Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврыг хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр Ерөнхий сайд асан С.Баяр гэрчээр дуудагдан ирж, “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг төр авсан асуудалд хариулт өглөө.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
Оюутолгойн төсөл манай улсын анхны хөрөнгө оруулалтын гэрээ байсан. Тэгэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газарт зөвлөхөөр ажиллаж байсан дэлхийн томоохон компаниуд маш олон зөвлөмж өгч байна. УИХ-ын 40 дүгээр тогтоолоор үндсэн чиглэл, 57 дугаар тогтоолоор гэрээ байгуулахад харгалзаан үзэх зүйлийг ойлгомжтой зааж, танд гарын үсэг зурах эрхийг олгож байсан.
Тухайн үед гэрээ байгуулахдаа зөвлөмжийг хэрхэн тусгасан гэж дүгнэж байна вэ. Та УИХ-ын нэгдсэн чуулган дээр төслөөс хүртэх өгөөж 55-75 хувь байна гэж хэлж байсан. Төслийн ТЭЗҮ эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлагдаагүй байхад гэрээ байгуулагдсан.
Ерөнхий сайд асан С.Баяр:
Өгөөж гэдэг бол гол асуудал. Бидний хувьд хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг боловсруулсан. Тухайн үед ТЭЗҮ боловсруулах бололцоогүй байсан. Энэ гэрээг хэдийгээр 2009 оны аравдугаар сарын 6-нд баталсан боловч тодорхой нөхцөл бозол хангасны дараа хүчин төгөлдөр болох байсан. Тиймээс 2010 оны гуравдугаар сарын 31-нээс хүчин төгөлдөр болсон.
Бидний бодож байсан санхүүгийн схемийн дагуу 34 хувьтай байвал өгөөжийн хэмжээ 35-58 хувь байсан. 34 хувийг авахгүй явбал үр өгөөж 70 гаруй хувьтай байхаар тооцоо гарч байлаа.
УИХ-ын 57 дугаар тогтоолыг тойрч нэлээд ярих ёстой. Хувь нийлүүлэгчдийн гэрээ хууль нийцсэн эсэхийг үзүүллээ. УИХ-ын 57 дугаар тогтоол гарсанд би сэтгэл хангалуун бус байсан. Энэ тогтоол нь өөрөө хуульд нийцээгүй гарсан гэдэг асуудлыг УИХ-ын удирдлагуудад тавьж байсан.
Хууль дээрээ улсын төсвийн оролцоогүй хайгуул хийсэн газар 34 хувь хүртэлх гэж заасан. Гэтэл УИХ-ын 57 дугаар тогтоолд 34 хувиас доошгүй, цаашдаа анхны хөрөнгө оруулалтаа нөхсөн тохиолдолд төр эзэмшлийг 50 хувь эзэмшинэ гэсэн шаардлага тавьсан.
Өнгөрсөн хэдэн өдрийн түр хорооны явцыг харлаа. Гол үндсэн асуудлаа ярихгүй, үр дагавраа яриад байх юм. Өр зээл, зээлийн өндөр хүүг тойрч яриад байгаа. Монголчуудын үг байдаг, овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэж. Овоо нь 34 хувь юм. 34 хувийг авах болсноос хамаараад, зээлийн гэрээ болж хувирсан. 34 хувийг заавал ав гэсэн байдлаар Засгийн газарт үүрэг болгосон. Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгосон. Гол асуудал 34 хувьд байна.
Сонсголын гол үр дүн бол цаашдаа яах вэ гэдэг асуудлыг харах ёстой. 34 хувьтай байгаа нөхцөлд бид өр зээлээ ярьсан хэвээрээ л байна.
Нэгэнт УИХ-ын тогтоол гарсан учраас 34 хувьтайгаар хэлэлцээр байгуулахаас өөр аргагүй болсон. Би алдаа гаргасан гэж боддог. 34 хувьтай тогтоол баталсан хүмүүсийг буруутгаад байдаггүй.
Үр өгөөжийг дээшлүүлэх тусгай АМНАТ-ийн зохицуулалт тухайн үеийн хуульд байгаагүй. Тэр үед тусгай АМНАТ-өөр явсан бол үр өгөөж хамаагүй өндөр гарах байсан. Хожмын өдөр бодоод байхад үр өгөөжийг гэрээндээ болон хуульдаа яг цав тусгаж өгөөгүй нь Ерөнхий сайд байсан миний алдаа. Үр өгөөжийг хуульчилж чадаагүй. Үр өгөөжийг татвар хураамж, сүүлд нь ногдол ашиг авна л гэж байгаа.
"Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх:
Оюу толгой компани 2010-2024 он хүртэл нийт зарцуулсан мөнгөн дүнгийн хэмжээ нь 32 тэрбум ам.доллар. Үүнээс:
15.7 тэрбум ам.доллар нь уурхайн бүтээн байгуулалтад шингэсэн. Үүнд ил уурхай, баяжуулах үйлдвэр, хаягдлын далан, дэд бүтэц, гүний уурхайн босоо ам, анхдагч бутлуур, тоног төхөөрөмж, үйлдвэрийн дөрөвдүгээр давхарга гэх мэт олон том бүтээн байгуулалт байгаа.
Урсгал зардал буюу ажилчдын цалин, ханган нийлүүлэгчдийн төлбөр, татвар гэх мэт зардлуудад 11.8 тэрбум ам.долларыг зарцуулсан байна.
Санхүүжилттэй холбоотой зардлууд 4.5 тэрбум ам.доллар болсон. Нийт Оюу толгойн данснаас 32 тэрбум ам.доллар гарсан байна.
Үүнд 13.7 их наяд төгрөгийн татвар, 1000-аад аж ахуйн нэгжтэй хамтарч ажилласан төлбөр, цалин зэрэг багтана. Оюу толгойн дотоодын худалдан авалт 70-80 хувьтай буюу өндөр байдаг. Иймд энэ 32 тэрбум ам.доллар манай эдийн засагт ороод шингээд явж байгаа юм шүү.
Үргэлжлүүлэн энэ мөнгө хаанаас санхүүжсэн мөн борлуулалтын орлого хэр их байсан талаар гишүүдийн асуултад:
32 тэрбум ам.доллар нь гурван эх үүсвэрээс бүрдсэн.
Оюу толгой 2013 оноос олборлолт хийж, орлого олж эхэлсэн. Чөлөөт мөнгөн урсгал бага багаар хийж эхэлсэн. Нийт борлуулалтын орлогоор 2010-2024 оны эцэс гэхэд 16.3 тэрбум ам.долларыг олсон. Үүнийг бүтээн байгуулалт, урсгал зардалдаа ашиглаад явсан.
Өөрийн хөрөнгө буюу хувьцаа хэлбэрээр 4.1 тэрбум ам.долларыг босгосон.
Зээлийн санхүүжилтээр 11.6 тэрбум ам.долларыг босгосон. 18.8 тэрбум ам.долларын зээлийн тухайд$3.9 тэрбум нь 15 банкны зээлийн багц,$1.6 тэрбум нь Рио Тинтогоос өгсөн зээл, урьдчилгаа төлбөр $1.9 тэрбум юм.
Оюу толгой компани өнгөрсөн хугацаанд дэлхийд хамгийн аюулгүй, бүтээмжтэй уурхайг бүтээн байгуулахад анхаарч ирсэн. Оюу толгой уурхай бүтээн байгуулалтын үед зардал өндөр байсан ч одоо хамгийн бага зардалтай уурхайнуудын нэг байх болно гэдгээ онцлоод байгаа юм. Энэ үеэр "Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх хоёр талын хариуцлага, засаж сайжруулах зүйлийн талаар дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл өглөө.
"Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх:
Оюу толгой компанийн ТУЗ-ийн есөн гишүүн маань хувь нийлүүлэгчдийн ашиг сонирхлоос гадна компанийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байдаг. Зардлын хэтрэлттэй холбоотой асуудлаар тайлбар өгье.
Компани өөрөө өөртөө шүүмжлэлтэй ханддаг байх ёстой, шүүмжлэлийг сонсдог, сайжруулах шаардлагатай. Төгс төгөлдөр компани гэж байхгүй. Бид энд суугаад Оюу толгойн хөрөнгө оруулагч талын бүх зүйлийг буруутгахад хэтэрхий амархан байна. Нөгөө талаасаа хоёр зүйлд анхаарах ёстой, үүнийг хангалттай ярихгүй байна.
Нэгт төрийг төлөөлж байгаа хувьцаа эзэмшигч Эрдэнэс Оюу толгой, Эрдэнэс Монгол компанийн чадавхыг асуудлыг хальт дурдаад өнгөрсөн. Буруугаа өөр хэн нэгэн рүү чихэж байгаа зүйл биш. Оюу толгой сайжраад явах ёстой. Зардлын хяналт дээр нөлөө үзүүлэх хэмжээний хяналт хийхэд тодорхой хэмжээнд өндөр чадавхтай байх ёстой.
Рио Тинто компани бусад компанитай хамтарч ажиллаад дэлхийд үйл ажиллагаа явуулж байгаа, тэр бүр амар байдаггүй. Хамтарсан хөрөнгө оруулалттай компани дээр хяналттай холбоотой маргаан байнга байдаг.
Зардал хэтэрсэн асуудал дээр жижиг тогоо шанаганы зүйл ярихаас илүүтэй том бүтээн байгуулалт, эхнээс нөлөөлөх боломжтой үед нь зөв санаа оноо гаргах ёстой.
Цаг нь тулсан, ТУЗ-ийн хурлын өмнөх өдөр үүнийгээ зас гэдэг зүйл яривал үр дүнд хүрдэггүй. Тэгэхээр нэг талаасаа ул суурьтай, шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн түвшинд туслалцаагаа аваад шийдвэр гарах мөч бус дүр зураг гарч эхлэх үед нөлөө үзүүлэх шаардлагатай.
Хоёрт засаглалтай холбоотой хүндрэлүүд байдаг. Хэрэв менежментийн гэрээ таалагдахгүй байвал суугаад шинэчилье, асуудалгүй гэж хоёр жилийн өмнө шахуу ярьж эхэлсэн шиг санагдаж байна. Хөрөнгө оруулагч тал уулзаад юмаа засъя гэхээр хэн хариуцаж байгаа нь ерөөсөө ойлгомжгүй. ТУЗ-ийн гишүүд нь хувь нийлүүлэгчдийн асуудал гэдэг.
Эрдэнэс Оюу толгой, Эрдэнэс Монгол, Засгийн газрын хэрэг эрхлэх газар гээд замхраад алга болчихдог. Би олон удаа захиа бичиж байсан, эзэнгүй болчихдог. Энэ бол сайжруулах ёстой асуудлын нэг болов уу.
ТУЗ-ийн олон шийдвэр гардаг. Сүүлийн үед тэр тоо илүү нэмэгдэж эхэлсэн. Тэр нь бидний суурь ойлголт зарчмууд хоорондоо нийлэхгүй байна. Бидний дунд асуудал байна, гэхдээ үеийн үед ийм байгаагүй. Оюу толгойн ТУЗ-өөс 358 шийдвэр гарсны 318 нь 100 хувийн саналаар гарч байсан.
"Оюу толгой" компанийн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэн үр өгөөжийн талаар
Оюу толгой төслөөс Монгол Улсад орж байгаа өгөөжийг гурван янзаар тооцож байгаа. "Оюу толгой" компани өнөөдрийг хүртэл буюу 2025 оны III улирлын байдлаар улсын болон орон нутгийн төсөвт нийт 13.7 их наяд төгрөг буюу 5.3 тэрбум ам.долларын татварыг төлсөн.
Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсан эхний өдрөөс л өгөөжөө өгөөд эхэлсэн. "Оюу толгой" 2010 оноос хойш л татвараа төлөөд эхэлсэн.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах нь манай улсын үе үеийн засгийн газрын стратегийн зорилт байдаг. Оюу толгой төсөл дээр гадаадын шууд хөрөнгө оруулалтаар 20.6 тэрбум ам.доллар орж ирсэн.
2010 оноос хойш манай улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын 2 доллар тутмын нэг нь Оюу толгойтой холбоотой хөрөнгө оруулалт байсныг дурдах нь зүйтэй. Энэ мөнгө 1000 гаруй дотоодын ханган нийлүүлэгч рүү 38 их наяд төгрөг орсон. Манай компанийн ханган нийлүүлэгчдээс 30 ААН нь ТОП 100 ААН буюу шилдэг татвар төлөгчид байдаг.
Оюу толгойн үр өгөөжийн хуваарилалтыг талууд анх тохирохдоо:
Хөрөнгө оруулагч тал: Ногдол ашиг, зээлийн хүү, менежментийн төлбөрөөр
Засгийн газар: Ногдол ашиг, татвар, төлбөр хураамжаар авна гэсэн.
Ногдол ашиг хуваарилалт болон төслийн санхүүжилтийн төлөвлөгөөг 2011 онд хувь нийлүүлэгчид анх ярилцаж тохирсон байсан бөгөөд Оюу толгойн үр өгөөжийг том зургаар нь үндсэн 3 хэлбэрээр харах нь зөв.
Нэгт, татварын орлогоор буюу төсөвт төвлөрүүлэх мөнгөн дүнгээр
Хоёрт, ажлын байр, дотоодын худалдан авалт буюу эдийн засгийн идэвхжилтээр
Гуравт, ногдол ашгаар буюу Эрдэнэс Оюу толгойд оногдох мөнгө урсгалаар
Оюу толгойн хувьд эхний хоёрыг бүтээн байгуулалтын ажил эхэлсэн эхний өдрөөс биелүүлсэн бол, ногдол ашгийг Эрдэнэс Оюу Толгой, Рио Тинтогийн аль алинд нь хуваарилж эхлээгүй байгаа аж. Оюу толгой уурхайн бүтээн байгуулалтад 16 тэрбум ам.доллар зарцуулж, дэлхийн хамгийн аюулгүй уурхайнуудын нэгийг байгуулсан бөгөөд 2025 оноос эерэг мөнгөн урсгалтай болж эхэлжээ. 2010 оноос хойш нийт 5.3 тэрбум ам.долларыг татвар хураамжид төлсөн бөгөөд 2026 онд 600 сая ам.доллар төлөхөөр төлөвлөж байгаа юм байна.
Сэтгэгдэл үлдээх