Манай редакц орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой асуудлыг цувралаар хөндөн холбогдох хууль, дүрэм журмуудад өөрчлөлт оруулахаар зорьж байгаа билээ.
Энэ удаа бид залуу хосын түүхийг онцолж байна.
Монголын мянга мянган залуу гэр бүлийн төлөөлөл болсон өрхийн тэргүүн Б.Отгонзаяа "Бид ярилцдаг тулдаа хамт байгаа. Энэ асуудал болсноос хойш 2-3 ч хос салсан байсан" хэмээж байлаа.
Б.Отгонзаяа, М.Тэмүүлэл нар хоёр хүүхдийн ээж аав. Тэд 2019 онд танилцаж, 2021 онд анхны хүүхдээ тээхтэйгээ зэрэгцэн өөрийн орон байртай болж, өрх тусгаарлахын тулд хамтдаа хичээж, “Авес гранд” ХХК-ийн захирал Л.Чадраабалаар батлуулан тус компанийн Борлуулалтын менежер Ч.Эрдэнэцэцэгтэй “Орон сууц захиалах гэрээ” байгуулсан.
Гэрээнд 52.91 мкв орон сууцыг 2022 онд ашиглалтад оруулахаар тохиролцжээ. Б.Отгонзаяа, М.Тэмүүлэл нар гэрээнд зааснаар төлбөрөө тогтмол төлж байсан ч байрандаа орж чадаагүй байна.
Улмаар хосууд 2025 оны тавдугаар сард шүүхэд хандаж, 2025 оны 8 сард шүүхийн шийдвэр гарч, тэр хүртэл хугацаанд төлсөн 71.351.700 төгрөгийг “Авес гранд” ХХК-аас гаргуулахаар болжээ.
Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл уг шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна.
Хосууд цаг хугацаа, эдийн засгийн хувьд хохирсны дээр мөнгөө буцааж авсан байлаа ч инфляцын улмаас тухайн үед төлсөн мөнгөөр шинэ орон сууц авахад ч хүндрэлтэй болсон талаараа хуваалцлаа.
Сэтгэгдэл үлдээх