УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулсан "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт" сэдэвт Ерөнхий хяналтын сонсголын тайланд нийслэлийн төсөв, мега төслүүдийн хэрэгжилтэд төсвийн сахилга бат, санхүүжилт, засаглалын ноцтой эрсдэл үүссэнийг дүгнэжээ.
Тайланд дурдсанаар, 2026 оны нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн нь улсын нэгдсэн төсвийн батлагдсан алдагдлаас 1.4 их наяд төгрөгөөр өндөр, өөрөөр хэлбэл улсын төсвийн нийт алдагдлын 232.8 хувьтай тэнцэх хэмжээ болсон нь төсвийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүйг Сангийн яам анхааруулжээ. Мөн УИХ-аас баталсан болон НИТХ-аас баталсан нийслэлийн төсвийн хэмжээ хооронд ихээхэн зөрүү гарсныг онцолсон байна.
Шинжээчдийн дүгнэлтээр нийслэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 16 мега төслийн нийт төсөвт өртөг 28.9 их наяд төгрөг боловч сонсгол болох үеийн байдлаар ердөө 1.4 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэж, хэрэгжилт нь 5 хувьд ч хүрээгүй байна. Үүнээс гадна төслүүдийн нийт санхүүжилтийн 66 хувь буюу 19.1 их наяд төгрөгийг гадаадын зээл болон төр-хувийн хэвшлийн түншлэлээр босгохоор төлөвлөсөн ч эдгээр эх үүсвэр бүрэн баталгаажаагүй байгаа нь төслүүд цаашид саатах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг тэмдэглэжээ.
Мөн олон төсөл техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, газрын асуудал, магадлалын дүгнэлт бүрэн шийдэгдээгүй байхад төсөвт тусгагдсан нь хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзсэн байна. Зарим төсөл 5-12 жил үргэлжилж, анхны төсөв нь дунджаар 2.8 дахин өссөн талаар тайланд дурджээ. Үүнээс гадна зураг төсөл, газар чөлөөлөлт бүрэн шийдэгдээгүй 34 төсөлд 380 тэрбум төгрөгийн санхүүжилт, үүний 321 тэрбум төгрөгийг урьдчилгаа төлбөрөөр олгосон нь төсвийн үр ашигт эрсдэл учруулж байгааг шинжээчид онцолсон байна.
Сонсголын үеэр нийслэлийн өмчит компаниудын засаглал ч шүүмжлэлд өртөв. Судалгаагаар НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит компаниудын ТУЗ болон удирдах албан тушаалд нийт 104 суудал эзэлж байгаагаас 65 суудал нь ердөө 19 төлөөлөгчид төвлөрсөн нь ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байгааг шинжээчид дүгнэжээ.
Ерөнхий хяналтын сонсголын тайланд нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалтын бодлого нь хотын хөгжлийн асуудлыг шийдвэрлэх зорилготой ч төсвийн сахилга бат, төслийн бэлтгэл, санхүүжилтийн баталгаажуулалт, өмчит компаниудын засаглал, эдийн засгийн үр ашгийн үнэлгээг эрс сайжруулах шаардлагатай гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Сэтгэгдэл үлдээх