Оюутолгой ХК-ийн зэсийн баяжмалын экспортын замыг тэмцэгчид хаалаа. Тэд Оюутолгойн гэрээг цуцлахыг шаардсан бүлэг иргэд тус уурхайн гадна жагсаал хийж байсан юм. Тэгвэл тэд өнөөдөр өглөөний 09:00 цагаас уурхайгаас экспортын гарцыг чиглэсэн авто замыг хааж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоожээ.
Эдийн засгийн тооцооллоор экспортын тээвэр саатсан нэг долоо хоног тутамд 35 тэрбум төгрөгийн татварын орлого тасалдах, мөн 21 тэрбум төгрөгийн АМНАТ тасалдах эрсдэлтэй юм. Тодруулбал2025 онд “Оюу толгой” компани нийт 2.34 их наяд төгрөгийг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсөн нь Монгол Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын ойролцоогоор 9 хувийг бүрдүүлсэн тухай саяхан болсон топ 100 арга хэмжээний үеэр онцолж байв.
Монгол улсын төслүүдийг гацаах эрх ашиг хэнд байгаа вэ? Өмнө нь "Халзанбүргэдэй" төслийнхнийг хөөж, чулуугаар шидэж нөөц тогтоох гэсэн оролдлогыг зогсоож гацааж чадсан. Харин одоо гуравдагч улсын ганц том хөрөнгө оруулагчийн оролцоо бүхий дэлхийд дээгүүр жагсах ОТ-н төслийн үйл ажиллагаанд санаатайгаар ийнхүү халдаж эхэллээ. Монгол улс хуультай улс бол хөрөнгө оруулагчдынхаа үйл ажиллагааг хамгаалж, дэмжих бодит шаардлага үүсээд байна. Хэрвээ ЗГ ажлаа хийж хөрөнгө оруулагчдынхаа аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг хамгаалахгүй бол Хөрөнгө оруулалт татна гэх мэт лоозогносон үйл ажиллагаагаа болих хэрэгтэй. Монгол улсад олон удаагийн хурал хийх бус бодитой дэмжлэг хамгаалалт яг одоо хэрэгтэй байна.
Энэ тухай Уул уурхайн сайд Г.Дамдинням: "Дөнгөж сая ЗГ-ын хуралдаан дээр Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд С.Амарсайханд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, ААН-ын үйл ажиллагаанд хууль бус хориг саад хийгчдэд хариуцлага тооцох тухай тусгайлсан үүрэг өглөө. " хэмээн өөрийн X жиргээ хаягаар дамжуулан мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл үлдээх