Том ах бүхнийг мэддэг хэвээр

Б.Энхтулга
2025-11-12

МАН-ын даргын сонгуульд Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нар нэр дэвшихгүй гэдгээ зарласнаар дотоод зөрчил нэг тийш шийдэгдэж байгаа нь тодорхой болов. Намын дарга гэдэг албан тушаалыг авах гэж л хэдэн сар хоёр тал болж хуваагдан намынхаа зовлонг нийт ард түмний, улсын зовлон болтол нь явсан. Зогсох цэг байхгүй мэт аашилж байсан тэр хүмүүс эцэстээ зарим нь албан тушаал авч, зарим нь албан тушаалаа алдсанаар түр зогслоо. Энэ цаг үед Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар гарцаагүй хүчин мөхөстөж арын эгнээ рүү шилжсэн ч эрх мэдэлд дассан хүмүүс эргээд амьсгаа авах мөчөө л хүлээж суух байх. Тэр эгзэгтэй цаг үе нь хэзээ вэ гэдэг л тодорхой бус.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүчийг дутуу үнэлсэн дүү нар...

Энэ бүхний эхлэл У.Хүрэлсүхээс эхлэлтэй гэхэд хол зөрөхгүй байх. Түүний эрх мэдэлд шунасан дүү нар болон өөрийн эрх мэдлээ мөнхийн болгох гэсэн хүсэл нь олны нүдэн дээр нэгнийгээ нүцгэлэхэд хүргэсэн. Эхлээд Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрыг нь хэдхэн хоногийн дотор огцруулж үзүүлэв. Дараа нь түүнтэй хамт том ахын найрын ширээнээс боссон найзууд нь буюу Д.Амарбаясгалан УИХ-ын даргын албан тушаалгүй болж яллагдагчаар татагдан, Х.Булгантуяа нь Үндсэн хууль зөрчсөн төрийн гэмт хэрэгтэн болж УИХ-ын дэд даргаасаа хөөгдөж буув. Бүр “Бодь”, “Херо” хоёрыг нь хүртэл олны өмнө цаазалж эхэлсэн. Ер нь эргэн тойронд байсан бүхий л хүмүүсийг нь дарж хүчийг үзүүллээ. Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч УИХ-аар ганц Хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжүүлж чадахгүй байдалд хүрсэн. Нэг ёсондоо хэн ч биш болгож үзүүлэв. Том ах хүчтэй хэвээр. Томчууд гэж боддог байсан улс төрчдийг гарынхаа аясаар хөдөлгөж, хаяхыг нь хаяж, дэмжихийг нь дэмжиж байна.

Дараагийн Л.Оюун-Эрдэнэ бол Н.Учрал...

У.Хүрэлсүх сумын улс төрд будилж явсан Л.Оюун-Эрдэнийг улсын улс төрд манлайлагч болгож харуулсан. Эргүүлээд яаж олны хамгийн дургүй, арчаагүй улс төрч болгож чаддаг гэдгийг ч харууллаа. Тэр чадсан, чаддаг, чадсаар байх юм байна. Эхний эгнээний улс төрчид хойш суух үед мэдээж арын эгнээ урагшилна. Тэр дундаас магнай халзан зураастай нь Н.Учрал болж таарлаа. Түүнд дараагийн намын дарга, 2027 болон 2028 оны сонгуульд амжилттай намаа чирсэн лидерийн дүр бэлдсэн бололтой. У.Хүрэлсүхийн дараагийн Л.Оюун-Эрдэнэ бол Н.Учрал байх нь ээ. ЖДҮ, Боловсролын зээлийн сан зэрэг асуудлууд л араас нь дагадаг болохоос биш энэ цаг үеийн өсөж яваа улс төрчдийн нэг. Бусдаас арай нэр, царай цэвэр мөн олон жил Ерөнхийлөгчийн талд явсан учраас шагналаа хүртэж буй нь энэ биз ээ. 

Туслах дүр Г.Тэмүүлэн...

Учралтай хамт МАН-ын даргад өрсөлдөх хүмүүсийн нэгээр Г.Тэмүүлэн яригдаж байна гэх. Намын даргын сунгаа яригдахаар л хамгийн түрүүнд түүний нэр явж байдаг. Нэг талаараа болчих хэмжээний гэж үнэлэгдэж байгаа нь сайн хэрэг ч юм шиг. Өөрт нь эсвэл тийм амбиц байгаад байдаг ч юм уу. Хэн мэдэх вэ. Гэхдээ яг гол дүрээр биш туслах дүрээр орж ирдэг нь харамсалтай. Энэ удаад жинхэнээсээ орж ирвэл тэрээр Н.Учралын хажууд бараа болж зогсох л үүрэгтэй байх. Нам дотроо олонхын дэмжлэггүй учраас намын даргын суудал түүнд өндөрдөнө. Угаас зурагдсан сонгуулийн нэг хэсэг нь болж жаахан пи ар хийх л агшин юм уу даа. Уг нь зөв ярьдаг, зөв биеэ авч явдаг харьцангуй цэвэрхэн улс төрч. Гэхдээ дэмжлэг л бол дэмжлэг. А.Б болон Л.О-ийн уналт үүнийг батална.

Ямартай ч олон хоног үргэлжилсэн МАН-ын зөрчил 2026 оны төсөв батлахтай зэрэгцэн хэсэг хугацаанд намжиж байгаа нь сайн хэрэг. Эрх баригч нам хоорондоо зөрчилдөхөөр эцэг, эх нь хажууд нь хэрэлдэж, зодолдох үед айдсын нулимс нүднийх нь аягыг дүүргэн бүлтгэнээд зогсож буй хүүхэд мэт байдалд ард түмэн орчих юм. Гэхдээ яг юун дээр зөвшилцсөн юм бол. Үндсэн хууль зөрчсөн Х.Булгантуяаг дэд даргаас нь чөлөөлөөд л орхих юм уу. Гишүүнээс нь эгүүлэн татахгүй юу. Нүүрсний хулгайтай холбогдсон Д.Амарбаясгалан ял авах уу. Эсвэл тохиролцооны нэг хэсэг болоод намжих уу. Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотлох, “Херо”-ийн мөнгө угаалт хэрхэх вэ зэрэг олон асуулт ард хаягдаад хоцрох вий. 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe