"Ухаа худаг"-ийн улс төржилт

.Graph
2025-11-11

“Ухаа худаг”-ийг Хянан шалгах түр хороог байгуулах талаар өчигдрийн чуулганаар санал хураах байлаа. Гэвч дэгтэй холбоотой асуудал гарсан учир лхагва гараг хүртэл хойшлуулсан гэдгийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хэлэв.

Ер нь “Ухаа худаг” гэж яг юу юм бэ?

Өмнөговь аймгийн нутагт байрлах дэлхийд томд тооцогдох чулуун нүүрсний орд тавантолгойн нүүрсний орд нь Бортолгой, Бортээг, Оорцог, Ончхараат, Ухаахудаг, Цанхи гэсэн үндсэн зургаан хэсгээс бүрддэг. Түүний нэг хэсэг нь “Ухаа худаг” юм. Түшээт хан аймгийн чуулганы дэд дарга Г.Чагдаржаваас тавантолгойн түүх эхэлж ЗХУ, Болгар, Америк зэрэг судалгааны багийн олон жилийн судалгааны үр дүнгээр дамжсаны эцэст тавантолгойн ордыг нийт нөөц нь 6.5 тэрбум тонн, үүнээс сайн чанарын коксжих нүүрс гарах боломжтой гэсэн дүгнэлт гарсан байдаг. Гэвч дэд бүтэц байхгүй, дэд бүтэц хийхэд хүндрэлтэй гэдэг шалтгаанаар ашиглаж чадалгүй олон жил өнгөрсөн. Энэ хугацаанд БНАСАУ, БНХАУ, Энэтхэг, ОХУ зэрэг олон улсад санал тавьсан ч амжилттай бололгүй 1990 оны сүүл хүрсэн юм. Ингээд 1999 онд “Майн инфо” компанийн захирал Д.Батсайхан хэн ч сонирхохгүй байсан лицензийг авч мөн л дэд бүтэц дээр гацсанаар 2005 онд өнөөгийн Энержи ресурс компанийг байгуулж дотоодын томоохон компаниудад хандан өнөөдрийн түүх эхэлсэн юм.

“Ухаа худаг” яаж яваад “Энержи ресурс” компанид очив...

Ер нь бол тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг “Ухаа худаг”-ийн лиценз “Энержи ресурс” ХХК-д очоогүй. Анхнаасаа энэ компанид тавантолгойн ордыг ашиглах лиценз нь байсан гэсэн үг. 2006 онд Ашигт малтмалын тухай хуулийг УИХ-ын чуулганаар батлаж стратегийн орд гэх тодорхойлолт бий болон төсвийн мөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон бол 50 хүртэлх хувийг төр эзэмшихээр болсон юм. Ингээд С.Баярын Засгийн газар болон “Энержи ресурс” ХХК-ийн төлөөллүүд хэлэлцээрийн ширээний ард сууж дөрвөн сар үргэлжилсэн хэлэлцээрийн эцэст тавантолгойн ордын 96 хувийг төрд буцаан өгч “Энержи ресурс” 4 хувь буюу “Ухаа худаг”-т нүүрс олборлох лицензээ авч үлдсэн юм. Үүнээс хойш төрийн ашигладаг хэсэг одоог болтол дэд бүтэц шийдэгдээгүй, нүүрс угаах үйлдвэргүй эзэнгүй айл шиг орхигдсон бол “Энержи ресурс” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг “Ухаа худаг” нүүрс угаах үйлдвэрээ барьж, зам, цахилгаан, ажилчдын байр зэрэг бүхий л дэд бүтцээ шийдсээр иржээ. Төрийн өмчид хэн ч гамтай ханддаггүй гэдгийн тод жишээ нь энэ. Харин ч бүр төрийн ашигладаг ордуудад нүүрсний хулгай маш ихээр гарч өнөөдрийн улс төрийн том сэдэв болчхоод байгаа билээ.

“Ухаа худаг”-ийг Хянан шалгах түр хороог хэн санаачилсан бэ?

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн “Ухаа худаг”-ийн тусгай зөвшөөрлийг шалгах түр хороо байгуулах санал гаргасан. Ингээд Эдийн засгийн байнгын хороогоор орж олонх дэмжин УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон.

“Ухаа худаг”-ийг яагаад Хянан шалгах гээд байгаа вэ?

Эрх баригч нам дотроо хоёр хуваагдаж намын хуваагдал нь төрийн ордон руу халдаж сүүлдээ хувийн хэвшил рүү хальж байгаа жүжгийг хэдэн сарын хугацаанд бид харж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унаж Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаж нүүрсний оффтейк гэрээнүүдийг ил зарласнаар хувийн хэвшил рүү дайрах нь улам нэмэгдсэн. “Бодь” интернэйшнлтэй холбоотой олон гэрээ гарч ирж энэ бүгд Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий хүмүүстэй холбогдож байсан нь “Ухаа худаг”-ийг ярих нэг шалтаг болсон байж болзошгүй. Учир нь “Ухаа худаг”-ийг хууль бусаар олгосон болгож дараагийн улс төрийн нүүдлээ хийхээс гадна, өөрийн хамаарал бүхий хүмүүсээ аварч үлдэх гарц байж болох юм. Улс төрийн нүүдэлгүй үлдэж “Зүгээр л байж байдаг байж” гэж хэлэхдээ тулсан Л.Оюун-Эрдэнийн эцсийн нүүдэл нь “Ухаа худаг” байх уу?  

УИХ-ын чуулганаар “Ухаа худаг”-ийг Хянан шалгах түр хороо байгуулах санал хураалт гурван удаа явагдав...

УИХ дээр санал хураах үед хэд хэдэн алдаатай үйл явц гарсан. Хянан шалгах түр хороо байгуулах талаар санал хураалтыг хоёр удаа хүчингүй болгож гурав дахь удаагаа унасан ч горимын санал гаргаж дахин санал хураалт явуулахаар болов.

-Эхний санал хураалтад 92 гишүүн оролцож олонх буюу 51 гишүүн татгалзсан санал өгөв

-Хоёр дахь санал хураалт явагдаж 48 гишүүн татгалзаж, 46 гишүүн дэмжсэн ч дахин хүчингүй болгов

-Гурав дахь санал хураалт явагдах үед 46 гишүүн дэмжиж, 46 гишүүн дэмжээгүй санал өгснөөр Хянан шалгах түр хороо байгуулах санал дэмжигдээгүй

Гэвч УИХ-ын танхимд эмх замбараагүй байдал үүсэж гишүүд дэмжсэн санал өгсөөр байтал дэмжээгүй талд орууллаа гэх мэт асуудал яригдсан. Гэхдээ шалгаж үзэх үед тухайн гишүүний санал дэмжсэнээр орсон байсан юм. Ингээд бүр арга бараад гаднаас ирцдээ орсон ч санал хураалтад ороогүй нэг гишүүнийг дуудаж оруулж ирэн горимын санал гаргуулж санал хураалтыг дахин явуулахаар болсон.

Хаана процессын алдаа гарсан байж болзошгүй вэ?

Эхний хоёр санал хураалтыг хуралдаан даргалагч саналын томьёоллоо уншаагүй гэх шалтгаанаар хүчингүй болгосон. Харин гурав дахь саналыг санал хураалтад оролцоогүй гишүүний горимын саналаар хүчингүй болгож дахин санал хураахаар шийдвэрлэсэн. Энэ нь өөрөө дэг зөрчсөн байж болзошгүй учраас өнөөдрийн чуулганаар санал хураалгүй хойшлуулах үндэслэл болсон байж магадгүй юм.

Хоёр процессын алдаа гарсан байж болзошгүй:

-Хуралдаан даргалагч эхний саналыг томьёолол уншаагүй гэх шалтгаанаар хүчингүй болгосон ч хоёр дахь саналыг дахин хүчингүй болгосон

-Санал хураалтад оролцоогүй, танхимд байгаагүй гишүүн гаднаас орж ирэн горимын санал гаргасан

“Ухаа худаг”-ийг Хянан шалгах түр хороо ямар ач холбогдолтой вэ?

-Тухайн үед төр бүтэн эзэмшиж байсан лицензийг хувийн хэвшлээс авч 96 хувийг нь өөрсдөө эзэмшихээр болоод дөрвөн хувийг нь үлдээхдээ процессын алдаа гаргасан байж болзошгүй гэх хардалтыг нэг тийш нь болгох

-Мөн тавантолгойн нийт бүлэг ордын хувь хэмжээг бодитоор тогтоох гэх мэт өнгөрсөн хугацаанд улс төрчдийн ярианы сэдэв болсоор ирсэн улс үнэн, худал мэдээллийг эцэслэх нэг сайн талтай юм. Гэхдээ улс төр нь ихдээд УИХ Хянан шалгах түр хороог байгуулах санал хураалт явуулах үедээ дэгийн тухай хууль зөрчсөн байх магадлалтай учраас эргээд өөрөө УИХ, УИХ-ын дарга хариуцлага хүлээж болохуйц нөхцөл байдалтай байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

3 удаа санал хураагаад. Бүүр нэг их хурлын дэгийг зөрчөөд сурчихсан. Хууль, дэг журам гэж байхгүй болжээ энэ их хурал.

Zochin

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe