Рио Тинто Монголтой харилцахаас зайлсхийж байна уу

Ц.Чимэдцэеэ
2025-10-09

Өрнөл

УИХ-ын Хянан шалгах түр хороо өчигдөр хуралдаж, “Оюу Толгой” ХХК-ийн танилцуулгыг сонсох байв. Намрын улс төрийн халуун тогоо ид буцалж, уур цуунд нь монголчууд нүүр нүдээ түлэх нь холгүй энэ үед цонх салхивчаа нээж, агаар оруулахтай дүйх өрнөл энэ байв.

Учир нь уг түр хорооны дэвшүүлж буй хөрөнгө оруулагчдын зээлийн хүүг бууруулах, бүлэг ордод хамаарах “Онтрэ” компанийн эзэмшлийн ордод шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зэрэг асуудалд оролцогчдын байр суурь хэрхэн огтлолцож эсвэл зөрөлдөж байгааг тодорхой хариутай болгох ёстой байсан.

Оролцогч гэдэг нь нэг талаас Монголын төрийнхөн, нөгөө талаас Оюу толгой ХХК, түүний толгой компани буюу хөрөнгө оруулагч Австралийн Рио Тинтогийн төлөөлөл. Харамсалтай нь уг хурал болсонгүй. Оюу толгой компани болон Рио Тинтогоос оролцоогүй байна. Энэ нь хоёр тал хэлэлцээрийн ширээний ард суухгүй байх вий, манай улстай алдаа оноотой ч 16 жилийн түншлэлтэй Рио Тинто манайхаас нүүрээ буруулах вий гэсэн айдсыг л тодруулж өглөө.

Хороо ахалж буй УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын өөрийг нь хэн нэгэн дагасан тухай сэжиг таамгаас илүү гарах мэдээлэл өгөөгүй.

Оюу толгой болон Рио Тинто компани оролцоогүй шалтгаан нь тодорхойгүй байна. Магадгүй Оюу толгой компанийн шинэ гүйцэтгэх захирал тодроогүй байгаатай ч холбоотой байж мэднэ.

Хаврын чуулгааас хойш Оюу толгойн гэрээг барьж, олон нийтээр жадлуулах ажлыг гал асаан тос нэмэх шиг идэвхийлүүлсэн тус гишүүний хувьд оролцогчид харилцан зөвшөөрсөн нөхцөлд аливаа гэрээ хэлцлийг өөрчилдөг, шинэчилдэг, байгуулдаг, тамгалдаг тухай наад захын ойлголтгүй мэт аашилж байгаа.

Өртэй Монгол

Монгол Улс Оюу толгойн уурхайн 34 хувийг эзэмшдэг. Гэсэн ч хэрэг нь гараагүй буюу манай улс ногдол ашиг авдаггүй.

Тус ордыг ашиглахтай холбоотой зарцуулах хөрөнгө оруулалт манай улсад байгаагүй тул өөрийн эзэмшилд ногдох хөрөнгө оруулалтыг зээлсэн. Зээлдүүлэгч нь Рио Тинто ба 2021 онд 2.8 тэрбум ам.долларын өрийг тэглэж байсан удаатай.

Гэсэн ч eguur.mn сайтын мэдээлснээр Оюу толгой долоодугаар сарын байдлаар 18 тэрбум ам.долларын өртэй Үүнээс 13 нь үндсэн зээл, үлдсэн нь хуримтлагдсан хүү байна.

Иймд өнөөгийн өр тооцон буй буюу 11-12 хувийн хүүг бууруулах талаар ярьж байгаа нь учиртай. Гэрээнд 7 жил тутам зээлийн хүүг эргэн харах боломжтой нөхцөл тусгагдсан.

Тэр нь энэ 2025 он буюу алдаж болохгүй боломжоо элдэв улс төрийн бохир аргамжгүйгээр ажил болгох шаардлагатай.

Гадаад захирал уу, монгол захирал уу

Оюу толгойн уурхайн 34 хувь монголчуудынх хэдий ч 66 хувь нь Рио Тинтогийнх. Тэд менежмент, үйл ажиллагааг бүрэн хариуцдаг, Оюу толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирлыг тэд томилдог.

Гүйцэтгэх захирлаар Кийт Маршал, Cameron McRae, Craig Kinnell, Andrew Woodley, Armando Torres болон Дэйрдрэ Лингенфэлдер нар ажилласан. Бүгд л гадаад мэргэжилтнүүд.

Дэйрдрэ Лингенфэлдер ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдэж, долоо дахь захирлын сонгон шалгаруулалт ид өрнөж байна.

Сонгон шалгаруулалт наймдугаар сард эхэлсэн ч ийнхүү улирал дамнах шахуу удааширчээ. Өрсөлдөж байгаа гурван нэр дэвшигчээс нэг нь монгол хүн гэх мэдээлэл бий.

Чухам өрсөлдөөнд хэн ялахаас шалтгаалан Оюу толгойн хэлэлцээр, Рио Тинтотой харилцах харилцаа ихээхэн хамаарах магадлалтай байна. Монголын улс төрийн байдал, байсгээд иргэдээ босгож аваад, уулгасан дайрдаг улс төрчдийн төвөг чирэгдлийг дааж, тогтох амаргүй нь ойлгомжтой.

Асуудал байвал хэлэлцэж зөвшилцөөд шийдчихье гэхээсээ илүүтэй хөөрөгдүүлж, савчуулж байгаад дөрөөн дээр нь дээрэмдчихье гэх өөдгүй сэтгэлгээ үнэндээ манайханд л илүү цухалздаг.

Өөр өнгө

Рио Тинтогийн үе үеийн гүйцэтгэх захирлуудын үед Рио Тинто болон Засгийн газар “муудалцаж, бас эвлэрч” ирсэн. Өмнөх Гүйцэтгэх захирал Якоб Стаушхолмын үед “муудалцаад” байсан хоёр тал ойлголцож, улмаар Рио Тинто Засгийн газрын 2.8 тэрбум долларын зээлийг тэглэж, гүний уурхайн нээлтийг хийсэн. Энэхүү эвлэрэл, ойлголцолд аль аль талаас ихээхэн хүчин чармайлт гаргасан гэдэг.

Үүнээс өмнө 2013 онд Рио Тинтогийн Зэсийн группын захирлаар томилогдоод удаагүй байсан Жан Себстьян Жак нь гүний уурхайг зогсоож байсан тохиолдол бий. Маргаан дээд цэгтээ хүрсэн гэдэг. Гэсэн ч 2 жил орчмын дараа Дубайн гэрээ гэгчийг байгуулж, муудалцаад байсан Рио Тинто Засгийн газар эвлэрсэн. Дараа нь мань эр Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал болж дэвшсэн. Энэ эвлэрэлд Монголын тал буюу тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ихээхэн үүрэгтэй байсан гэдэг.

Харин Рио Тинтогийн шинэ Гүйцэтгэх захирлаар томилогдоод сар гаруйхан болж байгаа Саймон Троттын үед талууд дахин “муудалцах” төлөвтэй байна. Наймдугаар сард ажлаа аваад, өнгөрсөн сард Монголоор ирэхдээ Оюу толгойн уурхайтай танилцсан ч төрийнхөнтэй уулзаж, асуудлаа цэгцэлье хэмээн шамдсан нь үгүй.

Чухам иймдээ Рио Тинто манайхаас нүүрээ буруулж, орхин одох вий гэсэн айдас улам лавширдаг. Шинэ гүйцэтгэх захирал нь Монголыг, Оюу толгойг юу гэж харж байгаа, ямар бодлого баримтлах нь тодорхойгүй байгаа нь эргэлзээг тэлсээр байна. Тэглээ гэхэд манай гуравдагч хөрш хэмээн онцлон түншилж ирсэн стратегийн ач холбогдол, холбох гүүр нуран унаж, дахиад л их гүрэн хойд хөршөө царайчлах болно.

Өөрсдөө

Рио Тинто болон Засгийн газар муудалцдаг, дараа нь хэлэлцээ хийдэг. Харин ийм үед хэн “зуучлагчийн үүрэг” гүйцэтгэх вэ гэдэг чухал. Одоо бол Рио Тинто талд Оюу толгойг тогтвортой ажиллуулах, Монголыг мэддэг, ойлгодог, Засгийн газартай ярилцдаг, монголчуудын санаа бодол, “хүслийн жагсаалтыг” ойлгодог мэддэг гүйцэтгэх удирдлагын хүн байхгүй гэхэд болно.

Өнгөрсөн 16 жилийг харахад Рио Тинто болон Монголын Засгийн газар хооронд яаж ч муудалцаж байсан ойлголцох орон зай үлдээж ирсэн. Энэ удаад Рио Тинто ямар байр суурьтай байх нь Оюу толгойн гүйцэтгэх захирлын томилгооноос ихээхэн хамаарч магадгүй байна. Эсрэг талд нь Засгийн газар ч Рио Тинтотой хэлэлцээр хийх бэлтгэлээ хангаж байгаа. 

Сонирхуулахад, Оюу толгойн ТУЗ-ийн гишүүнээр 10 гаруй монгол хүн ажиллаж байсан. Харин ТУЗ-ийн даргаар Монгол Улсын иргэн Г.Батсүх 15 жил ажиллаад жилийн өмнө тэтгэвэртээ гарсан. 2010 оны 6-р сард Оюу толгой компанийн ТУЗ анх байгуулагдахад тухайн үеийн “Туркойз Хилл Ресурс” компаниас Г.Батсүхийг ТУЗ-ийн даргаар томилж байсан юм.

ТУЗ-ийн даргаар хөрөнгө оруулагч талаас монгол хүнийг томилсон нь “Оюу толгой” компанийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт эхлэхэд эерэгээр тусахаас гадны хөрөнгө оруулагчдын зүгээс Засгийн газартай, олон нийттэй ойлголцож, хамтран ажиллахад чухал нөлөөтэй хэмээн үзэж байсан юм билээ.

Энэ ньюансыг авч явах өөрийн хүн л өнөө маргаашгүй сонгогдох Оюу толгойн Гүйцэтгэх захирал болох шаардлагатай байна.

Өнцөг

2020 оноос хойш Арбитрын маргаан үүсгэн үргэлжилж буй Монголын талаас хоёр улдаагийн татварын акт тавьсныг Рио Тинто болон Оюу толгой компани хүлээн зөвшөөрөөгүй асуудал шувтарч байгаа талаар мэдээлж байгаа ч аль аль талдаа багагүй чирэгдэл учруулсан.

Басхүү Арбитрын эцсийн шийдвэр гарахаас өмнө маргаанд оролцогчийн хувьд Рио Тинтогийн үүргээ биелүүлэн урьдчилж Төрийн санд байргуулсан 1 их наяд 57 тэрбум төгрөгийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар иргэддээ тараагаад дуусгасан байдаг. Энэ талаар өнгөрсөн есдүгээр сарын 7-ны чуулганы хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан "Оюу толгой" компанид татварын байгууллагаас тавьсан байсан 1 их наяд 57 тэрбум төгрөгийн төлбөр нь Төрийн сангаар орж ирээд зарцуулагдаад явсан. Хэрэв шүүхийн шийдвэр нөгөө талд гарвал тэр татварын төлбөрийг буцааж төлөх ёстой, ийм эрсдэл ирнэ” хэмээн хэлсэн удаа бий.

Оюу толгой ХХК 2024 оны байдлаар нийт 20 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж, 2010 оноос хойш нийт 51.1 их наяд төгрөгийг үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар хураамж, үндсэн ажилчдын цалинд зарцуулж, тодорхой хэмжээнд манай улсад өгөөжөө өгсөн нь үнэн. Харин үргээчихгүйхэн шиг тогтоож, дээр дурдсан олон асуудал буй дор ойлголт, ойлголцол, хамтын ажиллагааны нарийн ухааныг ойлгох удирдагч хамгаас чухлыг дахин дурдах учиртай.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe