Үндсэн хууль зөрчихүйц улс төрийн нүүдлийн тухай хэн юу хэлэв

.Graph
2025-10-16

Өнөөдөр /2025.10.16/ ТББХ-ны хурлаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, 86.4 хувийн саналаар Ерөнхий сайдыг огцруулахгүй /дэмжээгүй/ гэх шийдвэр гаргасан. Уг “дэмжээгүй” саналыг “дэмжих” томьёоллоор УИХ-ын чуулган дээр санал хураавал Үндсэн хуулийн зөрчил болно гэж үзэж буй. Тэгвэл энэ талаар гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэж байна. 

Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн оролдлогод нь туслахгүй

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

- Чуулганы ирцэд орохгүй байгаа нь ажлаа тасалж байгаа хэрэг биш. Хоёр хуваагдсан МАН-ын нэг талынхан Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн оролдлогод нь туслахгүй гэж байгаа хэрэг. Ардчилсан нам айлын аль нэг талд биш ардчилсан Үндсэн хуулийнхаа талд байна аа л гэсэн үг. Их хурлын дэд дарга Их хурлын даргын индэр дээрээс шалихгүй улс төр ярьж цөхөрсөн олныг парламент руу турхирч байгаа нь харамсалтай. Бид бол мянга мянган жил үргэлжлэх Монголын парламентад цаг зуур өртөөчилж байгаа үзэгдлүүд л болохоос эзэд нь биш. Ард олон нь төрөө барьдаг, олонхоороо асуудлаа хэлэлцэж шийддэг парламентын ардчиллаа бид дараа үедээ бүрэн бүтэн уламжилж үлдээх үүрэгтэй!

Төрийн эрхийг хууль бусаар авах бусармаг хийгээд зальжин оролдлого

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:

- ТББХ-ны санал дүгнэлтээс үл хамаарч, УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулъя гэж санал хураах Үндсэн хуулийн заалттай.

Гэтэл УИХ-ын чуулганыг даргалагч Х.Булгантуяа гишүүдийг ТББХ-ны Үндсэн хууль зөрчиж гаргасан саналын томьёоллоор явуулах санал хураалтад оролцохыг хүчээр тулган шаардаж байгаа нь өөрөө ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ бусармаг хийгээд зальжин оролдлого юм. 

Хэрэв гишүүд ийм дэглэсэн найруулгатай чуулганд орвол Үндсэн хууль зөрчсөн санал хураалтад оролцсон бүх гишүүн УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх үндэслэл болно.

Ямар ч хуульд, тэр тусмаа Үндсэн хуульд хоёрдмол тайлбар байхгүй. Үндсэн хууль зөрчиж засгийн эрхэнд гарах бусармаг үйлдлийг баталгаажуулахыг санаархсан ийм чуулганд оролцож болохгүй гэдгээ хууль мэддэг, эрүүл ухаантай бүх гишүүд ухамсарлаж байгаа нь монголд хуулийн хулгайч нар бус хууль шударга ёс ялах сайн цагийн ДОХИО.

Байнгын хороо (ТББХ)-ны саналаар санал хураах ёсгүй

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: 

- Үндсэн хуулинд тодорхой заасан байгаа. "Засгийн газрыг огцруулах асуудлыг нийт гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд..." гэж байгаа. Өөрөөр хэлбэл, чуулган дээр санал хураах ёстой. Тэрнээс, байнгын хороо (ТББХ)-ны саналаар санал хураах ёсгүй.

Намайг УИХ-ын дарга болно гэдэг худал мэдээлэл явж байна. Монголчууд зусландаа гарахдаа бууриа засдаг. Тэр буурин дээр хэн нэгэн очиж буудаггүй. Хүний буурин дээр би буухгүй. Өөрийнхөө буурийг засах гэж есөн жил явж байна. Ардчилсан намыг 2028 онд бүрэн ялуулахын тулд сөрөг хүчний үүргээ биелүүлээд явж байна. 

Үндсэн хууль зөрчиж санал хураалт явуулбал Х.Булгантуяа, Сандаг-очир нар Үндсэн хууль зөрчиж, эгүүлэн татагдана

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар: 

- Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураана гэсэн үг үсэг байхгүй. Нийт гишүүдийн олонхоор гэж байгаа. Тэрнээс хэн нэгэн бодоод олчихдог юм биш. Бид 30 жилийн алдаанаас энэ үндсэн хуулийн заалтыг бий болгосон юм. Дэгийн саналаа өөрчилж чуулганы хуралдаанд орох ёстой. Огцруулах хугацаандаа огцрохгүй бол хэвийн буюу Засгийн газар ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэсэн үг.

Х.Булгантуяа 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлт орохоос өмнөх Үндсэн хуулийн эрх зүйн орчноор санал хураалгах гэж чичирч байна. 2019 онд Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой асуудал нэн тодорхой хуульчлагдсан. Үндсэн хууль зөрчиж санал хураалт явуулбал Х.Булгантуяа, Сандаг-очир нар Үндсэн хууль зөрчиж, эгүүлэн татагдана.

ТББХ-ны саналыг "Дэмжье" гэсэн санал хураалт явуулах БОЛОМЖГҮЙ

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

- Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй ТББХ-ны саналыг "Дэмжье" гэсэн санал хураалт явуулах БОЛОМЖГҮЙ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахад байнгын хорооны санал дүгнэлтийг дэмжиж байна уу, үгүй юу гэж УИХ-аас асууж байгаагүй.

УИХ-ын даргыг огцруулах асуудлыг яаралтай оруулж ирэхийг шаардана

АН-ын дарга О.Цогтгэрэл:

- Үндсэн хуулийн хямралын босгон дээр зогсож байна. "Төрөө хямралаас, түмнээ ядуурлаас аварна" гэж уриалсан нэг улс төрийн хүчин завсаргүй засагласаар энэ байдалд хүрлээ. Үндсэн хуулийн хямрал өдрөөр бус цагаар тоологдож эхэллээ. Чуулган эхлэхээр АН-ын бүлэг завсарлага авч хуралдана. УИХ-ын даргыг огцруулах асуудлыг яаралтай оруулж ирэхийг шаардана. Хямралаас гарах арга бол энэ хоёр хүнийг огцруулах асуудлыг нэг өдөр хэлэлцэх. Үүнээс өөр гарц алга. Дангаар нь хэлэлцвэл АН-ын бүлэг оролцохгүй. Тиймээс яг одоо УИХ-ын даргыг огцруулах асуудлыг яаралтай хэлэлцэхийг шаардаж байна. Нэг өдөр хэлэлцээд өнөөдөрт нь дуусах хэрэгтэй. Одоо УИХ-ын даргатай уулзаж зөвлөлийн яаралтай хуралдуулж хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулахыг шаардана.

Хуралд суухгүй байгаа нөхдөд хариуцлага тооцох ёстой

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир:

- Чуулганы хуралдаанд байнгын хорооны санал дүгнэлтээр санал хураах юм байна. Бид өчигдөр архив шүүж үзээд сүүлийн гурван удаагийн  Ерөнхий сайдыг хэрхэн огцруулж байсан талаар судаллаа. УИХ-ын гишүүдийг чуулганд суулгахгүй бол хуулийн зөрчил болно. Үндсэн хуулийн холбоотой асуудлаар гишүүд чуулганд суух үүрэгтэй. Хуралд суухгүй байгаа нөхдөд хариуцлага тооцох ёстой.

Нийт гишүүдийн олонхоор зөвхөн огцруулах уу гэсэн асуудлаар санал хураалт явуулна

Монгол Улсын гавьяат хуульч Н.Лүндэндорж:

- Үндсэн хуульд зааснаар огцруулах асуудлыг гишүүд тавьсан учраас нийт гишүүдийн олонхоор зөвхөн огцруулах уу гэсэн асуудлаар санал хураалт явуулж, 64 гишүүн дэмжсэн эсэхээс Ерөнхий сайд огцрох эсэх хамаарна. Үүнээс өөрөөр ямар ч байдлаар санал хураах боломжгүй байдлаар Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр процессжуулан зохицуулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe