Стресстэй байвал 15 минут ажлынхаа ойр орчмоор агаарлаарай

Д.Халиунаа
2026-06-04

Их хотын завгүй, ачаалалтай ажлын өдрүүдэд бид ихэвчлэн эргэн тойрон болон хотын өнгө төрхөө ажиглалгүй өнгөрдөг. Харин эрч хүчээ сэлбэж, эрүүл мэндээ анхаарахын тулд амралтын өдрүүдээрээ ууланд гарах, амралтын газарт очих гэх мэт зүйлсийг хийдэг. Энэ нь бидний байгальтай холбогдох холбоос юм. Мэдээж ингэснээр бид хэсэгхэн ч гэсэн стресс, ачааллаасаа тусгаарлагддаг. 

Яг энэ мэдрэмжийг бид үргэлж салхинд гарах эсвэл явган аялалд явахаас гадна өдөр тутмын амьдралынхаа явцад ч авах боломжтой байдаг байна. 

Байгальтай холбогдох зан байдлын алдарт судлаач Майлс Ричардсон үүнийг энгийнээр тайлбарласан байдаг. Тэрээр 2013 онд Английн Дербигийн их сургуульд судлаачаар ажиллаж байхдаа Байгальтай холбогдох байдлын судалгааны бүлгээ байгуулсан юм. 

Тэрээр байгальтай холбогдохыг зүгээр нэг ой мод, хүрхрээн дунд очоод гоё сайхныг нь бишрээд өнгөрөх бус өдөр тутмын амьдралдаа хот, дүүрэг, гудамж талбай хаана ч байгалийг анзаарах явдал юм гэж тайлбарлажээ. 

Түүний 2024 онд  “Nature Cities” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд заавал ууланд, модонд биш хөл хөдөлгөөнтэй хотод байсан ч өдөрт ердөө 15 минутыг гадаа өнгөрөөхөд хүний сэтгэл санаанд эерэг өөрчлөлт гардгийг тогтоожээ. 

Судалгааны үр дүнгээс харахад ямар нэг байдлаар байгальд байх нь сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутрал, стресс, уур хилэн, ядаргааг бууруулж, эрч хүч, эерэг сэтгэгдлийг  нэмэгдүүлдэг байна. Удаан хугацаагаар буюу 45 минут ба түүнээс дээш байх нь урт хугацааны эерэг өөрчлөлтүүдийг авчирдаг байна. Гэхдээ мэдээж ажлын өдрүүдэд бид ердөө 15 минут агаарлахад л сэтгэл санаа сэргэдэг аж. 

Судалгааны хамтрагч, Стэнфордын Их Сургуулийн Байгалийн Капитал Холбооны гүйцэтгэх захирал Анне Герригийн бас нэг дүгнэлтэд 19-25 насныхан өдөр тутамдаа илүү их стресс мэдэрдэг болохыг баталжээ. Тиймээс та өнөөдөр цайны цагаа тохиолдуулан ойр орчмын цэцэрлэгт хүрээлэн, эсвэл зүгээр л модтой хэсгийг анхааралтай ажиглан 15 минут л алхаарай. Бүр боломжгүй бол цонхоороо харахыг зөвлөлөө. 

Байгальтай холбогдох холбоотой сайжруулж, сэтгэлийн эрүүл мэндээ дэмжихэд туслах Майлс Ричардсоны өгсөн зөвлөгөө:

  • Мэдрэхүйгээрээ дамжуулан байгалийн холбоог мэдрэх (чимээг нь сонсох, үнэрийг нь мэдрэх, хүрэлцэх)
  • Байгалаас мэдэрсэн гурван таатай зүйлээ тэмдэглэх (шувууны жиргээ, цэцэгсийн үнэр, модод)
  • Байгаль ертөнцийн гоо үзэсгэлэнг үнэлэх  (зураг дарах, жижигхэн ч хамаагүй бүтээл урлах, сайхан үг урсгах )
  • Утга учрыг нь эргэцүүлэх (байгаль танд хэрхэн нөлөөлж байгаа талаар эргэцүүлэх, мэдрэмжээ нээх, шүлэг, эшлэл бичих)
  • Байгаль, эх дэлхийгээ хайрлах (мод тарих, амьтдад гэр сууц бэлдэж өгөх зэрэг сайн дурын ажил

Эх сурвалж: TIME/How to Get the Biggest Mental-Health Boost from 15 Minutes Outdoors

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe