07-29

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” дэд төв төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, тус бүсийг "Smart Selbe City" буюу ухаалаг хот болгон хөгжүүлэх чиглэл өгчээ.

Чингэлтэй дүүргийн 14, 18 болон Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 158 га газрыг хамран хэрэгжиж буй уг төслийг үндэсний хэмжээнд загвар болох “20 минутын хот” үзэл санааны дагуу төлөвлөж байгаа.

Бүтээн байгуулалтын хүрээнд 113 блок бүхий 8,575 айлын орон сууц 5,780 сурагчийн багтаамжтай 5 сургууль, 1,520 ортой 8 цэцэрлэг, 4 өрхийн эмнэлэг, соёлын цогцолбор, спорт цогцолбор болон гал унтраах анги байгуулна.

Төслийн газар чөлөөлөлт 96 хувьтай, барилга угсралт болон дэд бүтцийн явц 36.7 хувьтай үргэлжилж байна. Талбайд өдөрт дунджаар 1,700 орчим инженер техникийн ажилтан, 70–80 машин механизм ажиллаж байгаа бөгөөд 9 ба 12 давхрын угсралтын ажил дуусан, цонх суурилуулалт эхэлжээ. Мөн бараа, материал нийлүүлэгчдийн 60-70 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүд бүрдүүлжээ.

Төлөвлөгөөний дагуу орон сууцны хэсгийг 2027 онд, олон нийтийн үйлчилгээний бүсийг 2029 онд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Ерөнхий сайд Н.Учрал "Smart Selbe City" концепцыг эрчимжүүлэх хүрээнд Нийслэлийн Засаг дарга болон “Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХК-д дараах чиглэлүүд өгчээ.

  • Мкв-ийн үнэ 5 сая төгрөг байгаа нь зорилтот бүлгийн иргэдэд хүндрэлтэй байгаа тул үнийг бууруулах шийдлийг ирэх Засгийн газрын хуралдаанд танилцуулах;
  • Ипотек, түрээслээд өмчлөх болон хамтын өмчлөлийн хэлбэрүүдийг санхүүжилтэд ашиглах;
  • Ухаалаг хотын ("Smart City") шинэ технологи, инновацыг турших "сэндбокс" орчныг бүрдүүлэх;
  • Тус бүсийг эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлж, хувийн хэвшлийн оролцоог дэмжих.

“Smart Selbe City” төсөл бүрэн хэрэгжиж дууссанаар

  • Монгол Улсын ДНБ-д 2.5 их наяд төгрөгийн нэмэлт өгөөж бий болно.
  • 45 мянган иргэн орчин үеийн орон сууцаар хангагдаж (жилийн эрэлтийн 42%-ийг хангана),
  • 16,000 ажлын байр шинээр үүснэ.
  • 15,600 гэр хорооллын янданг буулгаснаар нүүрсний хэрэглээ жилд 7,500 тонноор багасна.
  • Мөн 12,000 нүхэн жорлонг буулгаж, хөрс болон агаарын бохирдлыг 6 хувиар бууруулна хэмээн тоооцоолж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe