С.Цэнгүүн: БЭТ хууль хариуцлага алдсан этгээдүүдийг хамгаалах далд халхавч болж болохгүй

Ц.Чимэдцэеэ
2026-06-05

УИХ-ын гишүүн С.Цэнгүүний санаачилснаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай буюу төрийн өмчит компанид Бүрэн эрхт төлөөлөгч(БЭТ) томилох хуулийг УИХ хүчингүй болголоо. Тус хуулийг 1991 онд баталсан байдаг.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хувийн өмчийг хамгаалах чиглэлд саад болж байсан хэмээн мэдэгдэж байсан юм.

Засгийн газар тус хуулийг үндэслэн "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Монголросцветмет" ТӨҮГ зэрэг стратегийн 4 уул уурхайн компани болон нэг төмөр замын компани, ДЦС-4-д онцгой дэглэм тогтоож байв.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоосны дараа ажлаас халагдсан 60 орчим ажилтны шүүхийн нэхэмжлэл ердийн хөдөлмөрийн эрх зүйн хамгаалалт үйлчлэхгүй гэх үндэслэлээр хаагдсан тохиолдлууд гарчээ.

С.Цэнгүүн гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд өмч эзэмших, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулсан байтал БЭТ хуулийн зохицуулалтууд эдгээрт харшилж байгааг онцолсон юм.

Хуулийг хүчингүй болгосноор хөрөнгө оруулалтыг нэн ихээр нэмэгдүүлэхгүй ч, хөрөнгө оруулалтад саад болох эрсдлийг бууруулж, хувийн өмчийг хамгаалах ач холбогдолтой. "Монголд хөрөнгө оруулбал Засгийн газар онцгой дэглэм тогтоогоод удирдаад явчихдаг" гэсэн таагүй дохио дэлхийн зах зээлд тархах нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх эрсдэлтэй байсан.

1991 оны хуулийг төвлөрсөн эдийн засгаас зах зээлд шилжих хямралын үед хүнсний болон шатахууны хомсдол, мөнгөний ханшийн огцом уналтыг давах зорилгоор батлагдсан.

Харин өнөөдөр Монгол Улсад компаниудын үйл ажиллагааг Компаний тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Аудитын тухай хууль зэрэг өргөн хүрээний хуулиудаар зохицуулдаг болсон тул тус хуулийг цаашид хэрэглэх эрх зүйн үндэслэл байхгүй болжээ.

Ийнхүү төрийн өмчит компаниудыг улс төрийн нөлөөнөөс чөлөөлж, ил тод, нээлттэй, мэргэжлийн засаглалтайгаар хөгжүүлэх шаардлагатай.

С.Цэнгүүн: БЭТ хууль хариуцлага алдсан этгээдүүдийг хамгаалах далд халхавч болж болохгүй.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe