Ираны эсрэг АНУ, Израилын эхлүүлсэн мөргөлдөөн бариад авчих шийдэлд хүрэлгүй бараг зургаа дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Мөргөлдөөний үеэр гарсан хамгийн ноцтой агаад хамгийн чухал үйл явдлын нэг бол дэлхийн газрын тосны 20 хувийг дамжин өнгөрүүлдэг Ормузын хоолойн хаалт байсан юм. Тус хоолой хаагдсанаар дэлхийн газрын тосны бүтээгдэхүүний салбарт хүнд цохилт ирж, тэр дундаа Азийн орнууд бүсээ чангалах зайлшгүй шаардлагатай боллоо.
Нэн ялангуяа дотооддоо бүтээн байгуулалтгүй, импортын бүрэн хамааралтай, газрын тосныхоо ихэнх хувийг Персийн булангаас авдаг хэдхэн өдрийн шатахууны нөөцтэй Зүүн өмнөд Азийн орнууд сууж байх газаргүй болж байна.
Азийн орнууд хэдэн өдрийн шатахууны нөөцтэй вэ?
Хамгийн их нөөцтэй Япон улсын хувьд газрын тосныхоо 90 орчим хувийг Персийн булангаас авдаг бөгөөд дэлхийн хамгийн том газрын тос импортлогчдын нэг юм. Ормузын хоолойн хаалт Япончуудыг багагүй сандаргасан бөгөөд өмнөх сартай харьцуулахад шатахууных нь үнэ 10-15 хувь өсжээ.
Одоогоор тус улс 254 өдрийн нөөцтэй бөгөөд өнгөрсөн долоо хоногт шатахууны үнэ тогтворжуулах үүднээс тус нөөцөөсөө 45 өдрийн хэрэглээг хангах 80 сая баррель газрын тос гаргаж эхэлсэн.
Энэ мэтчилэн хямралын эсрэг тэд олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үнийг тогтворжуулах, эрчим хүчний хэмнэлт хийх, мөнгөний бодлогоо сайжруулах зэрэг арга хэмжээ авахаас гадна урт хугацаандаа нэг бүсээс импортын хамаарлаа бууруулахын тулд шинэ импортын эх үүсвэр хайх зэрэг дорвитой арга хэмжээ авч чадаж байна.
Харин бага буюу 15-45 хоногийн нөөцтэй орнууд болох Филиппин, Пакистан зэрэг улс түлш хэмнэх зорилгоор ажлын дөрвөн өдрийг нэвтрүүлсэн бол Мьянмар, Бангладеш улс шатахууны хатуу хязгаарлалт тогтоож, өөр импортын эх үүсвэртэй болохоор эрэлхийлж байна. Харин БНСУ шатахууны хэрэглээг бууруулах үндэсний аян өрнүүлж, улс орон даяар автомашины хэрэглээг бууруулахыг уриалж байна.
UNCTAD, IMF зэрэг олон улсын томоохон судалгаанд энэ байдал ихдээ гурван сар үргэлжлэхэд өндөр эрсдэлд байгаа Азийн орнууд эдийн засгийн хямралд өртөж, инфляц нэмэгдэж, улмаар нийгмийн тогтворгүй байдалд хүрэх эрсдэлтэй гэж дүгнэжээ.
Тэгвэл Монгол Улс ямар арга хэмжээ авч байна вэ?
Дээрх графикт дурдсанчлан манай улс эрсдэл өндөртэй Азийн орнуудын адил 30-45 хоногийн шатахууны нөөцтэй. Гэсэн хэдий ч харамсалтай нь одоогоор ямар ч арга хэмжээ авч эхлээгүй байна. Өчигдөр арай гэж шатахууны импортын таван хувийн татварыг тэглэх хуулийн төслийг хэлэлцлээ.
Шатахууны хувьд ОХУ-аас бүрэн хараат манай улс гадна орчнын тогтворгүй байдлыг эс харгалзан улс төржилт, талцал хуваагдал дунд өдөр хоногоо өнгөрөөж байна.
Энэ асуудал дээр тайван суух болсон шалтгаан нь Монгол Улс ОХУ-тай Газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2024 оны есдүгээр сард байгуулсанд байгаа юм. Тус хэлэлцээрийн гол зорилго манай улсын газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах, нийлүүлэлтийг найдвартай, тасралтгүй болгоход оршиж буй аж.
Гэхдээ 92 төрлөөс бусад шатахууны үнэ хэдийн нэмэгдэж эхэлсэн. Өчигдөр гэхэд үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК билетийн үнээ 10 хувиар нэмэгдүүлж, онгоцны түлш 45 хувийн өсөлт үзүүлсэн гэдгийг даруухан мэдэгдсэн.
Энэхүү хямрал, тогтворгүй байдалд улс орнууд шатахууны хэрэглээгээ хагас жил хүртэлх хугацаагаар тооцож, иргэдэд ирэх дарамтыг бууруулахаар бодлогын шийдлээ уралдуулж байна. Харин бид 30 хоногоос цааш хэрхэхийг салбарын яамны мэргэжилтнүүдээс өөр ярих хүн алга.
Бусад улс орнууд нэг улс, нэг бүсээс импортын хамааралт байдлаа бууруулахаар ажиллаж байхад манайхан ганц гэрээндээ “цадаад” сууж байгаа нь харамсалтай.
Сэтгэгдэл үлдээх