Д.Амарбаясгаланг хөнөөсөн утга зохиолын ном

.Graph
2025-11-11

Д.Амарбаясгалан УИХ-ын даргаас чөлөөлөгдсөний дараа олны өмнө гаралгүй, чуулгандаа ч ирж суулгүй олон хоногийг үдэв. Түүний улс төр намрын навчистай хамт өвлийн эхэн сарын зузаан цасанд дарагдан улс төрийг нэг л гунигт автуулах нь тэр. Прокуророос яллагдагчаар татах санал, Х.Булгантуяаг эгүүлэн татах дээрээс нь намын дарга гээд асуудал мундахгүй энэ үед хаа нэгтээ халуун кофе уун бодлого бодон суугаа юм болов уу?

Намрын навчистай хамт тэр алга болчхов уу?

Навчис шарлаж байх үед түүний улс төр ногоорон дэлгэрч байлаа

Намын даргад өрсөлдөх амбиц нь бэлтгэл жигдэрсэн бөх шиг байлаа

Ганц хүний дарангуйллыг гагцхүү зогсоох зориг асаж

Гадуур, дотуур золбоотой явсаан тэр

Инээд алдан илтгэх түүний яриа

Итгэл төрүүлж олныг татсаан

Гэвч нэг л өдөр...

Гэнэт элсэнд шигдсэн зүү шиг, харваж одсон од шиг хаашаа ч юм алга болж

Өвлийн эхэн сарын өтгөн цасанд дарагдсан намрын навчис шиг

Өнгө нь бүдгэрэх гэрэл шиг, ажиллагаа нь муудсан хөргөгч шиг

Дүрэлзэхээ байсан асаагуур шиг

Дүлгэнэж зогсох гайхал шиг

Буйдангийн мухарт шигдэх дэр шиг

Бүхнийг хүлээн зөвшөөрч тухлахаар шийдэв үү

Улс төр, утга зохиол монголд яг л зоосны хоёр тал шиг хоршиж эргэлдсээр олон жилийн нүүрийг үзэв. Уран илтгэгч нь урд манлайлдаг үе аажмаар бүдгэрч, голыг нь олж хатгадаг, гэхдээ гэж байгаад үнэнийг хэлдэг хэсэг нь урд эгнээ рүү зүтгэж эхэллээ. Олны алга ташилтаар шат ахидаг улс төрд хэрхэн, яаж, хэнд хүрэх вэ гэдэг бодлого л хүн болгоны толгойд эргэлдэнэ. Гэвч энэ үед ганц л хүний юу бодож суугааг тааварлах аргагүй. Дэндүү эрэмгий гарсан тэр дэндүү даруухан чимээгүй.

Амьдрал дээр гардаг үе хоорондын үзэл бодлын ялгаа улс төрийн намд ямар хүчтэй илэрдэг гэдгийг МАН-ын асуудал бидэнд хангалттай мэдрүүлэв. Асуудал эндээс биш тэндээс өөрсдийнх нь дээд үетэйгээ булаацалдсан эрх мэдлийн төлөөх санаархлаас эхэлсэн. Амьдрал ээдрээтэй биш бид л өөрсдөө ээдрээтэй болгодог шиг. Зүгээр л байж байх нь заримдаа хамаагүй дээр ч юм шиг. Шархалсан уу, шартсан уу нэг л чимээгүй. Эсвэл намрын навчис өвлийн өтгөн цасанд дарагдахыг цонхоороо харан зогсож халуун кофе уунгаа хааяа нэг хуучирч муудсан сонгодог утга зохиолын номынхоо хэдэн хуудсыг эргүүлэн суух. Ингэж дотор хурсан шаналлаа эдгээж суугаа юм болов уу. Ийм өдрүүд биднийг хурцалж эргээд босох хүчийг хуримтлуулж байдаг. Бүх зүйл үлгэрийн юм шиг үргэлж л ингэж амьдрах юм шиг гайхалтай өдрүүд нижгээд. Хаялсан цасыг хага туучиж, хагдарсан өвсийг ханз татаж хаа нэгтээ чангаар хашхирч, хаана ч би хаан нь байж болох юм шиг. Энэ мэдрэмжийг хэний ч хүү оргил руу мацахдаа мэдэрдэг мэдрэмж. Арай эрт биш ээ арай түргэдсэн ч юм уу. Тэр нь түүнийг аргагүй байдал руу түлхэж орхив уу. Ацан шалаанд орох үед ардын нам байтугай амьдрал утгагүй санагдах үе. Энэ бүхнийг орхиод энгийн амьдралдаа оръё гэвч дүрсэн гараа татаж чадахгүй. Эргээд харахад өөрийг нь бага багаар хөнөөж байсан зүйл нь зүг чигээ асуудаг байсан утга зохиолын ганц муу ном л байж таарах нь... 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe