Б.Батхишиг: Одоо инээгээд ярьж байгаа ч Эверестийн оргилд хүрэхэд маш их сэтгэлийн хүч шаардсан

Д.Халиунаа
2025-11-24

“Цэгц” клубийн уулчин Б.Батхишигтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна. Тэрээр энэ оны тавдугаар сард далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт оршдог Эверестийн оргилд амжилттай хүрсэн билээ.

Анх хэзээнээс ууланд алхах спортоор хичээллэж эхэлсэн бэ?

- 2016 оноос хойш энэ спортоор хичээллэж байна. Анх энгийн алхалт хийдэг байлаа. 2016 оноос хойш гүйж эхлээд, өглөө болгон үүрээр ууланд алхдаг болсон.

Энэ спортыг сонгох болсон шалтгаан юу вэ?

- Их олон түүхтэй. Хамгийн том шалтгаан гэвэл удаан хугацааны турш нойргүйдлээс үүдэлтэй харшлын өвчтэй байсан. Түүнийг даван туулахын тулд анх ууланд алхаж эхэлж байсан. Үүнээс хойш өдөрт хоёр уудаг байсан харшлын эмээ хаяж чадсан. Ингээд яван явсаар нэг мэдэхэд уулын гүйлт, марафон, дугуй унах зэрэг спортуудад донтсон. Нэг ёсондоо адреналинд дурласан гэх юм уу. 

8848 метрийн өндөрт орших Эверестийн оргилд гарсан түүхээсээ хуваалцаач?

- 2025 оны тавдугаар сарын арван наймны өдөр үүрээр Эверестэд амжилттай оргилдсон. Тэр мөч бол миний хувьд үнэхээр гайхамшигтай байсан. Яагаад гэвэл маш олон уналт босолттой тэмцэж, дахин амжилт тогтоож, түүнийг батлахыг зорьж байсан учраас. Үүнээс өмнө 7134 метрийн өндөрт байрладаг Ленин оргил, 8516 меорийн өндөр Лхоце оргил, 8163 метрийн өндөртэй Манаслу оргилуудад гарсан. Яг л уулчдын замналаар бүгдийг багаас нь эхэлж, Монгол орныхоо ихэнх хайрхнаар авирсан. Тэгээд л араас нь Эверестийг зорьсон доо.

Тухайн үед ямар нөхцөл байдалтай, юу мэдэрч байсан бэ?

- Эверестэд хэдхэн өдөр л цонх онгойдог. Үндсэн отогтоо сар гаруй хугацаанд байрласан. Цаг агаар харах хэрэгтэй болдог. Аяллын компанийн зөвлөмжийн дагуу эхний өндөр авиралтаа хийх ёстой. Энэ үйл явц маань гурав, дөрвөн хоногийн турш үргэлжилдэг. Олон бэлтгэл сургуулилт хийж, олс тавьсны дараа авиралтаа эхлүүлэх ёстой. Ер нь бол маш хүнд цаг үе байсан. Хэдийгээр би одоо инээгээд ярьж байгаа ч тухайн үеийн нөхцөл байдалд бол маш их сэтгэлийн хүч шаардсан. Оргилд гарахын тулд зөвхөн биеийн хүчний бэлтгэлээс гадна сэтгэл зүйгээ сайн бэлдэх хэрэгтэй. Тэр л хамгийн чухал.

Манай улсаас ямар баг, бүрэлдэхүүнтэй явсан бэ? 

- Манайхаас уулчин А.Баттогтох, Ч.Ариунзул нар хамт оргилдсон. Хамгийн гоё нь бүгдээрээ амжилттай оргилдоод буусныхаа дараа бие биедээ баяр хүргээд хоол идэх тэр мөч л хамгийн сайхан байсан даа. 

Та ууланд алхах спортыг сонирхдог хүмүүст зөвлөгөө өгч болох уу?

- Спорт бол өөрийгөө олж, би хэн билээ гэдгээ  тодорхойлоход тусалдаг. Бусадтай өрсөлдөхөөс илүү өөрөө өөртэйгөө өрсөлдөж, тэмцэх чадварыг авчирдаг. Ууланд алхахын тулд өөрийгөө хайрлах хэрэгтэй. Бусдыг дагаж уралдаж, тэмцэлдэж гүйх биш өөрийнхөө алхам бүрийг мэдэрч урагшлах хэрэгтэй. Үүнийг л хэлмээр байна.

Дээрээс нь хүмүүст зөвлөхөд та ууланд алхаж байгаа бол хөлөө маш ойрхон зөөж алхахаас гадна амьсгалаа зав тохируулах маш чухал. Амьсгал буруу байгаа тохиолдолд бид хүчилтөрөгчийг авах биш тэрнээсээ илүүтэйгээр бүх биеийн эд эс хүчилтөрөгчийн дутагдалд ордог.

Тиймээс бүгдээрээ байгальтайгаа дасан зохицож, эрүүл амьдрахын тулд цастай, бороотой ямар ч нөхцөлд ажрахгүй энэ сайхан хайрхнууддаа бараалхан, уул хадаараа явж байгаарай гэж хэлмээр байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe