О.Пагма: Үнэндээ тэр баривчилгаа энэ киног заавал гаргах нэг хөшүүрэг болсон

Д.Халиунаа
2026-06-24

Ноорог креатив студийн редактор, “18 хоног” баримтат киноны найруулагч Ойдовын Пагматай ярилцлаа. Түүнийг кино сонирхогчид Цотан нэрээр эчнээ танина. Тэрээр улс төр судлаач мэргэжилтэй, Ноорог креатив студид дөрөв дэх жилдээ ажиллаж буй юм. 

-”18 хоног” баримтат кино үзэгчдийн хүртээл болохын тулд олон зүйлийг тууллаа. Та кино бүтсэн түүхээ он цагийн дарааллаар яриад өгвөл уншигчдад илүү ойлгомжтой болох байх?

-Үүдэл санаанаасаа эхлээд ярья гэж бодлоо. Анзаарвал манай постер дээр сонгогчийн боловсрол олгох гээд слоган бий. Слоган ч гэх үү, тайлбар ч гэх юм уу. Бид яагаад сонгогчийн боловсрол олгох гэж нэрлэсэн юм, дээрээс нь боловсрол олгох гэхээр хүмүүс тайлбарлаж өгөх гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлийг ойлгоод байдаг. Миний хувьд боловсрол гэдгийг хөтөлж явах, дагуулах, хүмүүс өөрсдөө тэр ойлголтыг олж авах процесс гэж ойлгодог. Манай кино бүтээж байгаа хүмүүстээ боловсрол олгосон. Магадгүй гарч ирээд үзэж байгаа хүмүүст ч гэсэн боловсрол олгож байгаа байх. Зарим хүн “Энэ яг хаана нь боловсрол олгоод байгаа юм бэ” гэж асууж байсан. Үзэгчид тэнэг биш шүү дээ. Парламентат ёс гэж энийг хэлдэг юм, тэгдэг юм гэж тайлбарлах нь зохистой биш. Яагаад гэвэл энэ чинь кино шүү дээ. Бид эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж байгаа зүйл биш. Боловсрол гэдгийг заавал тайлбарлаж, махрахаас илүү өөрөө олж авах, хайж олох үйл явц гэж харвал дээр. 

Бид киногоо эхлэхээс өмнө бид сонгууль, санал өгөх гэж юу болох талаар богино контентууд хийж байсан. Гэтэл энэ маань хангалттай сайн мэдээлэл болоод боловсрол өгч чадахгүй байна даа гэдгийг анзаарсан. Тиймээс илүү олон нийтийг хамарсан, сонгууль гэдэг чинь энэ юм аа гэдгийг цогц байдлаар харуулсан бүтээл хийх ёстой юм байна гэж бодсон. Ингээд “18 хоног” киног хийхээр зориглосон. Одоогоос яг хоёр жилийн өмнө буюу 2024 оны дөрөвдүгээр сард киногоо хийе гэж зорьсон. Тэгээд дүрүүдээ хайж олох, хөрөнгө босгох үйл ажиллагаа болж, сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн буюу 2024 оны зургаадугаар сарын 10-аас зураг авалт эхэлсэн. Ингээд сонгууль болтол буюу зургаадугаар сарын 28-ын хүртэл 18 хоног продакшны ажлаа авсан. Тэрнээс өмнө бол препродакшн явсан. Тэрнээс хойшоо бол пост продакшн буюу эвлүүлэг дээрээ суугаад, за тэгээд өнгө дуу гэсээр 2026 оны зургаадугаар сарын 18-нд анхны үзэгчид буюу хандивлагч нар, ойр дотны хүмүүстээ Тэнгис кино театрт нээсэн. 

Манай кино чинь “18 хоног” гэдэг нэртэй. Бид нарыг бас гуравдугаар сарын 18-нд баривчилж байсан. Тэгээд сая зургаадугаар сарын 18-нд нээж байгаа. Дээрээс нь найруулагч үзээд л, кино багийнхан бас үзээд л сайжруулалт, шинэчлэлт хийгээд яг 18 дахь хувилбараараа хүмүүст хүрч байгаа. Ийм сонирхолтой зүйл бас байна. 

-Яг сонгуулийн сэдвээр хийх юм байна аа гэдэг итгэл үнэмшлээ хаанаас олж авсан бэ?

-Сонгуулийн талаар хийсэн цогц, хараат бус баримтат кино Монголд байхгүй байгааг анзаарсан. Тэрнээс биш гаднын орнуудын сонгуулийн талаарх кино байдаг. Тэрний ямар чухлыг нь ойлгуулах тухай гэсэн үг шүү дээ. Гэтэл бид нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хооронд “Аймар чухал шүү, аймар чухал шүү” гээд л бужигнаад, ярилцаад байгаад байдаг мөртлөө яг чухал юм байна аа, харъя, үзъе гэхээр юу ч байхгүй. Бид чухал гэж боддог зүйлсдээ чухал гэж хандахгүй байгаа байдал ажиглагдсан. 

Би олон дүүтэй л дээ. Манай дүү нар надаас сонгууль гэж юу юм бэ гэж асуухаар “Май, энэ шүү” гээд үзүүлж чадах юм байхгүй байсан. Тиймээс нэг талаар дүү нартаа зориулж байгаа гэсэн үг. Анхлан сонгогч нарт зориулж байгаа гэсэн үг. Анхлан сонгогч нар санал өгөхдөө битгий сандраасай, энэ бол энгийн зүйл шүү. Энэ бол иргэний хувьд улс төрд оролцож болох хамгийн энгийн мөртлөө чухал оролцоо шүү гэдгийг харуулахыг хүссэн. Тийм л сэдэл санаанаас энэ кино эхэлсэн. Манайх ч өөрсдөө хэвлэл мэдээллийн байгууллага. Бидний магадгүй анхны сонгууль байсан. Тэгэхээр бид сонгуулиар ч юм уу ажиллах боломж байгаа л гэсэн үг шүү дээ. Гэхдээ бидэнд юу илүү чухал вэ гэхээр урт хугацааны, утга учиртай, олон хүнд хэрэг болохуйц юмыг хийхийг хүссэн. Тэр нь баримтат кино байж таарлаа. 

-Кино хийхэд гарсан хүндрэл бэрхшээл юу байсан бэ?

-Эхний зураг авалтаа хийхэд бол хүндрэл гараагүй, бид маш сайн ойлголцож чадсан. Кино маань таван гол дүртэй, таван өөр газар зургаа авсан. Таван гол дүрээ танилцуулъя.

  1. Орхон аймгийн малчин Юмжаа. Бид Юмжаа өвөө гэж дууддаг, 60 орчим насны хүн.
  2. Төв аймагт амьдардаг ЖДҮ эрхлэгч Мөнхцэцэг. 
  3. Орхон аймгийн Эрдэнэт инфо сайтад зураглаачаар ажилладаг Үнэнбат.
  4. Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг, анх удаа санал өгч байгаа Энхбаяр.
  5. Япон улсад амьдардаг, төрийн албан хаагч Цовоолог гээд таван дүр бий. 

Хамгийн эхлээд гарсан хүндрэл бол санхүүгийн хүндрэл байсан. Гэхдээ үүнийг давахын тулд бидэнд итгэдэг хүмүүсийг цуглуулаад, олон нийтийн санхүүжилтээр кино хийх санаа гарсан. Ингээд эвент зохион байгуулж, энэ кино яагаад чухал вэ гэсэн бичлэг хийснээр 132 хандивлагчаас 32 гаруй сая төгрөгийг босгосон. Энэ мөнгөөр нэмэлтээр камер, гэрэл, Эрдэнэтэд байрлах багийн хоол унд, хоноглох газар зэрэг зардлыг гаргасан. Ингээд үлдсэн санхүүжилт болох 60 гаруй сая төгрөгийг бид бизнесийн орлогоосоо гаргасан. 

Санхүүгийн асуудлаа давсны дараа пост продакшны асуудал гарсан. Бид маш их дүрс авчихсан, тэрийгээ яаж нийлүүлэх вэ, яах вэ гээд л. Гэхдээ үүнийг маг амжилттай давж чадсан. Манай эвлүүлгийн найруулагчаар Түвшинболд гээд залуу ажилласан. Манай Түвшөө энэ ажлыг маш сайн авч явсан. 

За ингээд хамгийн том бэрхшээл буюу улс төрийн асуудал. Биднийг гуравдугаар сарын 17-18-ныг шилжих шөнө манай ажил дээр очоод бүх юмыг хурааж аваад манай ажилчдыг бариад, шалтгаангүйгээр, өмгөөлөгчгүйгээр байцааж, үүр цайтал байлгасан. Үүнээс болж манай киноны үйл явц удааширч, үүгээр дамжин маш их зөрчил илэрсэн. Манай кино хийж байсан процессорыг хоёр сарын дараа өгсөн. Олон нийт ч үүнийг мэдэж байгаа байх. Байгууллагаар нь гүтгэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах, тэр хугацаанд бидний хийж чадах байсан ажлууд, ажилчдын цалин хөлс, НДШ, татвар гээл бүх зүйл тасалдсан. Хууль зүйн сайд нь, О.Алтангэрэл өөрөө гарч ирээд гүтгэж байсан мөртлөө одоо хүртэл уучлалт гуйгаагүй. Бид албан ёсоор уучлалт гуйхыг чинь хүлээж байгаа шүү. Яагаад гэвэл, ямар ч гэм буруугүй залуусын нэр төрд халдсан явдалдаа уучлалт гуйх ёстой. Яагаад гэвэл, бид зөв шударга зүйл хийж байгаа учраас бид айж, бэмбэгнээд байх зүйл байхгүй. Бид киногоо гаргадгаараа гаргалаа. Өөрөө ч гэсэн үзсэн байх. 

-Танайхыг кино хийж байсан болохоор л баривчилсан гэж боддог уу. Эсвэл илүү өөр шалтгаан байгаа байх гэж харддаг уу?

-Тийм ээ. Манай ажилчдаас асуусан асуулт нь дандаа л киноны талаар байсан. Өөр асуулт ерөөсөө байгаагүй. 

-Энэ бүхний дараа киногоо гаргах эсэхэд эргэлзсэн үү, гаргачихвал яах бол гэсэн айдас төрсөн үү?

-Мэдээж маш их ядарсан. Хоёр жилийн хугацаа бол богино биш. Хоёр жил нэг төслийг үргэлжлүүлнэ гэдэг нь замдаа магадгүй, улс төрийн нөхцөл байдлаас ч, өөрөөс ч, өрөөлөөс ч бай шантрах тохиолдол гарч байсан. Тэр болгонд “Ингээд байх юм бол бүр гаргана даа” гэсэн бодол төрж байсан. Туулах байсан юмаа туулсан л гэж боддог. Магадгүй зүгээр л гарчихсан бол уран бүтээлчдэд ийм асуудал тулгардгийг мэдэхгүй байх байсан. Өөр сэтгүүлчдэд ийм асуудал тулгардгийг мэдэхгүй байх байсан. Ийм зүйл болсноороо тэнд бугласан байсан идээ бээр гадагшилсан гэж бодож байна. Энэ кино эхлээд дуусах хүртэл хугацаанд би burn out болсон. Хөдөө очиж хоёр, гурван сар амарсан. Өнгөрсөн аравдугаар сард буцаж ажилдаа ороод идэвхтэйгээр ажилласаар дууссан. 

Маш хүнд үе минь. Шантраагүй гэж худал хэлэхгүй. Хамгийн их шантарсан зүйл минь “Миний санаачилсан төслөөс болоод багийнхан маань зовж байгааг харах”. Тэд ч бас хүн шүү дээ. Тэд аав ээжтэй, тэд ах эгчтэй. Тэр хүмүүс тийм сэтгэлийн ачааллыг даагаад хажууд байсан нь хамгийн хэцүү байсан. (Энэ үед түүний нүдэнд нулимс цийлэгнэж, хоолой нь зангирч байлаа.…

-Эргээд хоёулаа киноныхоо сэдэв рүү оръё. Үзсэн хүмүүс дүрийн сонголт маш сайн байсан гэж ярьж байсан. Дүрүүдээ яаж олсон бэ?

-Би шашин шүтлэгтэй хүн биш ч юмсын тохироо бүрдэнэ гэдэгт итгэдэг. Манай Цовоолог гээд дүр Японд амьдардаг юм. Би Японд амьдардаг байхдаа “Номын тойрог” гээд ном уншдаг залуусын клубт явдаг байлаа. Тэр дунд Цовоолог бид хоёр нэгэнтэйгээ нөхөрлөсөн. Уг нь бид Солонгост зураг авах гэж байсан ч зардал өндөр гарахаар байсан. Тэгтэл манай ажлын нэг залуу гэр бүлээрээ Япон руу аялж таараад, хугацаа нь таарч байсан учраас тэндээс дүрс авсан. Цовоологийг яагаад сонгосон бэ гэхээр бид анх киноны төсөл боловсруулаад хөрөнгө босгохоор ажиллаж байсан. Тэгэхдээ дүрийн төсөөлөл гаргаад тэрэндээ зориулж хүн хайсан. Тэгтэл миний бодож байсан зүйлсэд Цовоолог таарсан. Тэгээд холбогдоход зөвшөөрсөн. 

Манай Мөнхцэцэг гээд дүр Төв аймагт байдаг. Миний сайн найзын ээж л дээ. Бид ЖДҮ эрхэлдэг нэг хүн байя гээд төсөөлөл гаргачихсан байсан. Тэгээд найзынхаа ээжтэй ярилцаад үзэл бодлыг нь сонстол таалагдаж сонгосон.

Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг Энхбаяр гээд дүр. Анхлан сонгогч байсан. Бид яг тэр дүүрэгт залуухан сонгогч хайгаад явж байсан. Бас яг тэр хүнтэй ярилцаад үзье, санал тавья гэсэн хүн байхгүй байсан. Гэхдээ ямар ч байсан сууж байснаас явсан нь дээр гээд манай Хатанаа гээд залуутай Сонгинохайрхан дүүргийн гудамжуудаар машинтай хүн хайгаад явж байлаа. Тэгтэл Энхбаяр цүнхээ үүрчихсэн ажилдаа ч юм уу, явж байгаа залуу таарсан. Тэгээд зүгээр хараад л энэ залуу байж болох юм гэж бодсон. Тэгээд санал тавихад манай контентыг үздэг залуу байж таараад оролцохоо илэрхийлсэн. 

Бид орон нутагт амьдардаг, тэндээ сэтгүүл зүйн чиглэлээр ажилладаг хүн төсөөлсөн байсан. Ингээд Эрдэнэт инфо сайтаас Үнэнбатыг сонгосон. Өмнө нь бид бас хамтарч юм хийж байсан, танилууд. Үзэл бодол нь таалагддаг байсан юм. 

Манай баг жижиг, тэгээд гурван хэсэгт хуваагдсан байсан. Тиймээс Орхон аймагт амьдардаг малчин хайгаад Юмжаа ахыг олж авсан. Гурван дүрээ бол мэддэг байсан. Нөгөө хоёрыг нь бол эрж хайж олж авсан. 

-Кино гарсны дараа хүмүүсийн сэтгэгдэл хэр байна вэ, шүүмж ирсэн үү. Ирсэн шүүмжийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Би өөрөө киноны шүүмж бичдэг. Шүүмж ирэхийг эрүүл бас энгийн зүйл гэж боддог. Магтаал сайшаал аль нь ч бай нэн талархалтай хүлээж авна гэдгээ ч илэрхийлсэн. Хүмүүс юу хэлэх нь чухал биш. Юу хиймээр байсан, тэрийгээ хийх нь л чухал. Тэр хүн тэгж хэллээ гээд тийшээ холбирох, энэ хүн ингэж хэллээ гээд ийшээ холбирох зүйл байхгүй. Хийсэн үү, хийсэн. Одоо байгаа нь энэ байна. 

-Киноны талаар нэлээн ярилаа шүү дээ, таны хувь хүн хэр вэ?

-Мэдэхгүй ээ. (инээв)

-Угаасаа ийм эрч хүчтэй, цоглог дүрэлзсэн хүн үү, эсвэл дотогшоо хүн үү?

-Би холимог хүн гэх үү. Надад асар экстраверт зан бий, асар интроверт ч зан бий. Бичдэг хүнийхээ хувьд ганцаараа байх цаг хугацаа хэрэгтэй байдаг. Одоо бол киноныхоо төлөө ил гараад ярих шаардлагатай байна. Тэрнээс биш ихэвчлэн ганцаараа, юмаа бичихийг илүүд үздэг. 

-Танай багийн редакцын бодлого, чухалчилдаг зүйл юу вэ?

-Үнэ цэнтэй, утга учиртай контент бүтээх. Ингэхдээ либерал үзэлтэй байна аа гэдгээ редакцын бодлогодоо заасан. Тэгэхээр бид бүх талын дуу хоолойг сонсоно гэсэн үг биш. Бид өөрсдийн өнцгөөс тайлбарлана гэсэн үг. Сэтгүүл зүй олон талын байр суурийг сонсоно гэдэг бол бид өөрсдийнхөөрөө, өөрсдийн нүдээр харснаа тайлбарлах дээр анхаардаг. Тиймээс улс төр, хүний эрх, эдийн засаг гэсэн сэдвээр илүүтэй дуугардаг. 

-Та бүхнийг захиалгатай ажилладаг гэж харддаг хүмүүс байдаг шүү дээ. Түүнийг юу гэж боддог вэ, хэрхэн хүлээж авдаг вэ?

-Хардлага бол байж л байдаг. Манайхыг захиалгатай гэж боддог бол киног маань түрээслээд үзэж хэрэгтэй. Монголд 30 гаруй нам байгаа, түүний 10-аад нь манай кинон дээр гарч байгаа. Бид энэ нь том, энэ нь жижиг гэж ялгаагүй. Энэ хүнийгээ ийм юм хэлээсэй, тийм юм хэлээсэй гэж цензурдаагүй. Яагаад гэвэл цензурдана гэдэг бол бидний хамгийн хүсдэггүй зүйл. Кино маань зургаадугаар сарын 26-аас IPTV-үүдэд орно. Хардаж байвал түрээслээд үз, хамгийн хямдаар нь орж байгаа. Юмыг үзэхгүй, уншихгүй байж доромжлоод байж болохгүй. Үзэж байгаад доромжилж болно. 

-Таны яримаар байсан, миний асуугаагүй зүйл байна уу?

-Сүүлд хэвлэлийн бага хурал дээр нэг сэтгүүлч дахиад ийм баримтат кино хийх зориг байгаа юу гэж асуусан. Би юу гэж хариулсан бэ гэхээр “Баримтат кино хийхийн тулд зориг шаардах ёсгүй”. Бид үг хэлэхийнхээ төлөө, үзэл бодлоо илэрхийлэхийн төлөө зориг шаарддаг байх ёсгүй байхгүй юу. Яагаад зориг шаардаад байгаа юм бэ. Залуус амьдрахын төлөө, ажил хөдөлмөр хийхийн төлөө, Монгол хүн Монгол Улсдаа амьдрахын төлөө зориг шаардаад, эрсдэл хүлээгээд байгааг гайхдаг. Зориг шаарддаггүй байх, үзэл бодлоо илэрхийлээд доромжлуулдаггүй, улс төрөөс хамааралгүй нийгэмд амьдрахын тулд энэ киног хийсэн. Хиймээр байгаа юмаа зүгээр л хиймээр байна, биднийг зүгээр байлгаад өг. Манай кинонд маш олон хүмүүсийн тус дэм орсон. Гэр орон, өөрсдийн үнэт зүйлээ зориулсан манай дүрүүд, тэдний гэр бүл, киногоо буцааж авахад тус болж байсан иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэлийнхэн, хамтарч ажиллаж байсан төрийн байгууллагууд, СЕХ, Японы элчин сайдын яам, хандивлагч, дэмжигчид гээд бүх хүний хүч дэм, итгэл найдвараар энэ кино бүтсэн. 

Хүмүүс Монгол Улс болохгүй, бүтэхгүй байна гэх юм. Гэтэл нэг нэгнийхээ дэмээр, итгэлээр явж байгаа зүйлс бас байгаа юм шүү. “18 хоног” баримтат кино бол олон хүний итгэл найдвар, ирээдүй, гэгээн сайн сайхан руу тэмүүлсэн хүслээр бүтсэн кино. Та бүхэн 2024 оны сонгуулийг баримтжуулан авч үлдсэн, дээрээс нь Монгол Улс 126 гишүүнтэй болсон тэр түүхэн үйл явдлыг энгийн иргэний нүдээр харуулсан киног үзээрэй. Сайн ч бай, муу ч бай бүхнийг нь хүлээж авах учраас шүүмж, сэтгэгдлээ харамгүй хайрлаарай. Анхлан сонгогч танай гэрт байгаа бол заавал үзүүлээсэй гэж хүсэж байна. Энэ киноноос хүмүүс эрх чөлөө, итгэл найдварыг мэдрэх байх. 

Сонгууль гэдгийг жигшиж, зэвүүцээд байх ч юм биш. Тэглээ гээд сайшаагаад байх ч юм биш гэдэг үйл явцыг хүмүүс харах байх. Ингэснээр ямар сонголт хийх нь, сонголтоо хийхдээ няхуур, яаж хандах вэ гэдэг нь тодорхой болох байх. Урьж ярилцсан Graph.mn сайтын хамт олонд баярлалаа. Биднийг үргэлж дэмждэг, та бүхэндээ маш их баярладаг шүү. 

-Дараагийн төсөл юу байгаа бол гэж сонирхол төрж байна?

-Яг өнөөдрөөс миний дараагийн хоёр жил хэрэгжүүлэх төсөл минь эхэлчхээд байна. Би суманд багшлах гэж байгаа. Тэнд ямар бүтээл гарахыг мэдэхгүй. Хийхгүй ч байж магадгүй. Харин Ноорогийн хувьд тулхтай, үнэ цэнтэй, урт хугацааны төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. 

-Ярилцсанд баярлалаа. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe