ЕБС-иудын зуны туршид спорт заалыг хүүхдүүдэд нээж өгнө

.Graph
2026-05-27

Монгол Улс 1.311.769 хүүхэдтэй. Энэ нь нийт хүн амын 36,2 хувийг эзэлж байна. 

  Төрөлт буурч, эх хүүхдийн эндэгдэл өссөн, цахим дарамт, хүчирхийлэл, зам тээврийн ослоор хүүхэд хохирох тохиолдол нэмэгдэж буйг Ерөнхий сайд анхааруулав. Хүүхдэд ээлтэй орчин, хөгжлийн орон зай дутмаг байгааг онцолж, Улаанбаатар хотод “Хүүхдийн ордон-2” байгуулахаа зарлалаа. Сүхбаатарын талбайн баруун тал, Улаанбаатар хотын захиргааны байрыг “Хүүхэд хөгжлийн ордон” болгож, “Хүүхдийн төлөө” сангийн долоон тэрбум төгрөгөөр засварлана. Монголын “Хүүхдийн ордон-2”-ын өдөр тутмын үйл ажиллагааг  Монголын Хүүхдийн ордны захиргаа хариуцна. Энэхүү ордонд шинжлэх ухаан, гадаад хэл, урлаг, соёл, технологи, инновацын  бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, мэдлэг, чадварт суралцаж, дэлхийн Монгол хүнийг бэлтгэх орон зайг нээнэ.

Үндэсний компаниуд, баялаг бүтээгчдээ нийгмийн хариуцлагынхаа дагуу сайн үйлс өрнүүлж, ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРДОНД сургалтын өрөө танхим тохижуулж, өөрсдийн нэрэмжит болгож, хүүхдийн сурах орчныг бүрдүүлэхэд оролцохыг Ерөнхий сайд урилаа. 

Зуны цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спорт заалуудыг хүүхдүүдэд чөлөөлж өгөх, мөн цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зохион байгуулахаар боллоо. Хүүхдийн “Хараацай” зусланг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Хосууд хүүхэд төрүүлэх хүсэл сонирхол буурч байгаа нэг том шалтгаан нь хүүхэд өсөж хөгжих орчин нөхцөл муу байгаагаас болж байна. Сүүлийн жилүүдэд төрөлт буурч, эх, хүүхдийн эндэгдэл өсөж байна. 2025 онд 53,716 эх амаржсан нь өмнөх оныхоос 3,600-аар цөөн байна. Өсвөр насны охидын төрөлт Номхон далайн бүсийн дунджаас 12.5 хувиар өндөр байна. 

Эрт илрүүлгээр монгол хүүхдүүдийн дийлэнх нь шүдний өвчлөл, харааны өөрчлөлттэй, жингийн илүүдэл, хөдөлгөөний дутагдал нэмэгдсээр байна. Хүүхдийн эрх цахим орчинд зөрчигдөж, дарамт, гадуурхал, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж хохирч байна. Охидын жирэмслэлт, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэвчишгүй хөдөлмөр өсөж, нэг жилд 50 гаруй хүүхэд зам, тээврийн ослоор амиа алдаж байна. Тус хуралдаанаар үндэсний зөвлөлийн 2025, 2026 онд баталсан шийдвэр, ажлын үр дүнг дүгнэн хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн эрх, хамгааллын ажлын өнөөгийн байдлыг хэлэлцлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe