Улс төрийн хүрээнд “тойрог” гэх үг хоёр агуулгыг илэрхийлнэ. Эхнийх нь сонгуулийн тойрог харин хоёр дахь нь эрх мэдэлтнүүд багтдаг хүрээний тойрог. Хоёр дахь тойрог маш чухал. Хэрвээ чи хоёр дахь тойрогт багтаж чадахгүй бол эхнийхийг мөрөөдөөд ч хэрэггүй. Мөнгөтэй байгаад ч нэмэргүй. Харин мөнгөө зөв зарцуулаад хоёр дахь тойрогт орчихвол эхний тойргийн талаар бодож болох юм. Улс төрийн намууд дотор нэр хүндтэй улс төрчид эсвэл залуу улс төрчид нийлээд өөр өөрсдийн тойргийг үүсгээд нэг фракц болох нь энгийн үзэгдэл. Мэдээж эрх мэдлийг гартаа атгаж байгаа хүний тойрог илүү том бат бөх байх нь ойлгомжтой. Яг одоогийн байдлаар монголын улс төрд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тойрог хамгийн том нь. Монголын бүхий л эрх бүхий албан тушаалтнууд энэ тойрогт багтаж ахын илчийг мэдэрч байна. УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Үндсэн хуулийн цэц, Шүүх, Ерөнхий прокурор гэх мэтчилэн. Ерөнхийдөө монголын шийдвэр гаргах байгууллага доороос дээш нэг тойрогт багтаж байна гэсэн үг. Солонгосын улс төрийн гэмт хэрэгтэй кино шиг. Итгэж явсан туслах нь эрх мэдлийн төлөө улайрч боссынхоо эсрэг хөдлөөд эцэст нь далайд хаягдаж загасны хоол болдог шиг Л.Оюун-Эрдэнэд нэг тиймэрхүү зүйл тохиолдсон. Энэ жишээ тойрогт багтаж байх нь ямар чухал вэ гэдгийг тодорхой харуулж өгсөн учраас дурдлаа. Л.Оюун-Эрдэнэтэй хамт боссон Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нар гэмт хэрэгтэн болох үгүй дээрээ тулчихсан Л.Оюун-Эрдэнэ таг алга болсон. Нэрсийг нь сонсоход саяхан л улс төрд мандаж төрийн эрх барих байгууллагыг толгойлж явсан хүмүүс. Гэвч үндсэн тойргоос хальж өөрсдийн тойргийг үүсгэх гэсэн тэдний санаа бүтээгүй учраас ийм байдалд хүрсэн. Өнөөдрийн МАН-ын бага хурлаар Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нарыг бүр намаас нь хөөчихлөө. Үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр болсон. Намаас нь ч хөөгөөд улс төрөөс нь ч хөөхөөр болж байх шиг байна. Шон дээр толгойг нь өлгөж тавиад бусдад нь жишээ өгдөг шиг Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар ахын өөдөөс ноцвол яадаг вэ гэдгийн муу жишээ болж хувирав.
Харин нөгөө талд тойрог захлаад зогсож байсан Н.Учрал, Г.Занданшатар, Б.Энхбаяр мэтийн хүмүүс тойргийн төв хэсэгт орж ирэн УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд болов. Б.Энхбаяр бол Г.Занданшатарын илд харин Н.Учрал Ерөнхийлөгчийнх. Одоо Г.Занданшатар дараагийн Ерөнхийлөгч болохын төлөө зүтгэж, Н.Учрал Ерөнхий сайд болохдоо бэлдэж байна. Зөв тойрогтоо орох ийм л ашиг тустай. Энэ тойрог У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нараар толгойлуулсан тойрог шиг гурван сонгууль дараалан МАН-д ялалт авч ирж чадах үгүй нь эргэлзээтэй.
Олон тойрог үүсгэхийг хүлээн зөвшөөрдөггүй социалист үзэлтэй МАН-аас ялгаатай нь Ардчилсан нам дотроо олон тойрогтой. Тэр тойргууд нь бүр нэртэй. Нэг Ардчилал, МоАХ, МҮДН гэх мэт. Хүчтэй нь өөрийнхөө тойргийг үүсгэдэг, тойргийн ахлагч нар хоорондоо ярилцаж байгаад сонгуульд хэн өрсөлдөх үү, намын ямар албан тушаалд хэнийгээ тавих уу гэдгээ шийддэг. Ардчилсан үзэл санаандаа таарсан л үзэгдэл. Гэхдээ өнгөрсөн хугацаанд яагаад сонгуульд ялдаггүй шалтгаан нь бас энэ. Яг чухал үед эдгээр тойргууд нь нэгдээд нэг том тойрог үүсгэж чаддаггүй. Сонгуульд хамт дэвшээд явж байгаа нэгнийхээ саналыг нь хуваана, хорлож чирнэ. Хамгийн сайн зангидаж чадсан жишээ нь 1990 он түүнээс хойш өнгөрсөн 2024 оны сонгуулиар Л.Гантөмөр дарга болоод фракцуудыг нэгтгэж чадсан явдал. Тэр эрчээрээ УИХ-д 42 суудлыг авч чадсан. Түүний зангидаж чадсан гол арга нь бүх фракцын эрх ашгийг тэнцүү хангах байсан. Жагсаалтад ч тэр тойрогт ч тэр. Хамтарсан засагт орохдоо ч бүгдийнх нь хүмүүсийг тэгшхэн ажилтай болгосон. Буруу зүйл нь юу байсан бэ гэхээр хэсэг хугацааны л том тойрог үүсгэсэн байлаа. Хамтарсан засаг ч унасан хамт ажилд томилогдсон хэд ч ажлаа өгсөн. Даргын ажлаа өгснийх нь дараа буцаад хэдэн тийшээ хараад хэвтчихсэн. Тэгэхлээр жинхэнэ лидер байсан гэсэн үг биш. Гэхдээ Ардчилсан нам жинхэнэ лидер гарч ирсэн ч түүнийгээ нөгөө олон тойрог нь залгичихдаг сул талтай. Хамгийн их ардчилал гэж ярьдаг Ардчилсан нам дотор л ардчилал нь өөрөө буруу үйлчлээд байдаг. Шинэ дарга О.Цогтгэрэл дараалсан ялалт гээд нэг, хоёр жилийн дараах нөхцөл байдлыг таамаглаад сууж байна. Х.Баттулгатай хамт тайзан дээр гарч ирэн эв нэгдэлтэй байгаа гэдгээ харуулах гээд байх шиг. Гэхдээ тэр ч жинхэнэ лидер биш. Өөрийнх нь тойргийн хүмүүс л гэхээс түүнийг даган баясах хүн цөөн. Энэ чигтээ байвал ирэх сонгуулиудад эрх баригчдын ухсан нүх рүү унахад хэдхэн алхам л дутуу байна. Нэг сонгууль ухаараад нийлээд нэг тойрог үүсгээд ялаад үзчихвэл тэд учиртай. Болдог юм байна гэдэг ойлголтыг шинэ үеийнхэн нь авна. Түүнээс өлөн зэлмэн эрх мэдэлд очиж үзээгүй залуус дотроо үймэхгүй ч гээд яах вэ.
Тойрог гэх үг улс төрчдөд, улс төрийн намд хамгийн чухал. Томсох тусмаа бүр хүчтэй.
Сэтгэгдэл үлдээх
Sodbaatar.Zandan.Uchral uo bilee.Ulaan JDUchinguud.MSC iin ugjnii charlaa ymaanuud.uchdeggui medleg bolovsrol.zangraggui.chadamjgui.hun huni numer nuulgen door hudlaa tom soliorson uomnuud.
Zochin
Дэмжих үү?
0 0Маш зөв талаас нь бичиж....ерөөсөө л тийм ...
Зочин
Дэмжих үү?
0 0Хүрэлсүх нэг өдөр л унана.
Зочин
Дэмжих үү?
1 0