Н.Учралаар удирдуулах Засгийн газар өнөөдөр анхны хурлаа хийлээ. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой ээлжит бусаас хуралдсан ч олон нийтэд тодорхой мэдээлэл өгсөнгүй. Олигтой шийдэл байхгүй болохоор тэр. Угаасаа шатахууны үнэ ойрхи дорнодын нөхцөл байдалтай холбоотой нэмэгдэнэ. Нэмэгдэх нэмэгдэхдээ дизель түлш 10 мянган төгрөгт хүрнэ гэдгийг салбарынхан нь хэлээд байгаа. Түлшний үнэ нэмэгдсэнээр бүх зүйлийн үнэ нэмэгдэж юу болдог вэ гэдгийг бүгд мэднэ. Бидэнд нөөц бага дээрээс нь үнэ огцом нэмэгдэж байна гээд гарч ирээд ярих зоригтой сайд байхгүй. Байдал улам хэцүүднэ гэдгийг л бид өөрсдөө урьдчилан тооцоолж бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Ийм хэцүү нөхцөл байдалд хүртэл тулж ирчхээд байхад тэд улс төржиж, эрх мэдлийн төлөө тэмцэлдсээр байсан гэдгийг та бүхэн битгий мартаасай гэдэг үүднээс эхлэл хэсэгтээ үүнийг дурдлаа.
Гол зүйлдээ оръё. МАН-ын дотоод хагарлыг ашиглаж Ардчилсан намын хийсэн улс төр байгаа онож Г.Занданшатарын Засгийн газар унасан. Учир нь Н.Учралыг тэд гарцаагүй байдалд хийсэн юм. Намын дарга нь УИХ-ын дарга байж болохгүй гэх шахалтыг Ардчилсан намынхан үзүүлж Н.Учралыг эсвэл намын даргаасаа татгалз эсвэл УИХ-ын даргын ажлаа хүлээлгэн өг гэж шаардсан. Н.Учрал намын даргаа юу гэж өгөх вэ дээ. Тийм учраас УИХ-ын даргын ажлаа өгөөд ах Г.Занданшатарынхаа суудлыг булааж Ерөнхий сайд болсон. Хэрвээ МАН эв нэгдэлтэй байсан бол Ардчилсан намын энэ шахалтыг чихнийхээ хажуугаар өнгөрөөх боломжтой байлаа. Гэвч ганц сар хүрэхгүй хугацааны өмнөх дотоод зөрчлөөс шархдаж үлдсэн хүмүүс үүнийг л хүлээж байсан мэт. Эрх мэдлийн төлөөх тэмцэл нь эргээд өөрсдийнх нь хүзүүг ороов. Л.Оюун-Эрдэнэ өөрийн талд гэсэн гишүүдээ багцалж аваад Ардчилсан намын шаардлага зүйтэй хэмээн хоолой хоршуулах нь тэр. Уг нь бол МАН-ын төлөвлөгөө 2027 он хүртэл Засгийн эрхийг Г.Занданшатарт атгуулаад ажил урагшлуулж байгаа дүрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн пи араа хийж авах. Харин Н.Учрал УИХ-ын даргаа хийж байгаад намаа удирдаж 2028 оны сонгуульд оролцоод Ерөнхий сайдаар ажиллах байв. Гэвч Ардчилсан нам улсын мөнгөөр өрсөлдөгч бэлдэхийг хүссэнгүй Н.Учралаар дамжуулан Г.Занданшатарын Засгийн газрыг унагах тоглолт хийж санасандаа хүрсэн. Ардчилсан намд ч ашигтай, Л.Оюун-Эрдэнийн фракцад ч ашигтай. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хууль, УИХ-ын дарга нь намын дарга байж болохгүй гэх шахалтуудыг үзүүлж байгаад дараагийн засагт өөрсдийн хүмүүсээ багтаагаад амжсан.
Саяхан даа Г.Занданшатарыг Ерөнхий сайд болоод удаагүй байх үед нэг бичвэртээ дурдаж байсан юм. Улс төрөө даагаад олигтойхон явж чадахгүй бол түүнийг орлох хүмүүс хоёрдугаар эгнээнээс урагшаа алхана гээд. Яг л тийм зүйл болчихлоо. Шалдан Ерөнхий сайд ямар хүчгүй байдаг вэ гэдгийг энэ жишээ тод харуулж байгаа юм. Гишүүн ч биш, намын дарга ч биш мань эр Ерөнхийлөгчид хүртэл яригдаж явсан ч улс төрөө даасангүй эргээд гудамд гарлаа. Харин түүнийг орлох хүн өөрийнх нь засагт хэрэг эрхлэх газрын даргаар нь ажиллаж байсан С.Бямбацогт байв. Хоёрдугаар эгнээний тэргүүн сонголт нь тэр байж. Г.Занданшатарыг сэлгэн том улс төрд орж ирлээ. Том улс төр гэдэг нь дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвших боломжит хүнээр гэсэн үг. Өөрөө бол би Ерөнхийлөгчид нэр дэвших бодолгүй, дэвшихгүй гэсэн. Гэхдээ улс төрчдийн үг байтугай төрийн сүлдэндээ өргөсөн тангараг нь хүртэл худал байдаг гэдгийг бид хэдий нь мэднэ. Улс төрд идэвхтэй олны нүдэнд байдаг хүн л Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй бол орон нутагт алуулна. Үүний жишээ нь датакомын Д.Энхбатын үр дүн харуулдаг. 2021 онд орон нутагт У.Хүрэлсүхээс хэд дахин бага санал авсан. Харин хотын дүүргүүд болон гадаад дахь монголчуудаас чамгүй өндөр санал авсан байдаг. Тийм учраас МАН битүү морь гаргаж ирнэ гэж байхгүй. Ерөнхий сайдын суудлаас нэг хүнээ зүтгүүлэх гэсэн тэдний эхний төлөвлөгөө болсонгүй, УИХ-ын даргын суудлаас сэлгээний хүнээ зүтгүүлэх санаатай байж мэднэ.
Үүнийг нь Л.Оюун-Эрдэнэ баталж буй мэт сонгогдсон өдөр нь УИХ-ын даргын суудлаас Ерөнхийлөгчийн сонгуульд бэлддэг байж болохгүй гэж ярьж байв. Зүгээр ч нэг хэлээгүй л байх. Ерөнхий сайдаар олон жил ажиллаж өөрийгөө том улс төрч гэж бодож явдаг хүн үг бүр нь өнцөгтэй байх тухай боддог биз.
С.Бямбацогт?
Яагаад гэвэл С.Бямбацогт Ерөнхийлөгчийн талын хүн. Хоёр хуваагдсан МАН-ыг 30 болон 38 бүлгийнхэн гэж ангилаад байх шиг. Гэхдээ миний бодлоор Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын тал 30 хүрэх дээр эргэлзсээр байгаа. Ямартай ч тодорхой хэмжээнд нөлөөлөхүйц байгаа нь бол үнэн. Албаар биш байж болох ч сөрөг хүчинтэйгээ нийлчихээр яах аргагүй толгойны өвчин болж байгаа. С.Бямбацогт бол 38-ын тал. Ерөнхийлөгчийн удирдлагад байдаг 38 гэсэн үг л дээ. Өнөөдрийн эрх баригч нам бүлгийн даргаасаа эхлээд Ерөнхий сайд, УИХ-ын дарга хүртлээ Ерөнхийлөгчийн эргэн тойрныхон, өлгийдөж авсан хүмүүс. Намын аппарат нь ч тэр чигтээ. Зүс нь л өөр хүмүүс байгаа болохоос биш бүгд л ардаа нэг нүүртэй. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүн байсан Г.Занданшатарыгаа хөсөр хаяж байгаа бол С.Бямбацогт дараагийн Ерөнхийлөгчид өрсөлдөх хүн нь мөн байх. МАН-ын аврал бас У.Хүрэлсүхийн хүслийг гүйцээх хүн.
Өөрөөр яаж ашиглаж болох вэ?
Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгох тал дээр хүмүүсээ хөдөлгөж болох юм. Энэ тал дээр зөв, буруугийн тухай мэтгэлцдэг ч зөв талдаа илүү жин дардаг. Тийм ч учраас ирэх намар Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгох тухай хуулийн өөрчлөлт хийж магадгүй. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдож мөрийн хөтөлбөр оруулж ирэхээр Засгийн газартайгаа алалцаж тогтворгүй байдал үүсгэдэг нэг муу тал байх нь байдаг. Үүн дээр дөрөөлөөд шинэ үсрэлт хийхээр төлөвлөж, төлөвлөгөөнд нь зурагдсан хүмүүс тэд байж болох юм. Одоо л ийм өөрчлөлт хийж авахгүй бол 2028 оны сонгуулийн дараа байдал хэцүүхэн болж мэднэ. Байнга олонх байх биш. Гэхдээ энэ бүхнийг Ардчилсан нам яаж харж суух юм бол доо. Салхи Ардчилал руу эргээд л байгаа гэж...
Сэтгэгдэл үлдээх