Оюу толгойн бүлэг ордод Онтрэ 32 хувь эзэмшдэг гэх мэдээллийн мөрөөр нягтлав

Ц.Чимэдцэеэ
2025-12-01

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюу толгойн бүлэг ордын геологийн нөөцийн Херуга болон Өмнөд Хюго ордод хамаарах 32 хувь, түүнийг дагаж манай улсын хүртэх өгөөж нэмэгдэх тухай удаа дараа мэдээлж буй.

Нэг. Зууны мэдээ сонины энэ оны наймдугаар сарын 19-ны 152 дугаарт 

Бүлэг ордын геологийн нөөцийн 32 хувийг нь “Онтрэ” компани эзэмшиж байна. Задалж үзвэл, алтны хүдрийн нөөцийн бараг 40 хувь яригдана. Зэсийн хүдрийн нөөцийн 24 хувь, молибдены 94 хувь нь байдаг.

Дээрх ярилцлагыг ubn.mn болон isee.mn сайт тус тус мөн өдөр нийтэлжээ.

Хоёр. “Батнайрамдал Отгоншар - Nagi Otgonshar” фэйсбүүк хуудсаар “О.Батнайрамдал: Оюутолгой ЗЭСИЙН ХҮДЭР олборлоод байна уу, ЗЭЭЛИЙН ХҮҮ олборлоод байна уу?” тайлбар бүхий бичлэгт

08:35-09:07 32 хувийн хүдрийн нөөцийн 24 хувь, алтны 41 хувь, мөнгөний 28, молибдены 94 хувь нь Онтрэ компанийн лицензэд хамаардаг гэсэн үг. “Онтрэ” компани эзэмшиж байна. Задалж үзвэл, алтны хүдрийн нөөцийн бараг 40 хувь яригдана. Зэсийн хүдрийн нөөцийн 24 хувь, молибдены 94 хувь нь байдаг.

10:01-10:18 "...төрийн эзэмшлийн хувь хэмжээг илүү ойлгомжтой тогтоож тавих ёстой. Ингэж байж Монгол Улсын эрх ашиг Оюу толгойн нийт бүлэг орд дээр хангагдана. Монгол Улсын хүртэх өгөөж ч гэсэн тэр чинээгээрээ нэмэгдэнэ"

Ийнхүү ярьснаас үүдэн дээр дурдсан ашигт малтмалуудын геологийн нөөцийн хэмжээгээр Монголчууд өгөөж хүртэх нь гэх ойлголт газар аваад байна.

Тэгвэл хамгийн түрүүнд геологийн нөөцийн 32 хувьд ногдох бүх ашигт малтмалыг олборлох боломжтой эсэхийг нягталъя.

Геологийн нөөц нь газар доорх ашигт малтмалын судалгаа, өрөмдлөгөөр тогтоосон таамаглалтай хэмжээ. Австралид боловсруулсан, дэлхийд өргөн хэрэглэгддэг ашигт малтмалын нөөц ба баялгийн тайлагналын JORC олон улсын стандартын дагуу дээрх нөөцөөс техник, эдийн засгийн тооцоогоор олборлож болох нь баталгаажсаныг ордын нөөц буюу бодит баттай нөөц хэмээн нэрлэдэг.

Учир нь геологийн нөөцөөр тогтоосон ашигт малтмалуудаас зарим нь хэт гүн, зарим хэсгийг ухахад зардал ихтэй ч ашиггүй, зарим хэсэгт олборлолтын технологи хүрэхгүй зэрэг асуудалтай тулгардаг.

“Oyu Tolgoi 2020 Technical Report – Turquoise Hill Resources Ltd.” тайлангаас харахад, зөвхөн Оюу толгойн ордын геологийн нөөцөд хамаарах зэсийн 31–36 сая тонн байсан бол түүнээс одоогийн судалгаагаар олборлох боломжтой нөөц нь 10.3 сая тонн буюу ойролцоогоор 3 дахин бага.

Уг тооцоолол ч өөрчлөгдөх боломжтой буюу үргэлжлүүлэн тасралтгүй судалж, геологийн нөөцөө үйлвэрлэлийн нөөц болгох боломж техник технологийн хөгжлөө даган өргөжиж байдаг нь уул уурхайн зарчим юм.

Иймээс геологийн нөөц бүхэлдээ ашиглах боломжтой нөөц биш бөгөөд О.Батнайрамдал гишүүний мэдэгдэл цэцгийн савтай үрээс тариалангийн талбайн өгөөж нэхэхтэй адил боломжгүй зүйл.

Харин энэхүү 32 хувийн лицензийг Монголын талд авч, өгөөж нэмэгдэнэ гэсэн төсөөлөл нь бодит тооцоо, гэрээний нөхцөл, эдийн засгийн үр ашиг зэрэг тооцооллоор баталгаажаагүй учраас олон эрсдэл дагуулж байна.

Учир нь уул уурхайн хөрөнгө оруулалтын зардлыг 10-20 жилд нөхдөг.

Иймд Монгол Улсын эдийн засаг өнөөгийн нөхцөлд геологийн нөөцөөс бодит нөөцийг тогтоох, олборлох хүртэл бүхий л шатанд хөрөнгө оруулах буюу зардал гаргах боломжтой эсэхээ дүгнэх хэрэгтэй.

Шат шатандаа төрийн менежмент муу үнэлүүлж буй энэ үед 32 хувийн лицензийг нэмж эзэмших нь эчнээ танил шилэн дансны зарчим мөрдөхгүй ашиглах, үр ашиггүй оператор томилох, алдагдалтай ажиллах зэргээр баялаг бус, зардлын эх үүсвэр болж хувирах ч эрсдэлтэй байна.

Мэдээллийн гажуудлыг долоо ангилдаг. Энэ дундаас УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын дурдсан геологийн нөөцөөс шууд ашиг хүртэх сэдэл өгч болох агуулга тараах нь “төөрөгдүүлсэн агуулга” хэмээн тодорхойлогдож байна.

Товчоор бол эшлэл, статистикийг онцлох замаар аливаа асуудлыг тодорхой хүрээнд хайрцаглаж, яг тийм мэтээр харагдуулан тархи угаах технологи.

Сэтгэгдэл үлдээх

Юу гээл худлаа2 тоо бодоод байгаа юм дээ. Оюу толгойн 2005 оны хайгуулын resourse нь одоогийн бодит reserve нөөцөөс бараг 2 дахин бага байсан шүү. Металл нь харин ч илүү их болж таарсан гэсэн үг.

Bold Baatar

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe