Сугарсүрэнгийн УДВАЛ

.
2024-03-11 302

Өөрөө өөрийгөө аварсан С.Удвалын түүх

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Graph.mn сайт сошиалд зөрчигдөж буй эмэгтэйчүүдийн эрх, тэр дундаа эмэгтэйчүүдэд ирж буй Social Bully-г хөндөж байна. С.Удвал нь 25 настай, нягтлан бодогч мэргэжилтэй. Одоогоор фитнесийн спортын тамирчин, трейнер хийдэг. 

Макс гээд найз минь над руу холбогдож байсан. Nas-тай цуг агаарт гарч бэлтгэл хийж, no gym гэдэг юмыг сурталчлах хэрэгтэй байна аа. Монголын ийм гоё цэнгэг агаарт, гол усын дэргэд ч юм уу full energy-тэй, full хүчилтөрөгчтэй ийм гоё контентыг хэдүүлээ гаргах хэрэгтэй байна гэж хэлсэн. Максын хувьд таньдаг фитнесчин нь би байсан. Тийм учраас би Nas гэдэг хүнтэй уулзаж үзэх хүсэлтэй байсан учраас зөвшөөрсөн. Яагаад уулзаж үзэхийг хүссэн бэ гэвэл би бас жаахан бичлэг мичлэг хийдэг шүү дээ. Ер нь content creator гэж хэлж болно. Тэр хүнээс суралцахыг маш их хүсдэг байсан. Байнга бичлэгийг нь, бид нар бүгдээрээ бараг үздэг шүү дээ. Таван минутын хугацаанд тэр хүн яг ойлгомжтойгоор хэн ч ойлгохоор ярьж өгдөг. Ер нь ямархуу байдлаар бичлэг нь бүтэж байна, ямар багтай явдаг юм байна, өөрөө яг яаж бэлтгэдэг юм байна, тэр болгоныг нь харахыг хүссэн. 

Бид нар өглөө үүрээр 05.00 цагт цуглаад 07.00 цаг гэхэд айлын гэрийн гадаа очсон. Гэрийн гадаа очоод бид нар дайлж цайлуулаад тэгээд дасгалаа хийсэн. Нэг цагийн л үйл явц болсон. Ерөнхийдөө нэг таван минутын бичлэг л хийж, таван минутын бичлэг гаргахын тулд тэрхүү нэг цагийн хугацаанд бид нар хамтдаа бэлтгэл хийгээд бичлэгээ хийгээд тэгээд буцаад хот руу орж ирсэн. Хот руу орж ирж байх хугацаандаа би нөгөө постоо хийчихсэн байхгүй юу. Тэгээд л постоо хийгээд хоёр цагийн дараа ороод харсан чинь сайтуудаар явчихсан, найз нөхөд юу байдаг юм бүх хүмүүс янз бүрээр над руу биччихсэн, тэгээд л комментууд нь бүр үнэхээр уншихаас аймар юмнууд байсан. Тэгээд л орой 20.00 цагийн үед залруулга оруулж байсан. 

Сошиал буллид өртсөн эхний нэг сар бол ерөөсөө гэрээсээ гараагүй. Өглөө ч ерөөсөө босохгүй. 9, 10 цагийн үед сэрнэ. Тэгээд л утсаа ухна. Надад ямар коммент ирсэн байна, ямар чат ирсэн байна, хэнээс юу гэсэн байна гээд нөгөө муухай комментуудаа уншаад л сэтгэлээр унаад л. Манайх чинь дэлгүүртэй байхгүй юу. Ээж, аавдаа гоё гоё юм захиад л чипс, ундаа, шоколад, зайрмаг гээд ерөөсөө чихрийн хамааралтай болчихсон. Сэтгэлээр унахаар амттан иддэг хүсэлтэй байхгүй юу. Сэргээнэ гэж бодоод идээд л байдаг байсан. Унтаад сэрээд л, идээд л, кино үзээд л, уйлаад л нэг тиймэрхүү байдалтай. Орой бүр 1-2 цагийн үед унтана. Ер нь бол нойргүйдэлтэй болчихсон. Тэгээд жин дээрээ гараад зогсоход 62 кг-аас 71 кг болсон байдаг юм, нэг сарын хугацаанд. Одоо ч гэсэн жингээ хасах гээд аймар хичээж байгаа. 

Би тэр комментуудыг уншаад хямарч байсан. Гэхдээ бичсэн хүн болгон руу орж харж байсан. Таньдаг хүмүүс ч гэсэн тэр үед намайг bully-дэж байсан. Тэр хүмүүсийг ерөөсөө мартдаггүй. Магтаж байсан, сэтгэлээр дэмжиж байсан бүх хүмүүсийг мартдаггүй. Хэцүү үед хань болж байсан эсвэл намайг хаяж байсан хүмүүсийн сэтгэгдэл, надад гаргаж байсан хандлагуудыг ерөөсөө мартдаггүй юм байна лээ. 

За тэгээд сарын хугацаанд маш их зүйлийг ухаарсан. Энэ бүх зүйлд би л өөрөө цэг тавих юм байна. Би өөрөө хямраад байвал хямраад л байх юм байна. Ингээд байгаад л байвал байгаад л байх юм байна гэж бодсон. Тэгээд л энэ нүхнээс өөрөө гарсан даа. 

Сэтгэл засах хамгийн шилдэг арга нь спорт байдаг. Спорт, бясалгал, зүгээр нэг алхах ч гэсэн хүнд маш их дэм болдог юм байна лээ. Үнэн худлаа нь мэдэгдэхгүй аймар их мэдээлэл явдаг шүү дээ. Тэр болгонд таних ч үгүй, мэдэх ч үгүй юм байж хүмүүс янз бүрээр хэлдэг. Хэлүүлж байгаа хүмүүсийг нь би ойлгоод байдаг байхгүй юу. Хэрвээ би ийм байдалд ороогүй бол энэ хүмүүсийг ерөөсөө ойлгохгүй байж дээ, бас л тэгээд өнгөцхөн хараад л өнгөрөх байж дээ. Би тэгээд одоо нэлээн өмөөрдөг, сошиал буллид өртөж байгаа бүх л хүмүүсийг сэтгэлээр дэмжиж, өмөөрөх маягтай байдаг. 

Бусдын үгээр битгий өөрийгөө дүгнээрэй гэж хэлмээр байна. Өөрийгөө битгий алдаарай. Бусад хичнээн шүүмжилж байсан ч чи өөрийгөө мэдэж байхад бусдын үг чамд ерөөсөө хамаагүй шүү, битгий өөрийгөө алдаарай гэж хэлмээр байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe