ДАНШИГ НААДАМ - ХҮРЭЭ ЦАМ наадмын хүрээнд юу болох вэ?

.Graph
2026-06-23

1. ДАНШИГ НААДМЫН ТҮҮХ

Даншиг наадам: Анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн, арслант ширээнд залж, нас өлмий бат байхын тухайд Даншиг буюу Бат оршил өргөн, цугларсан олон наадам хийж цэнгэн баяссан байдаг. Ийнхүү Даншгийн хурал өргөлийг даган хийдэг наадмыг Даншиг наадам хэмээн нэрлэж иржээ. Өндөр гэгээн тэргүүтэй үе үеийн номын богд Жавзандамба хутагтуудад Даншиг өргөн, наадам хийдэг уламжлал хүрээнд тогтож, сүсэгтэн ард түмэн өргөн дэлгэр оролцдог байсан аж. Эрийн гурван наадмаар Даншиг наадмыг хийдэг байсан ажгуу. Үүнээс хамгийн гол наадам нь хүчит бөхийн барилдаан юм. Даншиг наадмаар сайн барилдсан бөхчүүдэд цол, чимэг олгодог байв.

Очирваань бурхны их тахилга: Очирваань бурхныг Монголчууд эртнээс дээдлэн шүтэж, аюул хорлолыг зайлуулахын тулд даатгал залбирлыг үйлдэж ирсэн уламжлалтай. Монголын Чингэс тэргүүтэй хүчит хаадыг Очирваанийн хувилгаан хэмээн бэлгэдэн хүндэтгэн дээдэлж ирсэн. Очирваань бурхны зүрхэн тарни: Ум базарваань хун пад.

Хүрээ цам: Монголын хүрээ цамыг анх 4-р Богд Жавзандамба  хутагтын болгоолтоор 1811 оны төмөр хонин жил гарсан. Хүрээ цам  нь Их хүрээний хамба номун хан Агваанлувсанхайдүвын туурвисан “Дансүрэн жамцо гарчам”  ном увидасын дагуу дэглэгдэн уламжлагдсан байдаг. Цам нь Очирт тарнийн хатуу үйлийн гарын авлага, зан үйл болно. Монголын хүрээ цам Дамжан Чойжал голлосон шашныг тэтгэн сахигч нарын цам юм. Цамчид Ямандаг бурханы авшиг, Чойжалын даган соёрхлыг хүртэн, Ямандаг бурхны нямба бүтээлийг үйлдсэн  бясалгаач нар байдаг.

Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс санаачилж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэмжин Даншиг наадмыг 2015-2022 онд сэргээн зохион байгуулсан.

Энэхүү наадам нь Нийслэлийн өдөр хүрээ цам даншиг наадам нэртэйгээр 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна 2025 оноос өмнө жил бүрийн 8 дугаар сарын эхний 7 хоногийн амралтын өдөр зохион байгуулагддаг байсан бөгөөд 2025 оны 04 Монгол Улсын Засгийн газрын 194-р тогтоолоор 6-р сарын 4 дэх долоон хоногийн амралтын өдрүүдэд Нийслэлийн иргэдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, Хүрээ цам даншиг наадмыг зохион байгуулах шийдвэр гарсан.

2.НЭЭЛТ БОЛОН СОЁЛ УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ

2.1 Нээлтийн арга хэмжээ /Улаанбаатар театр ОНӨТҮГ/

2026 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 11:40-12:40 цагийн хооронд Хүй 7 худагт болно.

2.2 Шашин соёлын арга хэмжээ /Хүй 7 худаг/

Наадмын үеэр Очирваанийн тахилга, Чингис хааны сан, Цам харайх, Сор залах, Шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд Лам нарын дунд ном хаялцах, Балин тосон урлал, Унзад, голч лам нарын тэмцээн зохион байгуулагдана.

2.3 Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн /Хүй 7 худаг/

Улаанбаатар хотын үүсэл, хөгжлийн түүхэн үечлэлийг 3 үе шатанд хуваан түүхэн гэрэл зураг, макет, дуу дүрсээр дамжуулан үзэгчдэд танилцуулна. Үзэгчид цаг хугацааны дарааллын дагуу үзэж танилцан танин мэдэхүйн цогц мэдлэг авах юм.

2.4 Урлаг соёлын арга хэмжээ: /Жанжин Д.Сүхбаатарын талбайд/

Нийслэлийн дүүргүүдийн шилдэг өвлөн уламжлагчдын оролцох “Ардын язгуур урлагийн тоглолт” 2026 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17:00–18:30 цагт Д.Сүхбаатарын талбайд иргэд, жуулчдад зориулан үнэ төлбөргүй зохион байгуулагдана. Тоглолтод нийслэлийн 9 дүүргийн шилдэг өвлөн уламжлагчид оролцож, ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн болон үндэсний хэмжээнд үнэт өвд тооцогддог ардын язгуур урлагийн төрөл зүйлсийг толилуулна.

2.5 “Соёл-эрдэнэ 55” Даншиг наадмын хаалтын шоу тоглолт: /Жанжин Д.Сүхбаатарын талбайд/

“Нийслэлийн иргэдийн өдөр”-т зориулж Монгол Улсын орчин үеийн хөгжмийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ХХ зууны манлай “Соёл-Эрдэнэ” хамтлаг байгуулагдсаны 55 жилийн ойг тохиолдуулан 2026 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Жанжин Д. Сүхбаатарын талбайд хүндэтгэлийн тоглолт зохион байгуулна.

3.ҮНДЭСНИЙ ТЭМЦЭЭН УРАЛДААНЫ ТАЛААР

3.1    Үндэсний бөхийн барилдаан

Улс, аймаг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно.

3.2 Үндэсний их сурын харваа

Үндэсний их сурын харваанд 800 гаруй мэргэн харваач оролцож, цэц мэргэнээ сорино.

3.3 Уухай шагайн харвааны тэмцээн

40 багийн 500 гаруй тамирчин оролцоно.

3.4 Сээр шалгах тэмцээн

3 насны ангилалд 150 орчим тамирчин оролцоно.

4.ИРГЭД, ЖУУЛЧДАД ЗОРИУЛСАН ХУДАЛДАА, ХООЛ, НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР

4.1    Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ

Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр нийт 50 асарт нийслэлийн 9 дүүргээс 192 иргэд, аж ахуй нэгжүүд оролцоно.

4.2    Хоол хүнсний худалдаа үйлчилгээ

-Хоол, хүнс, худалдаа үйлчилгээ эрхлэгч 180 гаруй иргэн, аж ахуй нэгж байгууллага иргэдэд үйлчилнэ.

4.3 Нийтийн тээврийн үйлчилгээ

Наадмын өдрүүдэд иргэд, олон нийтэд үйлчлэх зорилгоор 16 автобусыг 2 чиглэлээс үнэ төлбөргүй явуулахаар төлөвлөсөн.

1.ТӨВ ЦЭНГЭЛДЭХ-ЯАРМАГ-ХҮЙ 7 ХУДАГ (8 автобус)

2. МУБИС-ХҮЙ 7 ХУДАГ (8 автобус) 07:00-23:00 цаг хүртэл үйлчилнэ.

5. Иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллагаас 15 байгууллагын 593 албан хаагч үүрэг гүйцэтгэнэ

6. Уламжлалт анагаах ухаан, зурхайн асар

 Тэжээхүй ухааны төвийн уламжлалтын эмч нар, Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам нар иргэдэд үзлэг оношлогоо хийж, үйлчилнэ.

7. Наадмын төсөв

3,608,544,059 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар тус наадамд шийдвэрлэж “Монгол наадам” цогцолборт 345,654,000 сая төгрөг хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

8. Шүлхий өвчинтэй холбоотойгоор хийгдсэн арга хэмжээ:

Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр мал амьтны гоц алдварт О,SAT1 хэвшлийн шүлхий өвчин 10 аймгийн 20 сум, 31 голомтод гарч, нийслэлтэй ойр хил залгаа аймаг, суманд өвчний идэвхтэй голомт бүртгэгдсэнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагаас гаргасан эрсдэлийн үнэлгээ, санал дүгнэлтийг үндэслэн уг өвчний эрсдэл, тархах хоруу чанар өндөр байгаатай харгалзан, хурдан морины уралдаан, жороо морины уралдаан, морь харвааны тэмцээн зэргийг цуцалсан.

 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe