Күмамото мужид гарсан газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алдаад байна

.Graph
2026-07-29

Японы Кюүшюү бүсийн Күмамото мужид өчигдөр буюу мягмар гарагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар 13 иргэн нас барсан талаар Ерөнхий сайд Санаэ Такайчи мэдээллээ. Гамшгийн улмаас Күмамото мужийн зарим бүсэд барилга байгууламж эвдэрч, гал түймэр гарч, худалдааны төвд олон хүн гацсан тул 9872 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 36,700 өрх цахилгаангүй болжээ. 

Энэхүү явдал тус улсад 2016 оноос хойш тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож байна. Тус оны дөрөвдүгээр сард 6.5-7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт хоёр өдөр үргэлжилж, нийт 270 иргэн амиа алдаж байжээ. 

Японы Цаг уурын агентлаг болон холбогдох байгууллагууд ойрын 2–3 хоногт хүчтэй давтан газар хөдлөлт гарах эрсдэл өндөр байгааг анхааруулж байна. 

Өнөөдрийн байдлаар Күмамото мужид Монгол Улсын 40 орчим иргэн ажиллаж, амьдарч буйгаас гамшигт өртсөн талаар мэдээлэл одоогоор ирээгүй байгаа аж. Иймд тус бүсэд оршин суугаа иргэн танд дараах зөвлөмжийг хүргэж байна. 

  • Японы эрх бүхий байгууллагын сэрэмжлүүлэг, зааварчилгааг тогтмол дагаж мөрдөх;
  • Нурж болзошгүй барилга байгууламж, уулын энгэр, гол мөрөн болон эргийн бүсээс хол байх;
  • Онцын шаардлагагүй тохиолдолд гамшигт өртсөн бүс рүү зорчихгүй байх;
  • Гар утсаа цэнэгтэй байлгаж, ундны ус, хүнс, эм, гэрэлтүүлэг зэрэг яаралтай хэрэгцээний зүйлсээ бэлтгэх;
  • Шаардлагатай тохиолдолд орон нутгийн захиргааны зааврын дагуу нүүлгэн шилжүүлэх байранд шилжин байрлах 

Мөн Монгол Улсын иргэд Элчин сайдын яамны 03-3469-2088 шуурхай утсаар холбогдож туслалцаа авах боломжтой юм. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe