Харбины гэрээний алдагдал гэх 10 тэрбум ам.доллараар улсаараа 16 жил НДШ төлөхгүй амьдарч болно

.Graph
2026-06-05

21 жил хүлээгдсэн Харбины гэрээний түүхийг та бүхэнд өмнөх дугаараараа хүргэсэн билээ. Тэгвэл үргэлжлүүлэн энэхүү гэрээг байгуулахдаа баримталсан хуулийн үндэслэл, улс төрийн хүрээнд өрнөж буй маргааны талаар өгүүлье. 

Өргөн, нарийн царигийн асуудлыг 20-оод жил хэрэлдэж, нэг шийдвэрт хүрснээр дараагийн асуудал нь гэрээг хэрхэн харилцан ашигтай хийх вэ гэдэг асуудал байсан. Засгийн газраас холбогдох тогтоолын төслийг 2024 оны 12-р сарын 25-нд өргөн барьж, УИХ яаралтай горимоор 27-ны өдөр нь баталсан. 

Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Харбины гэрээ”-г байгуулах эрхийг авч, тогтоолыг хэрэгжилтийг хянаж байх үүргийн УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо (Г.Тэмүүлэн), Эдийн засгийн байнгын хороонд (Р.Сэддорж) даалгасан. Урт нэрт 58 дугаар тогтоолыг УИХ хоёрхон хоногийн дотор баталсан нь Хамтарсан Засгийн газрын гурван толгой болох Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд нар намаа базаж чадсан буюу тогтоол батлагдах урьдач нөхцлийг хэдийнээ бүрдүүлсэн байсан гэсэн үг юм. 

Л.Оюун-Эрдэнэд зөвшөөрөл өгсөн энэхүү тогтоолоор Засгийн газарт олон үүрэг өгснөөс хамгийн чухал нь төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээг байгуулах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гурван асуудлыг харилцан уялдаатай цогц байдлаар хамтад нь шийдвэрлэх байв.

Ингэхдээ 

  • Гэрээг 16 жилийн хугацаатай байна, 
  • Нүүрснийхээ үнийг тогтоохдоо Эрдэнэс Тавантолгойн урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг жишиг болгоно. 
  • Грээний дагуу нийлүүлэх нүүрсний хэмжээг 2025-2029 онд нийт 27 сая тонн, 2030 оноос эхлэн жилд 20 сая тонноос бууруулахгүй гэж хатуу зааж өгсөн. 

Өөрөөр хэлбэл, манай улс 2025 оноос эхлэн 16 жилийн хугацаанд нийт 250 сая орчим нүүрсийг Хятадад худалдах гэрээ хийсэн гэсэн үг. Харин үүний хариуд Хятадын тал хил холболтын төмөр замыг өөрийн санхүүжилтээр барьж өгнө. Харбины гэрээ гэж чухам ийм л гэрээ. Сонсоход амархан мэт байгаа ч гэрээ байгуулагдсанаас хойш жилийн дараагаас асуудал хөндөгдөж эхэлсэн. Харилцан ашигтай болсон гэж яригдаж байсан Харбины гэрээ Монголын талд илүү хохиролтой болсон юм биш үү гэх асуултыг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа асууж эхэллээ. 

Үнэндээ Харбины гэрээг цуцлах талаар хэн ч яриагүй. Энэ гэрээ сайн болсон бол шагшин магтаж, муу болсон бол сайжруулаад явъя гэх саналыг сөрөг хүчнээс гаргаж, хянан шалгах түр хороо байгуулах санал гаргасан ч УИХ-аар дэмжигдээгүй. Хамгийн гол нь гэрээний асуудлыг ярьж эхлэв үү үгүй юу экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэгвэл цуцалчих л даа хэмээсэн нь олны эгдүүцлийг төрүүлсэн. Үүгээр зогсохгүй өөр сонсгол санаачилж, Харбины гэрээний сонсголыг хийлгэхгүй байх арга саам ч хайсан. Энэ үйл явдлуудтай зэрэгцэн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Харбины гэрээ бол хоёр улсын нууцын тамгатай, нууцаас гаргая гэвэл харилцан зөвшөөрөх ёстойг сануулсан билээ. 

Харбины гэрээний алдагдлыг 10 тэрбум ам.доллар гэж тооцоолж байгаа. Тэгвэл энэ хэр их мөнгө юм бэ?

10 тэрбум ам.доллар бол 36 орчим их наяд төгрөг. Манай улсын нэг жилийн төсөв. Бүр ойртуулж тайлбарлавал,

  • Монгол Улсын бүх иргэн 16 жил нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байх боломж. Манай улсын ажил хийдэг бүх иргэн жилд нийтдээ 2.3 их наяд орчим төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. 
  • Монгол Улсын бүх иргэн 14 жил ХХОАТ төлөхгүй байх боломж. Манай улс жилд дунджаар 2.6 их наяд орчим төгрөгийн ХХОАТ суутгадаг. 
  • Монгол Улсын бүх иргэн 6 жил НӨАТ төлөхгүй байх боломж. Манай улс жилд дунджаар 5.8 их наяд орчим төгрөгийн НӨАТ суутгадаг. 

Өөрөөр хэлбэл, 

  • Харбины гэрээний алдагдал гэх 10 тэрбум ам.доллараар улсаараа 16 жил НДШ төлөхгүй амьдарч болж байна. 
  • Харбины гэрээний алдагдал гэх 10 тэрбум ам.доллараар улсаараа 14 жил ХХОАТ төлөхгүй амьдарч болж байна. 
  • Харбины гэрээний алдагдал гэх 10 тэрбум ам.доллараар улсаараа 6 жил НӨАТ төлөхгүй амьдарч болж байна. Ийм л их мөнгө Харбины гэрээ гэх нэрэн дор урсан алга болж байж болзошгүй нөхцөл үүсчээ. 

Улс төрийн хүрээнд Харбины гэрээ гэгч харвал хальс болчихдог, үзвэл үнс болчихдог тийм л эмзэг зүйл болчихлоо. Чухам хэн гэдэг албан тушаалтан Хятадуудад зусардаж, нүүрсээ 50 ам.доллараар өгье гэсэн бол. Энэ гэрээний ард зөвхөн 10 тэрбум ам.доллар ч бус түүнээс том эрх ашиг байгаа юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна. 



 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe