
Монгол Улсаас төрөн гарсан стратегийн шинэ бүтээл болох “Strategy Is Attitude: The Missing Half of Strategy” ном дэлхийн хамгийн том цахим худалдааны "Амазон" платформд худалдаанд гарсныхаа дараахан 4 ангилалд борлуулалтаараа тэргүүлж(bestseller), дэлхийн уншигчдын анхаарлыг татаж эхэллээ.
Номыг “Мандал Санхүүгийн Нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Ө. Ганзориг бичжээ.
Номын танилцуулгаас харахад стратеги судлалын салбарт цоо шинэ онол дэвшүүлснээрээ онцлогтой аж. Зохиолч “Сүүлийн 50 гаруй жил гарсан стратегийн бүх онолыг судалж үзсэн бөгөөд, дутуу талыг олж харж нөхсөн” гэжээ.
“Strategy Is Attitude” ном нь Монголчуудын түүхэн сэтгэлгээ, Чингис Хааны стратеги, орчин үеийн бизнесийн шийдвэр гаргалт, сэтгэлзүйн ойлголтуудыг нэгтгэн харуулсан бүтээл.
Зохиолчийн үзэж байгаагаар хүн бүрд стратегич чанар байдаг бөгөөд, үүнийг харин орчин үеийн боловсролын систем нухчин дардаг аж. Энэ номыг уншсанаар хүн бүр өөрийн стратегич чанарыг сэрээж, ажил-амьдралдаа амжилт олох боломжтой гэнэ. Мөн “Монголчууд бол Стратегич үндэстэн байсан юм” гэж ярилцлагадаа дурдсан байна.
Ө.Ганзориг захирал санхүүч, арилжааны мэргэжилтэй бөгөөд 27 настайдаа Тэнгэр Даатгалын гүйцэтгэх захирал болсноор стратегийн ухааныг практикт хэрэгжүүлж эхэлсэн байна.
33 настайдаа Голомт Банкны ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал болж банкны салбарт менежментийн томоохон өөрчлөлт хийсэн нь тухайн үедээ анхаарал татаж байв. Энэхүү ном нь түүний зургаа дахь бүтээл бөгөөд өмнө нь Монголд бестселлер болсон бүтээлүүд нь “Санхүүгийн Философи”, “Менежментийн Психологи”, “Мөнгөний Менежмент” зэрэг болно.
Ө.Ганзориг нь мөн боловсрол, тэтгэврийн тогтолцоо, санхүүгийн зах зээл болон менежментийн чиглэлд шинэчлэлийг дэмжих зорилготой Боловсролын Реформ Хөдөлгөөн, Тэтгэврийн Реформ Хөдөлгөөн, Санхүүгийн Зах Зээлийн Холбоо, Менежментийн Форум зэрэг төрийн бус байгууллагуудыг санаачлан, үүсгэн байгуулж, тогтвортой үйл ажиллагааг хангасаар ирсэн. Бизнес, олон нийтийн ажил, эрдэм шинжилгээг хослуулан ажилладаг шинэ үеийн бизнесмэнүүдийн төлөөлөл билээ.
![]() |
Амазон дээр жилд 3 сая гаруй ном гардаг бөгөөд үүнээс Монгол хүний бичсэн ном 4 ангилалд тэргүүлнэ гэдэг нь чамлахааргүй амжилт юм. Номын зохиолчийнхоо цаашдын ажилд амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх