Ажлын байран дахь эерэг уур амьсгал, бүтээлч хамтын ажиллагаа нь байгууллагын амжилт, ажилтны тогтвортой байдлын үндэс юм. Гэвч заримдаа хувь хүний зан чанар, харилцааны хэв маяг нь ажлын орчинд сөргөөр нөлөөлж, "хортой" уур амьсгалыг бий болгох нь бий. "Хүн ухаантай ч хэлэхээс нааш мэддэггүй" гэдэгчлэн, өнгөрсөн сард манай фирм 540 хүний оролцсон судалгаагаар ажлын байран дахь ямар зан чанаруудыг "хортой" (токсик) гэж үздэгийг тодруулсан. Энэхүү судалгааны үр дүн нь танд болон таны хамт олонд иймэрхүү зан төлөв байгаа эсэхийг эргэцүүлж, сайжруулах боломжийг олгохыг зорьлоо.
Ажлын байран дахь хортой зан чанарууд: Судалгааны дүгнэлт
Судалгаанд оролцсон нийт 540 хүн ажлын байран дахь сөрөг нөлөө бүхий зан чанаруудыг доорх байдлаар тодорхойлжээ. Эдгээр нь хамт олны харилцаа, ажлын бүтээмж, байгууллагын соёлд ноцтой хохирол учруулдаг байна.
1. СӨРӨГ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ДУТАГДАЛ
• Хамт олны хооронд хов зөөх, хагаралдуулдаг нөхдүүд.
• Ялгаварлан харьцдаг байдал. Дарга хараад аймаар ажилд ордог бусад үед зүгээр л цаг алаач. Хамт ажилдаг хүмүүстээ ачааг үүрүүлдэг.
• Хүнээс хүнд хов зөөх, хүн муулах.
• Бусдыг турхирдаг, бусдын ажлыг буруу зөвгүй зааж зааварлаж оролцдог, хов ярьж хоосон өрөвдүүлдэг ичмээр хүмүүс.
• Бие биетэйгээ дуугарахгүй, мэндэлдэггүй байх, одоо ч ийм залуус олон болжээ, танихгүй хүн шиг.
• Хоорондоо хов зөөдөг, ажил хуваалцдаггүй ажлын цагаар алга болчихдог, амиа хичээсэн, сэтгэлгүй, дээшээ долигонуур, доошоо дээрэлхүү, өөрийнхөө мэдэхгүйгээ мэддэггүй, атаархаж хонзогнодог, ялгаварлан гадуурхдаг, хууль мэдэхгүй өөрөө зөрчиж байж бусдад хууль ярьдаг, "би" эготой.
• Нөхөрсөг бус байдал буюу мэндэлж мэддэггүй эсвэл албаар нэгнийгээ гадуурхаж ганцаардуулах аргууд.
• Хамт ажилладаг хүнээ муулах.
• Завтай чадваргүй хов яригчид тэгээд бусдад буруу ойлголт өгөөд бусад нь тархигүй юм шиг тэдний худал хуурмаг харлуулсан үгэнд итгээд ярвалзах.
2. ХУВИЙН ХАРИУЦЛАГААС ЗАЙЛСХИЙХ БА ХЭТ АМИА ХИЧЭЭХ
• Өөрийнхөө алдааг хүлээхгүй байх, алдаагаа нуух, алдааг нь хэлсэн хүнд хувийн өс хонзон санах.
• Өөрийн алдааг бусдад тохох.
• Бүх юм өөрийнх нь зөв, Бүх юм өөрийнх нь хяналтад байх ёстой, Өөрийнх нь эдэлж чадаагүй боломж, давуу талыг өөр хүн эдэлчихээр хүлээн зөвшөөрч чадахгүй ил далд байдал.
• "Би л мундаг байх ёстой".
• Зөвхөн "би төвтэй" байх.
• Өөрийгөө бодсон шийдвэр гаргах.
• Өөрийгөө бусдаас илүүд үзэх.
• Өөрийн бодол саналаа тулгах.
• Хэт амиа хичээх.
• Хааяа нэг ажил хийхдээ попордог. Ялгаварлан гадуурхдаг. Хов баздаг. Би төвтэй comfort zone-оосоо гарч чадахгүй, шинэчлэлээс айдаг нөхдүүдээс гарч буй амиа хамгаалах үйлдэл эс үйлдэхүй.
• "Амиа боддог хүнээс л бүх юм ургаад байгаа шд. Аминч үзэл!"
• Багаар ажиллаж сураагүй "би" гэсэн үзэл аймшигтай.
• Өөрт нь буруу байхгүй, хариуцлагагүй, худлаа ярьдаг, чадамжгүй хүн л бусдыгаа маш их ачаалалд оруулаад ядраадаг.
• Буруугаа хүлээдэггүй, мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрдөггүй зан.
3. СЭТГЭЛ ЗҮЙН ТӨЛӨВШЛИЙН ДУТАГДАЛ БА СӨРӨГ ХАНДЛАГА
• Бусдын цалинг асуугч, харьцуулагч, шургаач.
• Гэр бүлийн асуудлаа зовлон болгож тоочигч.
• Сэтгэл зүйн хувьд төлөвшөөгүй сөрөг хандлагатай, бусдын алдааг отож суудаг ер нь бол залхуу, зальжин, хов ярьдаг хүн.
• Гэртээ болсон асуудлаа ажил дээрээ чирч ирээд уураа гаргаад байдаг хүмүүс л үнэн тамтай.
• Мэдрэмж 0, Бусдыг хүндлэх хүндэтгэл 0, Цагийн менежмент 0, Empathy 0 хүмүүс орно. Хамгийн чухал нь ХАНДЛАГА.
• Ер нь бол токсик үйлдэл, ярианууд байна. Өглөө ажил дээрээ ирээд мэндлэхэд урдаас дуугарахгүй байх, юм асуухаар мэдээд байгаа хэрнээ би сайн мэдэхгүй гэж хэлэх, ярианы өнгө нь урдаас томорсон шинжтэй, дорд үзсэн шинжтэй, юу ч ярихгүй байж байснаа дээд албан тушаалтан орж ирэхээр инээж ирээл ярих, даргыгаа, ажилтнаа байнга муулах, байнга ууртай байх, аймар их зовлон ярих, юм ярихаар л урдаас сөрөг юм ярих, шударга биш санагдсан зүйлээ хэлэхгүй байх тэгсэн хэрнээ байнга гомдолдог, дээд албан тушаалтандаа үзэл бодлоо хэлж чадахгүй хулчгар.
4. УДИРДЛАГЫН ТҮВШИН ДЭХ ХОРТОЙ ҮЙЛДЭЛ:
• Удирдлагын түвшинд байж хэл ам нь зүгшрээгүй, амнаас гарч байгаа үг бүр нь дарамталсан шинжтэй авгай нар байдаг. Тэгээд болоогүй ямар ч мэдлэг чадваргүй байж хов жив ярина, хүн муулна, чадвартай хүмүүсээ доош нь хийнэ, гадуурхана. Тэр байгууллагад нь хүн тогтохгүй.
• Хүмүүст энэрэнгүй дүр эсгэсэн хор найруулдаг шулам.
• Ажил бүтэлгүй үед сураг алдраад бүтэх үед товойх.
• Сууж байгаад даргыг ирэхээр ганцаараа тонгоноод тойроод хог түүгээд байдаг залхуу. Ямар нэгэн найр наадмаараа захиргааны хэдийг аваачиж цайлсаар байгаад хамаг байдаг шагналыг илээсээ илүү далдуур авсаар байгаад тэтгэвэртээ суух.
• Дарга нарын нууц амрагууд буруу сэхэл аваад байхаар л ядаргаатай байдаг.
• Удирдлага нь ховоор ажлаа хийдэг, хэн нь зөв, хэн нь буруу ажилтан бэ гэдгээ ялгаж чаддаггүй, өөрт таалагдахгүй ажилтнаа халж чадахгүй ч ажлын нөхцлөөр шахаж дарамтлах.
ДҮГНЭЛТ
Энэхүү судалгаа нь ажлын байран дахь "хортой" зан чанаруудын өргөн хүрээг харуулж байна. Аминч үзэл, хариуцлагаас зайлсхийх, сөрөг харилцаа, сэтгэл зүйн төлөвшлийн дутагдал, мөн удирдлагын буруу хандлага зэрэг нь хамт олны уур амьсгал, бүтээмжид ноцтойгоор сөргөөр нөлөөлдөг. Эдгээр зан төлөвийг танин мэдэж, өөрчлөх нь хувь хүн болон байгууллагын хувьд зайлшгүй шаардлагатай бөгөөд эрүүл, бүтээлч ажлын орчинг бүрдүүлэхэд чухал алхам болно.
Сэтгэгдэл үлдээх