Өмгөөлөгч Ц.Батболд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн "Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал"-ыг хариуцагчаар татаж, "Туулын хурдны зам"-д холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс НИТХ-ын 2025 оны 25/123 дугаар "Төсөл хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" тогтоолын “Туулын хурдны зам, төсөл хөтөлбөрийг 56.44 га талбайд хэрэгжүүлэхийг зөвшөөрсүгэй” гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоох захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх актын биелэлтийг шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх хангажээ.
Өмгөөлөгч Ц.Батболд: Уг төсөл нь хууль бус үйлдэлтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд НИТХ тогтоол гаргахдаа асуудлыг хэлэлцэж, нягтлалгүйгээр шууд дэмжиж баталсан нь хууль зөрчсөн.
Хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч: Төслийн биелэлтийг зогсоовол хотын агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулах томоохон бүтээн байгуулалт саатаж, эдийн засгийн хохирол учирна. Актыг түдгэлзүүлбэл нийтийн ашиг сонирхолд болон гүйцэтгэгч компанид ноцтой хохирол учирна.
Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг болон Дээд шүүхийн тайлбарыг үндэслэн дараах байдлаар шийдсэн.
Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлснээр "бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд ноцтой, эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учирна" гэх нөхцөл байдлыг хариуцагч болон гуравдагч этгээдийн хувьд баримтаар нотолж чадаагүй.
Иймд нэхэмжлэгчийн эрх зүйн урьдчилан хамгаалалтыг хангаж, хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд НИТХ-ын 2025 оны 25/123 дугаар тогтоолын "Туулын хурдны зам" төсөлтэй холбоотой хэсгийн биелэлтийг түдгэлзүүлэх нь зүйтэй.
Ийнхүү НИТХ-ын 2025 оны 10 сарын 16-ны өдрийн 25/123 дугаар тогтоолын Туулын хурдны зам төслийг 56.44 га талбайд хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн хэсгийг шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, шүүх хуралдааныг жич товлохоор шийдвэрлэжээ.
Энэ нь Туулын хурдны замыг зогсоосон тухай эцсийн шийдвэр биш бөгөөд шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа.
Сэтгэгдэл үлдээх