Оффтэйк гэрээний Богдхан төмөр зам гацлаа

.Graph
2025-12-09

Оффтэйк гэрээ гэдэг нь ирээдүйд олборлох бүтээгдэхүүнийг урьдчилан тогтсон нөхцөлөөр тохиролцож, худалдахыг хэлдэг.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолоор нүүрсний оффтэйк гэрээнүүдийг зогсоож, дуусгавар болгосон бөгөөд нийт 40 гэрээг ил болгосон. 

Уг 40 гэрээнд 100 мянгаас 15 сая хүртэл тонноор нийт 50.9 сая тонн нүүрс худалдахаар тусгажээ.

2019 оны 12 дугаар сараас 2022 оны есдүгээр сарын хооронд хийсэн эдгээр гэрээний 95 хувь буюу 38 гэрээг "Бодь интернэшнл" ХХК-аар дамжуулан Өвөр Монголын нүүрсний компаниудтай хийсэн.

Үлдсэн хоёр гэрээг нь Norinco International Cooperation Ltd and Glory Town Holdings компанитай байгуулжээ. Энэ хоёр гэрээ нь газрын тосны дамжуулах хоолой барих зорилготой байсан бөгөөд 27, 33.5 хувьтай хэрэгжээд зоссон байна.

Бодь Интернэшнл ХХК-тай байгуулсан 45 сая тонн бүхий 38 гэрээний

28 нь Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилт гэсэн зорилгоор хийгдсэн.

10 нь Богдхан төмөр замын туннел болон эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн зорилготой байсан байна.

Нэг. Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг санхүүжүүлэх зорилгоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захиалгаар 30 сая тонн коксжих болон исэлдсэн нүүрсний гэрээ байгуулжээ.

2022 оны есдүгээр сарын 9-нд дээрх чиглэлийн 233.6 км төмөр замын тээврийг нь албан ёсоор эхлүүлсэн.

Монголын анхны хүнд даацын, нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй төмөр замаар ийнхүү тээвэрлэж эхэлснээр 2000 орчим тогтмол ажлын байр бий болж, байгаль орчны эрсдэл, бохирдол 74 хувиар буурна хэмээн тооцоолсон.

Тус төмөр замаар жилд 30-50 сая тонн нүүрс зэрэг ачаа бараа тээвэрлэх боломж бүрдсэн бөгөөд нүүрс тээврийн зардал дөрөв дахин буурч, Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх, жилд ойролцоогоор 20-28 сая ам.долларын татвар төлнө гэсэн тооцооллыг танилцуулж байв.

Ямартай ч нүүрсээ урьдчилан борлуулснаар олон жил ярьж ирсэн төмөр замаа ашиглалтад оруулж чадсан байна. 

Хоёр. Богдхан төмөр зам

Улаанбаатарын өртөөг тойрон өнгөрөх 170 км орчим урттай Богдхан төмөр замын төслийн санхүүжилт шийдэгдээгүй буюу 10 оффтэйк гэрээг Засгийн газраас зогсоосноор гол ажлууд нь зогсжээ. 

Үүний 3 нь огт хэрэгжээгүй, үлдсэн нь 1.5-17 хүртэл хувьтай буюу бараг хэрэгжээгүй байна. Эдгээр гэрээний нийт дүн 14.9 сая тонн нүүрс боловч гүйцэтгэлээр 515.6 мянган тонн нүүрс гаргаж амжсан.

Гэрээгээр нүүрсээ тонн тутмыг нь дунджаар 127 ам.доллароор өгөхөөр тохирсноос үзвэл 230 орчим тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байсныг ийнхүү зогсоосон байна.

Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний баялгаа, боломжоо бид алджээ. Энэ төсөлд зориулж гаргасан уг мөнгө юу болсон талаар ямар нэгэн мэдээлэл өнөөдрийг хүртэл хийгээгүй билээ.

Эргэн санахад

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Бодь интернэшнл” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан нар оролцож, үг хэлж байсныг эргэн сануулъя. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,

"Манай улсын экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нээж байгаа нь түүхэн үйл явдал болж байна. Монгол Улс 1955 онд ЗХУ-тай хамтран хойд, урд хилээ холбосон төмөр замыг ашиглалтад оруулж байснаас хойш 70 орчим жилийн дараа монголчууд өөрсдөө дэлхийн стандартад нийцсэн энэхүү замыг ашиглалтад оруулж чадлаа. Тавантолгой-Гашуунсухайтын энэхүү ган зам бол Монгол Улсын хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын төмөр судас байх болно. Эх орон, ард түмний эрх ашгаас дээгүүр ашиг сонирхол байж болохгүй. Энэхүү бүтээн байгуулалтын ажил олон жил царцаж, бид цаг хугацаа боломжоо алдсан гашуун түүхийг мартаж болохгүй юм. Цаашид Зүүнбаян-Ханги-Мандал чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлэх шаардлагатай. Эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, даалгаврыг нэр төртэй биелүүлж, түүхэн бүтээн байгуулалтыг сэтгэл, зүтгэл гарган хамтран хэрэгжүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” групп, “Инкон” болон дотоод, гадаадын дотоодын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, баялаг бүтээгчиддээ Монголын нийт ард иргэд, Монгол төрийн нэрийн өмнөөс дахин халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье" гэж байв. 

Харин Д.Баясгалан,

"Бид бүхний бүтээн байгуулсан энэхүү төмөр зам суурь бүтэц, дохиолол холбоо, барилга байгууламж, эрчим хүч ус хангамж, хөдлөх бүрэлдэхүүн, засварын тоног төхөөрөмж гэсэн зургаан багц ажлаас бүтлээ. Төсөлд гадаад, дотоодын 624 компани туслан гүйцэтгэгчээр оролцлоо. Энэхүү төсөл нь 22.6 сая метр/куб газар шорооны ажил, 63 мянган метр/квадрат бетон, 745 мянган ширхэг буталмал чулуу, 145 ширхэг ус зайлуулах хоолой, 12 ширхэг мал амьтны нүхэн гарц, нийт 1348 м урт 15 ширхэг гүүр, хоёр түвшний автозам, төмөр замын гарам, 584791 ширхэг төмөр бетон дэр, 308 км үүнээс 261 нь уулзваргүй төмөр зам, 584901 ширхэг төмөр замын бэхэлгээ, 109 ширхэг төмөр замын суман шилжүүлэг, 208 ширхэг гэрлэн дохио, 271 км урт 35 кВт-ын өндөр хүчдэлийн шугамын 12 дэд өртөө, радио холбооны 13 цамхаг, 470 км урт шилэн кабел, 26500 м/кв бүхий барилга байгууламж, 94000 м/кв бүхий 543 ширхэг тоног төхөөрөмжтэй депоны цогцолбор, 5000 тн жинтэй ачаа татах хүчин чадалтай энэ дэлхийн хамгийн хүчирхэг хөдөлгүүртэй 16 ширхэг зүтгүүр, 25 тоннын даацтай 810 ширхэг ачааны вагоныг нийлүүлэн хүлээлгэж өгч байна.

Бид төмөр замын стандартыг шинэ шатанд гаргалаа. Дурдвал,

  • Европын стандартын зам төмөр ашигласан. Төмөр замын гол замын урт 233 км, дэлгэмэл урт нь 312 км. Өөрөөр хэлбэл, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл зам тасралтгүй үргэлжилнэ.
  • Монгол Улсын хамгийн урт гүүр болох 430 метрийн дан нуруут гүүрийг бүтээн байгууллаа.
  • Галт тэрэг явж байхад нь жинлэх автомат байгууламжтай.
  • Нэгдсэн удирдлагын төвөөс бүх өртөө, зөрлөг, сумыг удирдах боломжтой.
  • Эрчим хүчний хоёр эх үүсвэр бий болгож, реле хангалтын хамгийн сүүлийн үеийн тоноглолоор тоноглолоо" гэсэн юм.

Дараагийн нийтлэлээрээ бид оффтэйк гэрээн дэх нүүрсний үнийн асуудлыг хөндөх болно.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe