Хонг Конгийн Тай По дүүрэг дэх Ванк Фук хэмээх томоохон орон сууцны цогцолбор хотхонд өнгөрсөн сарын 26-ны өдөр орон нутгийн цагаар 15:00 цагт гал түймрийн хэрэг гарсан билээ.Түймрийн улмаас 159 иргэн амиа алдсан харамсалтай мэдээг дуулаад байна.
Тус хотхон 1983 онд баригдсан бөгөөд найман блок бүхий 31 давхар цогцолбороос бүрддэг. 2021 онд Засгийн газрын хүн амын тооллогоор тус хотхонд нийт 4600 орчим оршин суугч амьдардаг нь тогтоогдсон. Үүний 40-60 хувийг хүүхдүүд эзэлж байна. Ван Фук нь тус бүс дэх дундаж айлуудын амьдардаг хэсэг юм. Нийт найман блок бүхий хотхон 42.2 сая ам.доллароор үнэлэгддэг аж.
Яагаад гал алдав
Одоогоор гал алдсан шалтгаан албан ёсоор тогтоогдоогүй ч мөрдөн байцаах үеийн урьдчилсан дүгнэлтээр барилгын гадна талыг хулсан шатаар бүрсэн байжээ. Энэхүү материал нь галд тэсвэргүй, шатамхай материал юм.
Мөн барилгын цонхны хэсгийг хөөсөнцөр хавтангаар хийсэн бөгөөд энэ нь гал дүрэлзэх шалтгаан болсон байж болзошгүй гэж үзэж байна.
Тус барилгад өнгөрсөн оноос хойш засварын ажил хийж эхэлсэн бөгөөд чанаргүй, стандартын материал болон хайхрамжгүй байдал ийнхүү аюулд хүргэсэн байж болзошгүй юм.
Саяхан тус хотын Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллага засварын ажилтай холбоотой авлига, стандартын бус барилга барьсан байж болзошгүй зэрэг асуудлаар барилгын компаниудын захирлууд болон бусад 15 хүнийг баривчилжээ. Мөн бүх барилгын галын дохиоллыг шалгах явцад зарим дохиоллууд ажиллагаагүй байсныг тогтоожээ.
Гал хэр ноцтой байв
Энэ нь Хонг Конгт сүүлийн 63 жилийн хугацаанд гарсан хамгийн олон хүний амийг хохироосон түймэр бөгөөд аюулын зэрэглэлээр хамгийн өндөр буюу тавдугаар зэрэглэлд бичигдэж байна. Гал гарж эхэлснээс хойш 44 цагийн дараа бүрэн унтраасан байна.
Аврах ажиллагаанд 2311 гаруй гал сөнөөгч оролцож, тэднээс 12 нь бэртэж, нэг хүний амь эрсэджээ.
Монгол Улсад
Хонг Конгийн жишээнээс харахад стандартын бус, чанаргүй материалаар хийгдсэн барилгууд болон хайхрамжгүй байдал асар их хэмжээний эрсдэлийг дагуулж байна.
Улаанбаатар хотод нийт 335,105 барилга байгууламж байна. Эдгээр барилга чанар стандартын шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Үүний хэд нь стандартын дагуу баригдсан бол?
Монгол Улсад барилга, байгууламжийн талаар 425 норм, дүрэм байна. Гэсэн хэдий ч эдгээр дүрмүүд бүрэн дүүрэн хэрэгжиж буй мөн нь эргэлзээтэй.
Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад 2021, 2022 онд ирүүлсэн нийт 70380 гомдлын ихэнх хувь нь барилга, байгууламжийн чанар аюулгүй байдал, барилгын норм дүрэм зөрчиж буйг шалгуулах, барилга байгууламжийн зориулалтыг хянах, ажлыг нь зогсоох тухай байжээ. Энэ их хэмжээний санал, гомдол байна гэхээр Улаанбаатар хотоор дүүрэн чанаргүй, стандартгүй баригдсан барилга байгаа нь тодорхой.
Жилд орон сууцны барилгад санаатай болон санамсаргүй байдлаар гал алдсан 200 гаруй дуудлага ОБЕГ-т бүртгэгддэг байна. Үүнээс гадна бид долоон баллын газар хөдлөлтийн бүсэд амьдарч буй ба нийслэл дэх барилга байгууламжийн 40 гаруй хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн судалгаа бий.
Монгол Улсад: Баталгаагүй барилга
Сүүлийн жилүүдэд нийслэл хотоор дүүрэн village, residence-үүд сүндэрлэж байна. Энэ оны долоодугаар сарын байдлаар шинэ орон сууцны дундаж үнэ 4.7 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны дундаж үнэ 4.5 сая төгрөгт хүрчээ.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Манай улс олон улсад орон сууц худалдан авах чадвараар муу гэсэн үнэлгээтэй. Ихэнх иргэд өөрийг гэсэн орон сууцтай болох гэсэн зорилго дор ажиллаж, амьдарч байна. 2025 оны эхний хагас жилийн байдлаар манай улсын сарын дундаж цалин 2.1 сая төгрөг, татвар, шимтгэл суутгаад 1.6–1.7 сая төгрөгийн цалин авч байна.
Ийм хэмжээний цалин авч, энэ хэмжээний мөнгө зарж, арай ядан байртай боллоо ч аюулгүй амьдрах баталгаа алга.
Сэтгэгдэл үлдээх