Таван жилийн төлөвлөгөөний хэрэгжихэд бэрх ажлууд

Г.Энэбиш
2025-11-10

Засгийн газар “Шинэ итгэл эрс шинэчлэл” уриа дор Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг өчигдөр олон нийтэд танилцууллаа.

Үүнээс бид биелэхэд хамгийн төвөгшилтэй амлалтуудыг нь онцлон хүргэж байна. 

Юуны өмнө нь одоо Монгол Улс дараах үзүүлэлттэй байна.

  • Гадаад өр /ДНБ-ий/ 158%
  • Худалдааны хамаарал 69,7 % 
  • Эдийн засгийн төрөлжилт 145 улсаас 139-д буюу муу 
  • Түүхий эдийн хамаарал 93%
  • Эрчим хүчний импортын хамаарал 24%
  • Түлш шатахууны хамаарал 100%
  • Экспортын хамаарал 91%

Засгийн газрын хийхээр төлөвлөсөн биелхэд бэрх дөрвөн ажил

2030 он гэхэд ядуурлыг 50 хувиар бууруулна 

Хүн амын амьжиргааны түвшинд сардаа 418 мянган төгрөгөөс бага буюу наад захын амь зуух хэрэглээгээ хангаж чадахгүй байгаа иргэнийг ядуу хэмээн үздэг.

Хамгийн сүүлийн ядуурлын судалгаагаар манай улсад 914 мянган иргэн ядуу амьдарч байна. Эдгээрийн тал нь Улаанбаатар хотод суурьшиж буй билээ.

Ерөнхий сайд 2030 он гэхэд  413 мянган хүнийг ядуурлаас гаргана гэж амлав. Жилд багадаа 103 мянган хүнийг ядуурлаас татан гаргана гэсэн үг.

Ядууралтай тэмцэхийн тулд халамжийн тогтоолцоогоо эргэн харах, ажлын байраа нэмэгдүүлэх нийгэм эдийн засгийн бодлого шаардлагатай.

Энэ нь  хувийн хэвшлээ дэмжих, татварын уян хатан бодлогыг бий болгох зэрэг олон залгаа арга хэмжээний үр дүнд бий болно.

Эдийн засгийн эрх чөлөөний индексийг 16 байраар урагшлуулах

Монгол улс 76 орноос эдийн засгийн эрх чөлөөний индексээр сүүлээсээ 3-т буюу 73-р байранд жагсаж байна.

Төсвөөсөө хоёр дахин том 60 их наядын төрийн өмч, шинээр бизнес хийхэд татварын хатуу бодлоготойгоос үүдээн бизнесүүд дампуурч, төрийн олон зуун компани алдагдалтай ажилласаар байгаа.

Тэгвэл Засгийн газраас өргөн бариад байгаа  Эдийн засгийн эрх чөлөөний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нийтийн өмчийн тухай хуулийг батлуулах замаар өмчийн менежмент, үр ашиг, засаглалыг сайжруулах боломжтой гэв.

Ингэхдээ эхний ээлжинд ашигтай ажиллаж байгаа ТӨК-иуд буюу МИАТ, ДЦС III, Төрийн банк зэргээс 10-51 хувийг нь хувьчлахаар бэлтгэж байгаа тухай мэдээллээ. Мөн ТӨК-ийн захирлууд үр дүнтэй сайн ажилласан бол илүү цалин авдаг байхаар менежментийн бодлого оруулахаар зэхжээ.

Баялгийн хулгайтай бодитой тэмцэж чадах уу

Сүүлийн жилүүдэд нүүрс тойрсон хулгайн асуудлаар иргэд хоёр ч удаа талбай дээр гарч жагслаа. Эцэстээ ууган намын өндөр албан тушаалтнууд нэгнээ хулгайч хэмээн баримт сэлт дэлгэн, сүр дуулантай хэвлэлийн хурал хийх болов.

Үүнээс хамаарч ЗГ унах эсэх маргаан МАН дотор эрчийг авч Үндсэн хуулийн цэц хүртлээ хол явлаа. Хулгайтай эвлэрэхгүй хэмээн удаа дараа мэдэгдсэн Занданшатарын баг хүн нь солигдсон ч төрийн нэрээр баялгийн хулгай нүүрсний хулгай хийдэг байдлыг бүр мөсөн халах ёстой.

Одоогийн байдлаар ЗГ-аас зарим худалдан авалт болон бусад гэрээг ил болгоод байна. Олон улсын 8 гэрээг гэрээлэгч талтай хамтран ажилласны үндсэнд ил болгох боломжтой хэмээн мэдэгдсэн.

БЭТ томилж нүүрсний уурхай дээрээс мөнгө хийдэг, хулгай хийдэг дарга нарын хулгай хуулийн хүрээнд бодитой тэмцэж, намынхантай тэмцэх ажил түүнийг хүлээж байна. Нүүрс яриад олон ЗГ огцорч унаж байв.

Энэхүү ажлын хэмжих нэгж, хүрэх дүнг хэтэрхий хийсвэр тавьсан эсэх нь анхаарах ёстой сэдэв болж байна. 

Орон сууцны төрөлжсөн банк байгуулна

2013 оноос хойш 6-8 хувийн хүүтэй орон сууцанд 100 гаруй мянган өрх хамрагджээ. Гэтэл энэ зээл зах зээлийн эрэлтээ даахаа болиод удаж байна. Ипотекийн зээлийн хүлээгдэл 2-3 жил болжээ. Банканд өгсөн иргэний хүсэлт 36 сарын дараа биелнэ гэдэг бол энэ систем доголдоод эхэлсэн жирийн иргэн ар өврийн хаалгагүй, авлига өгөхгүйгээр зээлд хамрагдах боломжгүй болсон гэсэн үг.

Хүний үндсэн хэрэглээ болсон орон байртай болох мөрөөдөл залуучуудаас алсарсаар. 

Учир нь орон сууцны үнэ жилд 10 гаруй хувиар тогтмол өсөж байна. Харин иргэдийн орлого орон сууцны үнийн өсөлтийг даахаа болиод удав. Өмнө нь 30 сая төгрөг цуглуулж чадвал байрны урьдчилгаа болоод зээлд хамрагдах боломжтой байсан юм. Гэтэл одоо дундаж байрны үнэ 5,6 сая давсан. Энэ нь дундаж орон сууц авахын тулд хурааж хуримтлуулах урьдчилгааны хэмжээ өссөн. Хүүг нь сонголттой болгох, зорилтот бүлэгт чиглэсэн бодлого гэх мэтээр орон сууцжуулах ажлыг замын зургийг дахин зурахгүй бол урагшлахаа байжээ. 

Энэ мэтээр 8 чиглэлд 10 реформыг хэрэгжүүлэхээ Г.Занданшатарын танхим зарлалаа. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe