Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын ажилтан, инженерүүдтэй уулзаж, салбарын шинэчлэл болон цаашдын зорилтын талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр эрчим хүчний салбарынхан улс орны эдийн засгийн өсөлтийг дагаж хөгжих шаардлагатай байгааг онцолсон байна.
Өнөөдөр Монгол Улс өвлийн оргил ачааллын үед цахилгааны хэрэглээнийхээ тодорхой хэсгийг импортоор хангаж байгаа бөгөөд хуучирсан тоног төхөөрөмж, санхүүжилт, хүний нөөцийн асуудал салбарын гол сорилт хэвээр байна.
Ерөнхийлөгч "XX зуун тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн зуун байсан бол XXI зуун эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангасан, үйлдвэрлэгч улс болох зуун байх учиртай. Үүнд эрчим хүчний салбарынхны оруулах хувь нэмэр асар их" гэж үздэг хэмээжээ.
Харин хуучирсан тоноглол, санхүүгийн хүндрэл, хүний нөөцийн хомсдол зэрэг нь энэ салбарын хөгжилд томоохон сорилт болсоор байгааг Эрчим хүчний сайд Б.Найдалаа хэллээ.
Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй шинэ бодлого нь эрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилт болон эрчим хүч экспортлох боломжийг цогцоор нь хөгжүүлэхэд чиглэж байгаа аж.
Засгийн газар 2024-2028 онд 5,000 мегаваттаас дээш хүчин чадалтай шинэ эх үүсвэрүүд байгуулж, дамжуулах сүлжээг өргөтгөхөөр төлөвлөжээ. Мөн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хуримтлуулах систем, өндөр хүчдэлийн сүлжээг хөгжүүлж, Монгол Улсыг Зүүн хойд Азийн цэвэр эрчим хүчний томоохон тоглогч болгох зорилт тавьсан байна.
Эрчим хүчний салбарын шинэчлэл нь хэрэглэгч төвтэй үйлчилгээ, эрчим хүчний найдвартай хангамж, хувийн хэвшлийн оролцоо, шударга өрсөлдөөнийг дэмжихэд чиглэх юм.
Уулзалтын үеэр салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим инженер, мэргэжилтэнд төрийн дээд цол, одон медаль гардууллаа.
Сэтгэгдэл үлдээх