БНСУ-ын талтай сургалтын виз, улирлын чанартай ажилах хүчний эрх зүйн орчны сайжруулах талаар санал солилцжээ

.Graph
2026-05-27

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сөүл хотноо Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль зүйн сайд Жон Сон Хутай албан ёсны уулзалт хийлээ.Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх оролцов. Уулзалтаар хоёр улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, визийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх, визийн үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр талууд санал солилцлоо.

Мөн эрүүл мэндийн болон бүлгээр зорчих жуулчны визийн тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлэх, сургалтын визийн зохицуулалтыг боловсронгуй болгох, улирлын чанартай ажиллах хүчний эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг хэлэлцжээ. .

Түүнчлэн уулзалтын үеэр хууль бусаар оршин суух, визийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ижил чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог өргөжүүлэх талаар онцолсон юм. Хоёр улсын иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор Цагаачлалын байгууллага хооронд шууд харилцах “Immigration Dialogue” механизмыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр санал нэгдлээ. Үүнээс гадна хар тамхи, цахим залилан зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр талууд цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын иргэдийн зорчих урсгал жил ирэх тусам нэмэгдэж байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Солонгос Улсад 60 гаруй мянган Монгол Улсын иргэн оршин сууж, жилд дунджаар 160 мянга орчим иргэн тус улсад зорчиж байна.

2025 онд Монгол Улсын хилээр нэвтэрсэн нийт гадаадын иргэдийн 20 орчим хувийг БНСУ-ын иргэд эзэлсэн бөгөөд тус улсын иргэдийн 90.7 хувь нь визийн хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчсон байна.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-ын Хууль зүйн сайд Жон Сон Ху-тэй уулзаж, иргэд хооронд зорчиход үүсээд буй хүндрэл, бэрхшээлийг бодитоор тодорхойлж, шийдвэрлэх, гэмт хэргийн тоог бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй иргэдийн визний нөхцөлийг хөнгөвчлөх, хөдөлмөр болон оюутан зуучлалын үйл ажиллагаанд хяналт тавьж хариуцлагыг өндөржүүлж, шалгуурыг нарийвчлах талаар ярилцсанаа танилцуулжээ. 

Монгол Улсын Элчин сайдын яамнаас санаачлан хууль бусаар оршин суугаа иргэд болон монгол иргэдийн холбогдсон гэмт хэргийн тоог бууруулах зорилгоор “ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” аяныг үргэлжлүүлэн Солонгосын талтай хамтран ажиллахаар болсон. Сүүлийн үед цахим сүлжээн дэх хууран мэхлэлт, сугалаа, залилан зэрэг гэмт хэргийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, нотариатын үйлчилгээг энэ оны есдүгээр сараас цахимжуулснаар хилийн чанадад оршин суугаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах боломжтой гэлээ. Эцэг, эхийн хараа хяналт сул оюутан залуус эрсдэлт орох, хууль зөрчих, хохирох тохиолдол цөөнгүй гарч байгаад анхаарах, урьдчилан сэргийлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байгааг иргэд хэлж байлаа.  

Мөн төрийн цахим үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, суугаа орны байгууллагуудтай хамтран ажиллах, хилийн чанадад оршин суугаа иргэд ипотекийн зээлд хамрагдах, эх орондоо буцан суурьших нөхцөлийг дэмжих, нутагтаа эрүүл амьдрах нөхцөл бүрдүүлэх, цахим болон орон сууцны залилангийн эсрэг дорвитой арга хэмжээ авах, гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагын чадавх, санхүүжилтийг нэмэгдүүлэх, сэтгэл зүй, эрүүл мэнд болон санхүүгийн дарамтад орсон иргэдийг түр байраар хангах санхүүжилтийг шийдэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe