Тоймлов: Их гүрнүүдийн зөрчил ба эвлэрлийн завсар дахь дэлхий

.Graph
2025-12-31

Трамп эргэн ирэв

Улиран одож буй 2025 оны дэлхийн улс төрийг тодорхойлсон гол үйл явдал оны эхээр өрнөж, нэгдүгээр сарын 20-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Трамп тангаргаа өргөснөөр Цагаан ордонд эргэн заларсан түүхэн дэх хоёр дахь хүн боллоо. 

Трампын засаглалын арга барил, шийдвэрүүд үргэлж дэлхий нийтэд хүлээлт үүсгэсээр ирсэн. Дэлхийн бодлогод хамгийн ихээр нөлөөлдөг албан тушаалыг хоёр дахь удаагаа хашиж буй нь дэлхий нийтээрээ түүний бодлогыг анхааралтай ажиглах үндсэн шалтгаан. 

Трамп засаглалын эхний 100 хоногийнхоо хугацаанд 143 зарлигт гарын үсэг зурж, АНУ-ын түүхэнд байгаагүй “амжилт” тогтоов. Тэр дундаа цагаачлалын бодлогоо шинэчлэх, хууль бус цагаачдыг албадан гаргах, бусад улс орнуудын бараа бүтээгдэхүүнд тариф тогтоох, төсвийн зардлыг танаж, төрийн алба хаагчдыг цомхотгох нь түүний бодлогын үндсэн чиглэл байлаа.

Тэр дундаа Дэлхийн эрүүл мэндийн байгуулага болон Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрээс эргэн гарах, дөрвөн жилийн өмнө Капитолын ордонд өөрийнх нь ялалгдлыг эсэргүүцэн жагссан 1,500 гаруй хүнд өршөөл үзүүлж, зарим хар тамхины бүлэглэлийг “террорист байгууллага” хэмээн тооцох, Засгийн газрын бүтээмжийг нэмэгдүүлэх яам байгуулах зэрэг 26 зарлигт эхний өдрөө гарын үсэг зурсан. 

Гадаад худалдааны хувьд Трампын үндсэн бодлого нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийн тулд бусад улс орнуудад тариф тогтооход чиглэсэн бөгөөд үндсэн бай нь БНХАУ, Канад, Мексик болж, АНУ-ын БНХАУ-аас орж ирэх бараанд тогтоосон тариф оргил үедээ 145%-д хүрлээ. Талууд харилцан тогтоосны үндсэн дээр тарифаа тодорхой хугацаанд буулгах тохиролцоонд хүрч чадсан ч “Трампын тариф”-ыг тойрсон улс хоорондын маргаан, зөрчил өнөө ч үргэлжилсээр байна. 

Гадаад бодлогын хувьд Трамп “Америк нэгдүгээрт” гэх үзэл санааг дэвшүүлж, АНУ-ын хилийн чанадад үзүүлдэг хөгжлийн тусламжийг царцааж, ОХУ, БНХАУ гэсэн сөргөлдөөнт их гүрнүүдийн эсрэг хатуу байр суурь баримталж эхлээд байна. 

Үүний зэрэгцээ Энэтхэгтэй харилцаагаа хөгжүүлж, ОХУ-аас газрын тос худалдан авахыг нь зогсоохыг оролдох, НАТО-ийн гишүүн орнуудад цэргийн зардлаа нэмэгдүүлэхийг шаардах, Өмнөд болон Латин Америкийн орнуудаас АНУ руу чиглэсэн хар тамхи, мансууруулах бодисны урсгалыг хязгаарлахын тулд шахалт үзүүлэх зэрэг тодорхой алхмуудыг хийсний дотроос энэ онд түүний гаргасан гадаад бодлогын голлох амжилт нь Израил-Хамасын хооронд Газын зурваст гал зогсоох 20 зүйлт энхийн төлөвлөгөөг Катар, Турк, Египттэй хамтран зуучилсан явдал байлаа. 

Трамп Цагаан ордонд эргэн ирснээс үүдэн АНУ-ын дотоод улс төр ч тогтворгүй байлаа. Трампын олон шийдвэрийг дагасан шүүмжлэл, гомдол, нэхэмжлэл оны туршид үргэлжилж, 10-11 дүгээр саруудад 43 хоногийн турш Холбооны засгийн газрын үйл ажиллагаа зогссоноос гадна түүний тууштай дэмжигч Чарли Кирк есдүгээр сард бусдын гарт амиа алдсан нь талцал, хуваагдлын илрэл байв. 

Япон Хятадын зөрчил газар авав

Энэ онд дэлхийн хэд хэдэн орны удирдагчид солигдсны дотроос олон улсын харилцаанд үлэмж нөлөө дагуулсан онцлох өөрчлөлт нь Японы Ерөнхий сайд солигдсон үйл явдал байлаа. 

Японы Ерөнхий сайдаар ердөө нэг жил ажилласан Ишиба Шигерү намын даргын сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ зарласнаар дэлхийн тэргүүлэх эдийн засгуудын нэг, технологийн их гүрэн Японы Ерөнхий сайд солигдох нь тодорхой боллоо. Япон бол парламентын засаглал өндөр хөгжсөн ардчилсан улс. Тэнд эрх баригч намын дарга солигдох нь чухамдаа Ерөнхий сайд солигдоно гэсэн үг. 

Эрх баригч Либерал Ардчилсан намын даргын сонгуульд өмнө нь гурван удаа өрсөлдсөн, тэр дундаа өнгөрсөн оны сонгуульд эцсийн мөч хүртэл өрсөлдөөд ялагдсан Такаичи Санае энэ удаад ялалт байгуулж намынхаа түүхэн дэх анхны эмэгтэй дарга болж, улмаар бараг 20 хоног үргэлжилсэн үйл явцын үр дүнд Япон Улсын анхны эмэгтэй Ерөнхий сайд боллоо. 

Гэвч Такаичи Ерөнхий сайд болсон нь Япон-Хятадын харилцааг, цаашлаад бүс нутгийн нөхцөл байдлыг хямралт нөхцөлд хүргэлээ. 

Такаичи 11 дүгээр сарын эхээр парламентын чуулганы үеэр БНХАУ Тайвань аралд довтлохыг “Япон Улсын оршин тогтнохуйд нөлөөлөх хямрал” гэж үзэх тул Япон Улс өөрийгөө хамгаалах цэргийн арга хэмжээ авна гэж мэдэгдэв. 

Такаичигийн хувьд Тайванийг дэмжиж, БНХАУ-ыг сөрөх нь олон жил тууштай баримталсан байр суурь нь. Тийм ч учраас энэ оны эхээр буюу Ерөнхий сайд болохоосоо өмнө Тайваньд айлчилж, Тайванийн Ерөнхийлөгч Уиллиам Лайтай уулзсан. Гэхдээ “Нэг Хятадын зарчим”-ыг зөвшөөрдөг буюу Тайвань арлыг БНХАУ-ын нэг хэсэг гэж тооцдог Японы Ерөнхий сайд ийм мэдэгдэл хийх нь Азийн хамгийн том хоёр эдийн засгийн харилцаанд хямрал дагуулах хүчин зүйл мөн. 

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Такаичид Ерөнхий сайд болсонд нь баяр хүргэсэнгүй. Парламент дээр хийсэн мэдэгдлийнх нь дараа БНХАУ олон удаа албан шугмаар эсэргүүцлээ илэрхийлж хоёр тал харинцан нэгнээ шүүмжилсэн мэдэгдэл 11 дүгээр сарын туршид дэлхийн хэвлэлүүдийн тэргүүн нүүрт залрав. Талууд харилцан иргэдээ нөгөө улсдаа зорчихгүй байх зөвлөмж гаргаж, соёлын хөтөлбөрүүдээ цуцалж, далайн хүнсний худалдаагаа хязгаарлаад байна. 

Хамгийн анхаарууштай Такаичигийн иргэдийн дундах нэр хүнд нь 65%-д хүрсэн нь Японы аль ч Ерөнхий сайдын хувьд сүүлийн 20 жилд байгаагүй үзүүлэлт. Тиймээс Такаичи удаан засаглаж, үүнтэй зэрэгцэн АНУ-д түшиглэсэн бодлого баримталж, Тайванийг дэмжиж, энэ бүгдээс үүдэн Япон-Хятадын харилцаа таагүй байх төлөвтэй байна. 

Дэлхийн улс төрийн шинэ, хуучин дүрүүд

Дэлхийн улс орнуудын дийлэнх нь энэ онд биш өнгөрсөн онд сонгуулиа хийсэн. Гэхдээ энэ онд Трамп, Такаичи нараас гадна цөөнгүй нөлөө бүхий орны удирдагчид дэлхийн улс төрийн тавцанд шинээр гарч ирлээ. 

Өнгөрсөн 2024 оны сүүлээр БНСУ-д өрнөсөн улс төрийн хямрал энэ онд ч дамнан үргэлжилж үр дүнд Ерөнхийлөгч Юн Сук Ёл өнгөрсөн 12 дугаар сард улс төрийн маргаанаас үүдэн онц байдал зарласан үйлдэлдээ хариуцлага хүлээн огцорсноос гадна баривчлагдаж, шүүхээс гэм буруутайд тооцогдвол цаазын эсвэл бүх насаар хоригдох ч ял ч сонсож магадгүй нөхцөлд байна. Түүнийг болон эхнэрийг нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой дуулианууд ч тойрсонгүй. 

Үүний үр дүнд БНСУ-ын улс төрийн хямрал хэдэн сарыг дамнан үргэлжилсний эцэст гурван жилийн өмнө Юн Сук Ёлд ялагдаж байсан Ардчилсан хүчний нэр дэвшигч И Же Мён Ерөнхийлөгчөөр сонгогдоод байна. 

Японд БНХАУ-ын эсрэг үзэлтэй гэж тодорхойлогддог улс төрч Ерөнхий сайд болсон бол БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч бол БНХАУ-тай найрсаг харилцаагаа хадгалах бодлого баримталдаг улс төрч. Тийм ч учраас 10 дугаар сард БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин БНСУ-д айлчилсан нь 11 жилийн дараах айлчлал байлаа. 

Харин Европын хамгийн том эдийн засаг ХБНГУ-д ч мөн эрх баригч хүчин солигдож тус улсын орчин цагийн түүхийн дийлэнх хугацаанд засаг барьж байсан Христийн ардчилсан Холбоо эргэн төрийн эрхэнд гарч, Фредрих Мерц төрийн эрхэнд гарсан бол сонгуулийн өмнөх эрх баригч социал демократ намын авсан санал Алтернатив намыг ч давсангүй. 

Арван жилийн турш Канадын Ерөнхий сайдаар ажилласан Жастин Трюдо нэгдүгээр сард дахин Ерөнхий сайд болохгүй гэдгээ зарласан нь тус улсын сонгуулийн үр дүнг эргүүлж, Трюдогийн Либерал нам ялалт байгуулж чадснаар Трюдо өөрөө улс төрийн тавцнаас буусан ч түүний улс төрийн холбоотон Марк Карни орыг нь залгалаа. 

Хорийн бүлгийн гишүүнд Аргентинд парламентын сонгууль явагдахад Либертари Ерөнхийлөгч Хавьер Милейгийн нам парламентын хоёр танхимд ялалт байгуулж чадсан нь эсрэгээрээ Нидерландад зүүний үзэл баримтлалтай D66 эвсэл парламентад хамгийн олон суудал авав. 

Газын зурвас дахь нөхцөл байдал намжсан уу 

Сүүлийн жилүүдэд олон улсын дайн, зэвсэгт мөргөлдөөний талбар болоод байсан Газын зурваст байдал бүрэн намжаагүй ч аравдугаар сард Газын энхийн төлөвлөгөөний эхний шатанд талууд гарын үсэг зурснаар түр гал зогсоод байна. 

Энэ хүрээнд Хамасын барьцаанд буй Израил иргэдийг суллах, Израил хариуд нь Палестины 2,000 хоригдлыг суллахзэрэг алхмууд эхлээд байна. 

Гэвч Израил-Арабын ертөнцийн олон арван жилийг дамнасан зөрчил, өнгөрсөн хоёр жилд олон мянган хүн амиа алдсан үйл явдал зэрэг нь нөхцөл байдал хэзээ ч сэдэрч, эргэн гал дүрэлзэх эрсдэлтэйг илтгэж байна. 

Оны эхээр энэхүү зөрчил улам бүр нутгийн шинжтэй болж Израилын зэвсэгт хүчин 2025 оны туршид Газын зурвас болон Баруун эрэгт 8,332 удаа, Ливанд 1,653 удаа, Иранд 379 удаа, Ситид 207 удаа, Йеменд 48 удаа, Катарын нутагт нэг удаагийн цохилт өгсөн гэх тоо баримт гарсан. 

Тэр дундаа Израилын Зэвсэгт хүчин Катарын нутагт Хамас бүлгийн удирдагчдыг онилон цохилт өгсөн нь тухайн үедээ Израиль-Катарын харилцаа хурцдахад хүргэсэн. 

Украины дайн зогсох боломжтой юу

Энэ оны туршид Украины дайныг зогсоох тодорхой оролдлого хүчин чармайлтууд гарч, АНУ ч дайныг зогсоохын тулд урьд өмнөх жилүүдээс идэвхтэй ажиллалаа. 

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп хоёрдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй утсаар ярьж, мөн сард хоёр улсын Гадаад хэргийн сайд нар Саудын Арабын Рияад хотод уулзаж, наймдугаар сард Трамп, Путин нар Аляскад уулзсан. Нөгөө талаас АНУ-ын Ерөнхийлөгч Трамп хоёрдугаар сард болон оны сүүлээр Украины Ерөнхийлөгч Зеленьскийтэй уулзаж, хоёр талын албаныхан олон удаа уулзсан нь өмнөх он жилүүдтэй харьцуулахад эерэг үр дүн. Энэ хугацаанд Европын орнууд зургаан зүйлт, АНУ 28 зүйлт энхийн төлөвлөгөө санаачлаад ч амжсан. 

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Хегсет ажлаа авснаасаа хойш анх удаа Мюнхенд Украины Ерөнхийлөгчтэй уулзахдаа 2014 оны Крымын хямралаас өмнөх Украины хил хязгаарыг сэргээх боломжгүй гэж үзэж байгаагаа шулуухан хэлж, Трамп, Рубио, Хегсет нар энэ байр сууриа олон удаа нотолсон. 

Нөгөө талаас Аляскад Трамп, Путин нар уулзсны дараа талууд тохиролцоонд хүрнэ гэх хүлээлт байсан ч эсрэгээрээ тухайн уулзалтаар талуудын байр суурь нэгдэхэд дэндүү хол байгаа нь илт харагдаж, АНУ-ОХУ-ын яриа хэлэлцээ мухардалд орсон. 

Украины дайныг зогсоох бол АНУ-ын Ерөнхийлөгч Трампын гол амлалтуудын нэг. Тийм ч учраас түүндээ хүрэхийн тулд хүчин чармайлт гаргаж буй. Оны сүүлээр Орос, Украин хоёр гал зогсооход хэзээ хэзээнээс илүү ойр байгаа гэж мэдэгдээд амжсан. 

Гэвч бодит байдал дээр ОХУ, Украины олон асуудлаарх байр суурь мөд нэгдэхээргүй, магадгүй хэзээ ч нэгдэхээргүй байгаа нь улам бүр тод харагдсаар байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe