Баярмагнайн БАЯРБААТАР гэж хэн бэ

.Graph
2024-03-20 68

Энэ бол Баярмагнайн Баярбаатар. Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооны дарга. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд төдийлөн танил бус тэрээр 1981 онд Улаанбаатар хотод төржээ. 1998 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 48-р дунд сургуулийг дүүргэж, 2003 онд Шихихутаг их сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшиж, 2013 онд “Шихихутаг” их сургуулийн Хууль зүйн ухааны магистр болсон.

Ийнхүү боловсрол эзэмшихийн хажуугаар 2003-2008 онд төрийн алба хашиж, 2008 оноос одоог хүртэл МАН-ын гол аппаратуудад тасралтгүй 16 жил ажиллаж байна. Улс төрийн хүрээнд Сү.Батболдын гарнаас хөтлөн орж ирсэн бол одоо ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хүн болжээ. Өмнө нь аливаа сонгуульд нэр дэвшиж байгаагүй ч 2024 оны сонгуульд МАН-ын жагсаалтын нэлээн дээгүүр бичигдэх төлөвтэй гэнэ. 

МАН-ын лидерүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог тэрээр ажлаа хийж чадахгүй байгаа нэг зүйл бий. Тодруулбал, 2021 онд МАН XXX их хурлаараа Үндсэн дүрэмдээ нэг чухал заалт оруулсан. 

Энэ нь МАН-аас улс төрийн болон төрийн өндөр албан тушаалд сонгогдон, томилогдон ажиллаж байх хугацаандаа авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, яллагдагчаар татагдсан тохиолдолд МАН-аас өөрийн хүсэлтээрээ 30 хоногийн дотор түдгэлзэх хүсэлтээ ирүүлдэг байхаар өөрчилсөн. Хүсэлтээ ирүүлээгүй тохиолдолд Хяналтын ерөнхий хороо хуралдаж намын гишүүнээс түдгэлзүүлнэ. Мөн авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон шүүхээр тогтоогдож, ял шийтгэл оноосон тохиолдол намын гишүүнээс хассан тооцох шийдвэрийг гаргахаар болсон юм. 

Энэхүү дүрэм мөрдөгдөж буй эсэхийг хянах үүрэгтэй гол хүн нь Б.Баярбаатар. Гэвч намын гишүүд нь улаан цайм дүрмээ зөрчөөд байхад нүдэн балай чихэн дүлий суудаг нь түүний араншин. Өөрөөр хэлбэл, энэ дүрэм батлагдсанаас хойш “нүүрсний” гэх хэргээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хорих ялаар шийтгэгдэж, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан авлига албан тушаалын хэрэгт холбогдон 40 сая төгрөгөөр торгуулав. 

Мөн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “ногоон автобусны” хэргээр яллагдагчаар татагдаж, өнөө маргаашгүй шүүх хурал нь болох гэж байна. Зөвхөн тэднээр зогсохгүй МАН-ын олон гишүүд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон ч Б.Баярбаатар гишүүнчлэлээс хасах нь битгий хэл, зүгээр өнгөрөөсөөр байна. 

Ийнхүү хөшигний цаана МАН-ын хамаг зүйлийг хийдэг ч намынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа Б.Баярбаатар хэмээх эрхмийг Graph.mn сайт #BioGraph буландаа онцоллоо. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe