Хөлбөмбөгийн ДАШТ-ий хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Е хэсэгт өрсөлдөж буй Германы шигшээ өнөөдөр Кот д Ивуарын багийг 2:1-ээр хожин, дараагийн хасагдах шатанд тоглох эрхээ авлаа. Бундестим 2014 оноос хойш анх удаа хөлбөмбөгийн ДАШТ-ий плэй-оффт шалгарсан нь энэ.
-Германы Дениз Ундав энэ тоглолтод талбайд сэлгээгээр гараад хоёр гоолыг хоёуланг нь оруулж, тоглолтын шилдгээр тодров. Туркийн курд гаралтай Ундав ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтыг 3 гоолтойгоор Аргентиний Месси, Канадын Дэвид нарын хамт тэргүүлж байна.
-Германы шигшээгийн хаалгач Мануэль Нойер Кот д Ивуарын эсрэг тоглолтод гараанд гарснаар ДАШТ-д 21 дэх тоглолтоо хийлээ. Энэ нь хаалгачдын хувьд рекорд амжилт юм. Одоо түүний ард Францын хаалгач Уго Льорис 20 тоглолттойгоор бичигдэж байна.
-Бразилийн шигшээгийн довтлогч Рафинья Хайтигийн эсрэг тоглолтын үеэр баруун гуяны арын булчиндаа гэмтэл авсан нь тодорхой болжээ. Тэрбээр Шотландтай хийх хэсгийн сүүлчийн тоглолт болон плэй-оффын эхний тоглолтыг өнжих бололтой.
-Шведийн шигшээг 5:1-ээр бут ниргэсэн Нидерландын шигшээгийн ДАШТ-д үндсэн болон нэмэлт цагт ялагдаагүй ( тоглолтын дараах ялагчийг тодруулах 11 метрийн цохилтыг тооцолгүйгээр) тоглолтын тоо 14 болж, шинэ рекорд тогтоолоо. "Улбар шарууд" 2010 оны ДАШТ-ий финалд Испанид 0:1-ээр хожигдсоноос хойш ДАШТ-д 2014, 2022 онд Аргентинд л хоёр удаа "пенальти"-аар ялагдсан юм. Өмнөх рекордыг 1958- 1966 оны ДАШТ-д 13 тоглолт хожигдол амсаагүй Бразилийн шигшээ эзэмшиж байсан ажээ.
-Хоёрдугаар тойргийн тоглолтууд талдаа ороогүй байгаа ч хасагдах шат буюу плей-оффт тоглох, мөн тойргийн тоглолт дуусгаад гэртээ харих багууд тодорсоор л байна. "Гэрийн нохойн сүүл өөдөө" гэдгийн үлгэрээр Мексик, АНУ-ын багууд, мөн Герман хасагдах шатанд тоглох эрхээ авсан бол Хайти, Турк дахин нэг тоглоод нутгаа зорих нь ээ.
Сэтгэгдэл үлдээх