Хаачив

Б.Энхтулга
2026-04-30

Саяхан даа Ерөнхийлөгчийн тамгын газраас Ерөнхий сайдын ширээнд заларч МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлал хамгийн өндөр хүнээр нэрлэгдэж байсан Г.Занданшатар хаачив...

290 хоног Засгийн газрыг тэргүүлж 1992 оноос хойш хоёр дахь хамгийн богино хугацаанд Ерөнхий сайд хийсэн хүнээр нэрлэгдсэнээс хойш тэрээр үнэхээр таг чиг алга болчхов. Ардчилсан намынхан Н.Учралыг намын даргаасаа татгалз эсвэл УИХ-ын даргаасаа татгалз хэмээн Л.Оюун-Эрдэнэтэй зэрэг улс төр хийж буланд шахсанаар Г.Занданшатар гарцаагүй улс төрийн хайчинд орж ажлаа хүлээлгэж өгсөн. Ингээд Ардчилсан намын хүссэнээр бүх юм байрандаа орж Н.Учрал Ерөнхий сайдын суудлаа Г.Занданшатар ахаасаа аван Н.Учралын УИХ-ын даргын суудлыг С.Бямбацогт дүүргэв. Уг нь МАН анх Н.Учралыг намын дарга болгох үедээ дотроо Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл ажиллуулахаар тохирсон. Н.Учрал УИХ-ын дарга хийж хоёул хоёр талд төрийн мөнгөөр улс төрийн пи араа хийчихнэ гэж тооцсон байх. Хэрвээ тэд бүрэн байсан бол байж болох хамгийн сайн хувилбар. Гэвч хэсэг нөхдөө байрнаасаа хүртэл хөөж гаргаад сүүлдээ УИХ-ын гишүүн биш ялтан болгоно гэж дайрсныхаа жижигхэн горыг амссан нь дээрх улс төр байлаа. Тэр улс төрөөс нь ганц хохироод үлдсэн хүн нь Г.Занданшатар байв.

Хотын дарга болон эргэн ирэх үү?

Сүүлийн өдрүүдэд МАН-ын хоёр хуваагдал Засгийн газар, УИХ-аас буугаад Нийслэл рүү чиглэж байгаа. Үлдсэн ганцыгаа хэн нь яаж тастаж авах вэ гэдгийг л шийдэх гээд ухнатаад байгаа нь тэр. Ер нь бол саяын НИТХ дээр болсон улс төрөөс харах юм бол Х.Нямбаатар, Н.Учрал хоёр, хоёр даргаа хуваагаад авчхаж байх шиг. Тэгсэн одоо Хотын даргаа хэрхэх тухай хүчтэй яригдаад эхэллээ. Өнөөдөр өглөө огцорсон гэгдээд байгаа А.Баяр мэдээлэл хийх үеэрээ Х.Нямбаатарыг огцруулах хэрэгтэй гэж нэлээд өндөр дуугаар ярив. Араас нь Ардчилсан нам 4/11 мэдээллийн цагаараа хэзээний томчуудыг огцруулаад сурчихсан Ч.Лодойсамбуу гишүүнээ урдаа барьж байгаад Х.Нямбаатарын “Туулын хурдны зам” төслийн хууль бус гэрээг харуулан Х.Нямбаатарыг огцрохыг шаардлаа. МАН дотор болж байгаа цустай улс төрд Ардчилсан нам үе үе орж ирэн гараа цустдаг. Түүний адилаар Х.Нямбаатарыг огцруулах ажиллагаанд нь хүч нэмээд байгаа ч юм шиг. Нөгөө талаас үнэхээр Х.Нямбаатар хоёр дахь Л.Оюун-Эрдэнэ болчихсон гэдэг нь олон нийтийн эсэргүүцлээс харагдаад байдаг. Тийм учраас олны дурыг хангаж, сөрөг хүчний ажлаа хийж байгаа юм шиг ч дүр. Гэхдээ л цаана нь үргэлж нэг учир, шалтгаан байдаг даа. Улс төрийн нам хэзээ ч хоосон хөдлөхгүй.

 Г.Занданшатарыг ямар нэг юмны даргаар ирэх тухай Ерөнхий сайдын ажлаа өгсний маргаашаас эхлээд л жиг жуг яриа гарсан. Таамгаар хотын улс төрөөс хамаарч, Х.Нямбаатар огцрох үгүйгээс хамаарч хотын даргын дүрээр эргэн ирж магадгүй ч юм шиг. Яагаад болохгүй гэж. Хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших хэвээрээ байгаа л бол хүний өмнө ил гарч хамгийн их попордог албан тушаал түүнд хэрэгтэй. Гэхдээ тийм доогуур албан тушаал бас биш. Одоогийн Г.Занданшатарын нөхцөл байдалд бол очиж болох хамгийн өндөр албан тушаал.  

МАН-аас гэхдээ яг Г.Занданшатар дэвших үгүй нь бас тодорхойгүй. Тэд одоогоор өөрсдийн сууриа л бэлдэж байгаа. Жижиг намуудад санал хуваах хүмүүс хуваарилах, хооронд нь талцуулах, нэр дэвшигчдийг нь ялтан болгох гэх мэт. Бид л Г.Занданшатар гэж таамаглаж албан бусаар дэвшүүлээд байгаа болохоос биш нэр дэвшигчээ гэрэлд цохиулалгүй хадгалж байгаа ч юм билүү. Гэхдээ Ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг 21 аймаг, 9 дүүрэгт хэн ч андахгүй байхаар бүтээх нь чухал. Өнөөдрийн улс төрийн түвшинд тийм хүн нэрлэ гэвэл одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, экс Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр л байна. Бусад нь өөр өөрсдийн тойрогтоо л олны танил. Түүнээс тойргоосоо гараад хэн ч биш. Нэг жилийн хугацаа үлдсэн энэ үед одоо л таниулах ажиллагаагаа эхлэхгүй бол хугацаа харвасан сум шиг бас харц ард бид хүлээж авах уу гээд асуудал олон. Хэдэн үеэр нь улс төрийн пи ар хийсэн хүмүүс тэгээд үүнийгээ мань мэтээр хэлүүлнэ ч гэж юу байх вэ дээ. Төлөвлөсөн, тааруулсан сум бий л байлгүй. Г.Занданшатарыгаа нэг өрөгтөө хадгалж л байгаа биз ээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe