Өнгөндөө эвлэрч Н.Учралыг дуу нэгтэй намын даргаар сонгосон МАН-ын дотоод хагарал, зөрчилдөөн төгсгөл болоогүй. Одоо ил биш далд зөрчил жинхэнэ утгаараа эхэлнэ. Аливаа зүйл нууц, далд байх тусмаа хууль өнчирч үлдэж, иргэдийн эрх ашиг хуультай хамт ард хоцордог. Шинэ намын дарга Н.Учрал одоогийн байдлаар Г.Занданшатар Ерөнхий сайдын орлогч, танхимын гишүүн бөгөөд шууд удирдлага дор нь ажиллаж байгаа. Намын дарга нь тойргоосоо ч сонгогдоогүй төлөөний Ерөнхий сайдын удирдлага дор ажиллана гэдэг өөрөө утгагүй. Тийм учраас эхлээд Засгийн газрын бүрэлдэхүүнээс Н.Учрал гарах нь тодорхой. Түүний дараагийн албан тушаал нь УИХ-ын дарга байх магадлал өндөр. Учир нь одоогоор эрх баригч намын онгорхой байгаа эрх мэдэлтэй ганц албан тушаал нь УИХ-ын дарга юм. Н.Учрал өөрөө намын дарга болох үедээ Г.Занданшатарын Засгийн газрыг тогтвортой ажиллуулна гээд ам гарчихсан. Энэ нь би Ерөнхий сайд болохгүй ээ гэж байгаатай ижил мэдэгдэл. Ерөнхийлөгчийн шоглоом ч гэсэн тийм байсан байх. Д.Амарбаясгаланг нэрийг нь татуулж амьд үлдээх, Г.Занданшатарыг засагтай нь үлдээж нэрийг нь татуулах. Ингээд цагтаа өөрийг нь аав гэж дуудаж явсан Н.Учралыг гарган ирж шатрын хүү болгох. Бусад хүмүүс нь хэзээ нэгэн цагт Л.Оюун-Эрдэнэ шиг эргээд өөрийг нь мөргөнө гэж бодсон биз. Шалдан намын дарга байвал ямар ч хүчгүй. Намын даргын өрөөний түлхүүрийг Ерөнхий сайд, УИХ-ын даргын өрөөний түлхүүртэй нэг оосорт хийхгүй л бол хэн ч түүнийг ойшоохгүй нь ойлгомжтой. Ерөнхийлөгчид гүйцэтгэх засаглал тийм ч сонин биш. Харин УИХ-ын дарга байж танхимаа базах бодлого хэрэгтэй. УИХ-ын даргын алх байгаа цагт Ерөнхийлөгчийн засаглалтай болно уу, парламентаас Ерөнхийлөгч өө сонгодог болно уу тэр бол цаг хугацааны асуудал. Тийм учраас хамгийн ойрын хугацаанд Н.Учралыг УИХ-ын дарга руу ямартай ч зүтгүүлнэ. Тодорхой ч нүүдэл.
О.Цогтгэрэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын атгасан гар суларч эхэлжээ...
Ардчилсан нам өнөөдөр бүлгийн хурлаараа намын дарга давхар албан тушаал хаших ёсгүй, намаасаа татгалздаг байх ёстой гэсэн хуулийн төсөл өргөн барих дээр нэгдлээ. Тодорхойлбол эрх баригч намын дарга УИХ-ын дарга байх ёсгүй гэсэн үг. Байх юм бол намаасаа татгалзана. Өнгөндөө Н.Учралыг УИХ-ын дарга болгохгүй замд нь тээг болж байгаа мэт харагдав ч О.Цогтгэрэлийн Ерөнхийлөгчтэй атгалцсан гар нь суларч эхэлжээ гэж харж болохоор. Яагаад О.Цогтгэрэл Ерөнхийлөгчтэй гар барьсан гэж үү. Нэг ийм явган яриа байдаг. О.Цогтгэрэл МАН-ын дотоод улс төрийн зарим зүйл дээр Ерөнхийлөгчийн шоглоомд оролцож бүлгээ базаж чадвал 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд түүний эсрэг сул хүн тавьж өгөх тохироо хийсэн гэж. Тэгвэл яагаад энэ хоёрын андгайлж атгалцсан гар суларч байна вэ гэж үү. Ерөнхийлөгч Н.Учралыг зүгээр ч нэг намын даргаар тавиагүй. Арван уулын цаадхыг харж тавьсан байх. Ерөнхийлөгчийн засаглалтай болох гээд байна уу, Ерөнхийлөгчийг дахин сонгодог байж болох ажлаа үргэлжлүүлэх гээд байна уу эсвэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгох гээд байна уу. Эдгээр хувилбарын аль нь ч явсан бай О.Цогтгэрэлд ашиггүй. Ардчилсан намаас сонгогдсон гурав дахь Ерөнхийлөгч болох түүний төлөвлөгөө, хүчин чармайлт талын нэг таран унана. Тийм учраас Ерөнхийлөгчийн хөлд тээг болж Н.Учралыг хууль баталдаг УИХ-ын хойморт суулгахгүй байх улс төрийг хийж эхэлсэн гэж хардаж болох. Ардчилсан намын санаачилсан энэ хуулийн төсөл батлагдах юм бол Н.Учрал нэг бол УИХ-ын дарга болохгүй, УИХ-ын дарга болох юм бол намаасаа татгалзана гэсэн хоёр сонголт л үлдэх юм. Ийм дээрээ тулбал хүнд л сонголт.
УИХ-ын дарга нам бус байх ёстой юу?
Эрүүл парламентыг бий болгоё гэвэл Ардчилсан намын санаачилсан хуулийн төсөл зөв гарц байж болох. Гэхдээ намаасаа татгалзлаа гээд намынхаа эсрэг ажиллаад төвийг барина гэсэн зүйл байхгүй. Ялангуяа угжирж, удсан намын нүүрний эгнээнийхэн бол бүр ч үгүй. Тэгэхлээр бүх зүйл хоёр талтай. Энэ хууль хэрэгжвэл эхний 10 жил лав нар үзэхгүй. Шүүх тусам цэвэршдэг шиг алсдаа л үр дүн гарч магадгүй. Нөгөө талдаа худлаа даа гээд суугаад байж бас болохгүй. Тэгэхлээр энэ манлайллаа Ардчилсан нам өөрсдөө эрх барьсан цагт хийж үзүүлж байж олны хорыг гаргах л боломж одоогоор байгаа байх. Түүнээс том ах хийнэ гэснээ хийдэг гэдгийг улс даяараа л харлаа. Харин Ардчилсан намын гаргаж байгаа энэ улс төрд нөгөө талаас ямар хариу барих нь сонин. МАН мурьдгаараа алдартай. Ардчилсан нам ч муриулдгаараа алдартай. Дүрмийг зохиодог нам нь, хуулийг баталдаг УИХ нь том ахад байна.
Сэтгэгдэл үлдээх