Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 03 дугаар тогтоолоор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох хязгаарлалтыг хүчингүй болгосон талаар бид мэдээлсэн.
Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа тусгай саналаар илэрхийлжээ. Түүний саналыг гишүүн Д.Гангабаатар дэмжсэн байна.
О.Мөнхсайхан олонхын шийдвэрийг хүндэтгэж байгаа ч маргааныг хоёр алхмаар шалгах ёстой гэж үзжээ.
Нэгдүгээрт, маргаан бүхий заалт Цэцийн өмнөх шийдвэрээр хүчингүй болсон заалтыг дахин сэргээсэн эсэх, хоёрдугаарт, дахин сэргээсэн бол энэ нь Үндсэн хуулийг үнэхээр зөрчиж байгаа эсэх.
Эхний алхамд олонхтой санал нийлж байна. 2021 оны Шүүхийн тухай хуулийн "зөвхөн нэг удаа" гэсэн заалт нь 2016 оны 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон "нэг удаа" гэсэн заалттай агуулгын хувьд ижил тул дахин сэргээсэн гэж тооцогдоно.
Харин хоёр дахь алхамд дахин сэргээсэн гэдэг нь дангаараа хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Цэц тухайн заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг нэмж шалгах учиртай.
Учир нь Цэц зөвхөн Үндсэн хуульд захирагдаж, түүнийг зөрчсөн эсэхээр л маргааныг шийдэх ёстой. Заалт Үндсэн хуульд нийцсэн нь тогтоогдвол хүчингүй болгох ёсгүй гэжээ.
Үндсэн хуулийг зөрчөөгүй үндэслэл
Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үгчилсэн, түүхчилсэн, зорилгын болон системчилсэн гэсэн дөрвөн аргаар тайлбарлаж, "зөвхөн нэг удаа" гэсэн хязгаарлалт Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж дүгнэв.
Гол санаа нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд төвлөрнө. Ерөнхий шүүгч улиран томилогдох боломжтой бол дахин томилогдох хүслээ дагаж, өөрийг нь томилох эрх бүхий этгээдийн нөлөөнд автах эрсдэлтэй гэж үзжээ. Ерөнхий шүүгчийн бүрэн эрх дуусахад Дээд шүүхийн шүүгчээр үргэлжлүүлэн ажиллах тул хараат бус байдал нь алдагдахгүй, мөн 6 жил бол үр дүнтэй ажиллахад хангалттай хугацаа гэж тэмдэглэжээ.
Түүнчлэн Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үеийн тэмдэглэлд тулгуурлан, Дээд шүүхийн шүүгчийг хугацаагүй томилж, дотроосоо Ерөнхий шүүгчээ зөвхөн 6 жилээр ээлжлэн сонгох санааг хууль тогтоогч баримталж байсныг дурджээ.
Венецийн комисс болон ЕАБХАБ-ын Киевийн зөвлөмжид дээд шүүхийн ерөнхий шүүгчийг дахин томилогдох боломжгүйгээр тодорхой хугацаагаар томилохыг зөвлөсөн бөгөөд Солонгос, Нидерланд зэрэг улсад дээд шүүхийн ерөнхий шүүгчийг дахин томилдоггүй.
Ташрамд дурдахад, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх хуульд "Зөвлөлдөх тасалгаанд олонхитой санал нийлээгүй гишүүн саналаа тусгайлан бичгээр гаргаж, Цэцийн шийдвэрт хавсаргана" хэмээн заасан байдаг.
Сэтгэгдэл үлдээх