Ч. Чинхүсэл
Энэтхэгийн залуучууд Засгийн газрынхаа эсрэг 36 хоног идэвхтэй жагсаж, Боловсролын сайдаа огцрууллаа.
Уг үйл явдал энэ оны тавдугаар сарын 3-нд зохион байгуулсан “Анагаахын их дээд сургуулиудад орох элсэлтийн ерөнхий шалгалт/National Eligibility cum Entrance Test-Undergraduate”-ийн хариу задарснаас үүдсэн.
Шалгалтад 2.2 сая гаруй суралцагч хамрагдаж байсан ба шалгалтын материал задарсан гэж үзэн зургаадугаар сарын 21-нд дахин авахаар товлосон юм.
Улмаар сурагчдын сэтгэл санаа хохирон амиа хорлосон тохиолдолууд гарсан. Тухайлбал, Шейх Сана хэмээх 19 настай хүү дахин шалгалтын өмнөх өдөр “Намайг уучлаарай” хэмээн гэрээслэл үлдээгээд амиа хорложээ.
Энэ үеэр тавдугаар сарын 16-нд Бостоны их сургууль төгссөн Абхижит Дипке Боловсролын сайдаа огцруулах, сургалтын системээ сайжруулах зорилгоор “Жоомны Ардын Нам” (Cockroach Janta Party) гэх цахим хуудас нээсэн. Уг хуудсаар дамжуулан 22 сая залуу үеийнхэн нэгдэж, зургаадугаар сарын 6-аас эхлэн жагсжээ.
Жагсаал өнгөрөгч сарын 20-оос илүү идэвхжиж, 200 гаруй мянгуулаа болсон. Харин энэ сарын 20-оос эхлэн Нью-Делид парламентын ордонд ойртохоор оролдоход цагдаа нар нулимс асгаруулагч хий, бороохой, буун дуу хэрэглэн эсэргүүцсэн байна.
Үүнээс тав хоногийн дараа Боловсролын сайд Дхармендра Прадхан огцорсноо зарлав. Ерөнхий сайд Нарендра Моди өөрийн “X” дэх хуудаснаа “Манай залуусын ирээдүйд хохирол учруулахыг оролдсон хэн бүхнийг зүгээр орхихгүй. Шалгалтын материал задрахаас урьдчилан сэргийлэх нь үндэсний хариуцлага бөгөөд залуусын ирээдүйг хамгаалахын тулд улс төрийн зөрчилдөөнөөс ангид байх ёстой. Энэтхэгийн үндэсний шалгалтын системийг бүрэн шинэчилж, ил тод, технологид суурилсан болгох үүрэг бүхий тусгай ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү ажлын хэсгийг Энэтхэгийн өндөр технологийн салбарын нэр хүндтэй зүтгэлтэн, Infosys компанийг хамтран үүсгэн байгуулагч Нандан Нилекани ахлахаар болсон” хэмээн мэдэгджээ.
Өнөөдрийн байдлаар Засгийн газар шаардлагуудыг биелүүлэн жагсаал, цуглаан дууссан ч хөдөлгөөнд оролцсон зуу гаруй иргэн хоригдсон бөгөөд суллахыг шаардсаар байна.
Сэтгэгдэл үлдээх