Дэлхийн найман тэрбум гаруй хүний дийлэнхийг нь зурагтын өмнө суулгадаг хөлбөмбөгийн ДАШТ-ний шигшээ тоглолт хэдхэн цагийн дараа эхлэх гэж байна. Тоглолт орон нутгийн цагаар 15:00 цаг гэж товлогдсон. Энэ нь манай цагаар 7-р сарын 19-20-нд шилжих шөнийн 03:00 цаг байж таарч байгаа юм.
Канадын түймрээс болж утаанд автаад байгаа Нью-Йорк хотын цэнгэлдэх хүрээлэнд болох шигшээ тоглолтын тасалбар АНУ-ын түүхэнд байгаагүй дээд үнэд хүрчээ. Эхний үнэ 7 мянга 500 ам.доллар давсан бол хоёрдогч зах зээл дээр 11 мянган ам.доллар давсан байна. Урьд өмнө нь АНУ-ын үндэсний спорт гэгддэг NFL, NBA-ийн түүхэнд ч ингэж өндөр үнээр зарагдсан тасалбар үгүй юм. Мэдээж энэ тоглолтыг их гүрний удирдагч Д.Трамп үзэж сонирхоно.
Мөн ялсан багийн тамирчдад АНУ-ын мэргэжлийн спортод өгдөг бөгжийг хүн тус бүрд өгөх юм. Дэлхийн хөлбөмбөгийн түүхийн одууд тэр дундаа Аргентин, Испанийн түүхийг үргэлжлүүлж өнөө цаг үед хүлээлгэн өгсөн эрхмүүд цэнгэлдэхийг түүнтэй хамт дүүргэлцэх болно.
Хувь заяаны огтлолцол 19 жилийн дараа шигшээ тоглолт дээр...
Шигшээ тоглолтод мэдээж дэлхийн гурван удаагийн аварга, аваргаа хамгаалагч Аргентины шигшээ баг 2010 оны Өмнөд Африкт болсон ДАШТ-ээс хойш алтан дагинын хажууд зогсоогүй Испанийн шигшээ багтай тоглоно. Сарын өмнө эхэлсэн ДАШТ-нийг энэ хүртэл туулсан хоёр багийн замнал эрс ялгаатай. Аргентины шигшээ баг хасагдах шатны тоглолтуудад хаалгандаа дандаа гоол алдан нөхөж хожсоор ирсэн бол Испанийн шигшээ баг Австри, Португал, Бельги, Франц гэсэн довтолгоонд зонхилдог багуудад нэг ч гоол алдалгүй хожиж 16 жилийн дараа алтан дагиныг дэргэдээс нь харах эрхээ авсан.
Гэхдээ тэдний эсрэг ДАШТ-ний бүх цаг үеийн мэргэн бууч Л.Месси зогсоно гэдгийг санах хэрэгтэй. Тэр энэ ДАШТ-нд хэдий нь найман гоол, дөрвөн гоолын дамжуулалт өгчхөөд байгаа нь замналынх нь хамгийн өндөр амжилт болоод байгаа юм. Гоол, дамжуулалтын тоо өсөх ч боломжтой.
Энэ агуу эрхмийн энгэрт зургаан сартайдаа эрхэлж явсан Л.Ямаль энэ удаад өлгийтэй биш Испанийн шигшээ багийн өмсгөлтэй түүний өрсөлдөгчийн дүрээр гарч ирнэ. Хоёр үеийн тод төлөөлөл болсон тамирчид олон жилийн өмнө Л.Мессигийн энгэрт учирч явсан бол өнөөдөр ДАШТ-ний шигшээ тоглолтод тэдний хувь заяа огтлолцож байна.
Хөлбөмбөгийн ДАШТ-нд хоёр дараалан түрүүлсэн ердөө хоёр улс л байдаг. Нэг нь Бразил нөгөөх нь Итали. Хэрвээ өнөөдөр Аргентины шигшээ баг түрүүлж чадах юм бол 1934, 1938 онуудад дараалсан Итали, 1958, 1962 онуудад дараалсан Бразил нарын амжилтыг дахин давтах улс нь болж түүхийн хуудаст мөнхрөх юм. Харин Испани хожвол 2010 оноос хойш дусал ч бороогүй ган гачигт нэрвэгдээд байсан талыг аадар бороогоор цутгаж буй мэт цангаагаа тайлах болно. Ач холбогдолгүй тэмцээн гэж байдаггүй. Тэр дундаа хүн төрөлхтний дөрвөн жилийн урт хүлээлтийг дуусгавар болгодог ДАШТ-ний шигшээ тоглолт хэзээ ч ач холбогдолгүй болж байсангүй. Дайны үед эвлэрэл, энхийн цагт баяр баясал, эв нэгдлийг авчирдаг билээ. Аз жаргал баяр баяслын гормоныг чинь 1 цаг 30 минутын турш хамгийн өндөр түвшинд аваачдаг аваргын төлөөх тоглолтоо алга ташин угтан авцгаая.
Сэтгэгдэл үлдээх