Ганхуягийн БОЛДБААТАР

.
2024-02-23 97

Үхэх үү, амьдрах уу гэдгээ сонгож, 167кг-аас хэвийн жиндээ хүрсэн Г.Болдбаатарын түүх

Graph.mn сайт #Storytelling буландаа IT инженер Г.Болдбаатарыг онцолж байна.

Тэрээр 35 настай, 13 жилийн турш хувиараа бизнес эрхэлсэн. Сүүлийн жилүүдэд түүний сонирхох болсон сэдэв нь эрүүл мэнд, амьдралын хэвшил, чанартай амьдрал, урт наслах тухай. Энэ бол бидний зочин Г.Болдбаатарыг илтгэх өнгөцхөн мэдээлэл бөгөөд тэрээр 167 кг-аас 80 гаруй кг-ыг хасан хэвийн жиндээ очиж, өөрийгөө ялан дийлсэн жинхэнэ түүхээ хуваалцлаа.

Миний таргалсан процесс яг 10-аад жил үргэлжилсэн юм. Өдөр тутамд өөрийгөө хаяснаас болж жин нь сар сараар, өдөр өдрөөр, долоо хоногоор нэмэгдээд л байсан. Өглөө бүр босно гэдэг миний хувьд хамгийн том ажил байлаа. Хэдэн цагаар ч хамаагүй хэвтэж, хүүхдэдээ анхаарал хандуулах нь байтугай өөрийгөө үзэн ядаад л хэвтээд байдаг байсан. Хөдөлгөөн байтугай хөдлөхөө ч байчихсан. Сүүлдээ 2-3 удаа эмнэлэгт хэвтээд, хамгийн сүүлд нь сувилалд хэвтсэн. Эргээд бодоход, жилийн дотор бараг гурван удаа эмнэлэгт хэвтчихсэн байгаа юм. Бие дэх бактерийн асуудал, чихрийн шижин гээд элдэв өвчин буглачихсан. Цаашаа явахын аргагүй болчихсон гэдэг нь надад мэдрэгдэж эхэллээ. 

Өглөөд маш их ядарна, нүдээ хагас нээж сэрнэ. Заримдаа сэрэхгүй шууд эргээд унтчихна. Эсвэл зүгээр хэвтээд л байна. Маш хүнд биетэй, биеэ ер нь дийлэхээ больсон. Бослоо ч гэсэн маш их стресстэй, ууртай. Ялангуяа өглөө, оройдоо стресс маш өндөртэй байсан. Тэр нь хүссэн хүсээгүй цаанаасаа дэлбэрч гараад байдаг. Одоо бодоход сэтгэл гутралд орчихсон байсан юм билээ. Ажил ч бай, гэр бүл ч бай юм болгоноос зугтаад л. Яаж амрах вэ, яаж зүгээр суух вэ гэсэн бодолтой. Хүнтэй уулзах нь битгий хэл аль болох хүнд харагдахгүй байх юм сан, хүнтэй уулзахгүй байх юм сан гэж бодоод л. Яагаад гэвэл, би өөрөө өөртөө таалагдахгүй байгаа учир өөртөө итгэхээ больсон байлаа. 

Бие махбодын хувьд ч, сэтгэл зүйн хувьд ч гүн уналтад орсноо мэдэж, ингээд үхэх үү, цаашаа амьдрах гэдэг сонголтод тулж ирлээ. 

Ингээд сүүлийн хоёр жил би энэ бүхнээ зассан. Өмнө нь өөрлөгдөнө дөө гэж боддог байсан ч дорвитой зүйл хийж байгаагүй юм. Тэгээд эмнэлгээс гарсан долоо хоногтоо би яг шийдсэн юм. Чиний л амьдрал шүү дээ, чи амьд байхгүй юм бол хоосон ажил, амбиц, карьераар яах билээ гэж бодоод 100 хувь амьд үлдэхийн төлөө төвлөрөөд хичээсэн чинь үр дүн гараад эхэлсэн. Цаашдаа үр дүн нь хурдацтай болж ирсэн. Мэдээж маш их цаг зарцуулсан шүү. Уншиж судлаад, хэрэгжүүлээд явснаас хойш 3-4 сарын хугацаанд 30 орчим кг хасчихсан байв. Ингээд би 115 кг орчим боллоо. 

Тэгээд өөрийгөө харахад л ямар өөр болсон нь мэдрэгдэж байгаа юм чинь. Эрч хүчтэй болж, цаашид үргэлжлүүлж болох юм байна гэсэн урам зоригийг өөрөөсөө авч байв. Нэг өдөр л толинд харахад өөрийгөө танихгүй болчихсон байгаа юм. Миний хувьд жингээс илүү амьд үлдэх нь чухал байсан. 

Нэг номерт, залуу ч байна уу, энд нас хамаагүй. Тарган, туранхай ч хамаагүй. Бидний бие организм, сэтгэл зүй гэдэг бол өдөр тутмын үйлдлээр өөрчлөгдөж, сайжирч бас муудаж байдаг. Чамайг өөрчлөх гайхамшигтай, ид шидийн нэг ширхэг эм юм уу, нэг ширхэг арга, нэг ширхэг хоол гэж байхгүй. Ямар ч мундаг, үнэтэй эм юу ч өөрчлөгдөхгүй. Нэгэнт өөрчлөгдсөн амьдралын хэвшил ч гэсэн ганцхан өдрийн дотор өөрчлөгдөхгүй. Хугацаа хэрэгтэй байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Чи л өөрийгөө аварна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe