С.Баярын “Тавантолгойн цагаан толгой”-гоос онцлох нь

.Graph
2025-11-12

Тавантолгойн орд, ялангуяа Ухаа худагтай холбоотой хэл ам, хардлага дагуулаад буй өнцгүүдэд Санжийн Баяр хариулжээ. Тодруулбал, Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр “Тавантолгойн цагаан толгой - Үнэн зөв, бүрэн бүтэн баримт, мэдээлэл” гэх 500 орчим хуудастай, 5 бүлэг, 54 баримтаас бүрдэх номыг эрхлэн гаргажээ. Уг номд дурдсан баримтуудаас онцлон хүргэж байна. 

Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр “Энержи ресурс” ХХК-д Ухаа худагийг өгсөн үү

  • УИХ-ын 2007 оны 87-р тогтоол буюу “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн 19-р хэсэгт “Тавантолгойн нүүрсийг ашиглах нөхцөлийг заасны дагуу Засгийн газраас гэрээ хийсэн.  
  • Нийт таван яам, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн төлөөлөл бүхий томоохон ажлын хэсэг гарч, 3 сарын турш “Энержи ресурс” ХХК-тай хэлэлцээр хийжээ. 
  • Ийнхүү 3 сарын турш, 9 удаа хэлэлцээр хийсний “Энержи ресурс” ХХК-д байсан 6 лицензийн 5-ыг нь буюу нийт талбайн 96%, нөөцийн 94%-ийг төрд албан ёсоор шилжүүлэн авчээ. 
  • Харин нийт талбайн 4%, нөөцийн 6%-ийг бүрдүүлж байсан Ухаа худагийн талбайг “Энержи ресурс” ХХК-д үлдээхээр хэлцэлд хүрч байжээ. /Х.324-344/
  • Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэлийн зүгээс 2008 онд хэлцэлд хүрч, “Энержи ресурс” ХХК-тай байгуулсан гэх дээрх гэрээ болон холбогдох баримт бичгүүд олдохгүй байна, архивд алга хэмээж байсан. 
  • Гэвч 2008 онд байгуулсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээний төсөл” Засгийн газрын архивд хадгалагдаж байгааг ЗГХЭГ-аас сайд асан О.Алтангэрэлд 2025 оны 4 сарын 22-нд албан бичгээр мэдэгдэж байжээ. /Х.262/
  • Тухайн үеийн хуулиараа төрийн оролцооны хувь зөвхөн 51% хүртэл байж болох заалттай байсан ч үндэсний компани гэдэг утгаар нь хэлэлцээр хийж ярилцсаар, 96%-ийг төр авсан аж. 

Тавантолгойн гол “өрөм” хэсэг буюу Ухаа худагийн ордыг Энержи ресурс ХХК-д өгчихсэн үү

  • Энэ талаар доктор, профессор С.Авирмэд “Тавантолгойн гол хэсэг нь Цанхи. Бүх нөөцийн дийлэнх нь тэнд байгаа байх шүү. Нөөцийн 2-3 тэрбум нь лав Цанхид байгаа. Тэгээд коксжих нүүрсний ихэнх хувь тэнд байгаа. Өрөм хэсэг гэж хэлж болно” хэмээн 2012 онд “Тавантогойн түүх” нэвтрүүлгийн үеэр хэлж байжээ. /Х.26/
  • Ухаа худагийн хэсэг “коксжих” чанартай нүүрсний ихээхэн нөөцтэй хэдий ч олборлоход хүндрэлтэй тогтоцтой гэж үздэг аж. 

Улсад ямар ч үр ашиг байхгүй, татвараас зугтаадаг уу

  • Энержи ресурс ХХК Ухаа худаг уурхайн үйл ажиллагааг 2009 онд эхлүүлснээс хойш 2024 оны жилийн эцэс хүртэл 1.27 их наяд төгрөгийн АМНАТ төлжээ. /Х.70/
  • Мөн хугацаанд 2.6 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. /Х.437/

Лицензийг нь хулгайлж авсан уу

  • 1996 онд Тавантолгойн ордын хайгуулын лицензийг АНУ-ын “Magma Copper”  компани аваад, энэ компаниас Австралийн “BHP Billiton” компанид шилжиж. Дэлхийн энэ том компани Монголын энд тэнд хайгуул хийж байснаа “Эдийн засгийн үр ашиггүй, дэд бүтэц нь хөгжөөгүй” гээд гарахдаа 1999 онд лицензээ төрд буцаан өгсөн. /Х.xix/
  • Тус лицензийг Монголын “Майн-Инфо” компани аваад, 2005 он гэхэд “Энержи Ресурс” компанид шилжүүлжээ. Харин “Энержи Ресурс” 2006 онд хайгуулын лицензүүдээ ашиглалтын лиценз болгосон байна. /Х.201/

Уг үйл ажиллагаанд Үндэсний Аудитын газраас шалгалт хийж, холбогдох хуулийн дагуу шийдвэрлэснийг баталсан байдаг. /Х.205/

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe