Нүүрсний хулгайчид Засгийн газрыг намнах нь

.Graph
2025-10-07

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Лхагвын тойм” нэвтрүүлгээр шүгэл үлээснээр нүүрсний хулгайн маргаан дэгдэж эхэлсэн. “Нүүрсний хулгайн” асуудал яригдаж эхэлснээр Засгийн газрыг огцруулах акц өрнөв. Нүүрсчид Засгийн газрын эрхийг авч хулгайгаа нуух ажиллагаа эхлэв.

Б.Энхбаярын үлээсэн шүгэл

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо Д.Амарбаясгалантай холбоотой хэргүүд буюу нүүрсний хулгай, гадаад иргэний үхэл, мөнгө угаадаг сайт, оффисын дээрэм зэргийг хөндсөн. Эдгээрээс гол асуудлыг нь тоймлоё. 

  • Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар БНХАУ-тай хил холболтын төмөр замын хэлэлцээрт багтсан нүүрсний худалдах гэрээнд Хятадын талын санал болгосон 5 хувийн хөнгөлөлтийг 50  хувь болгон нэмэгдүүлж, улсад 36 их наяд төгрөгийн хохирол учруулах тогтоолыг УИХ-аар яаралтай батлуулсан.
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хэрэгтэй холбогдсон байж болзошгүй буюу “Админерал” компаниар дамжуулан “нүүрсний хулгай”-тай хамааралтай хэмээсэн юм. 

Д.Амарбаясгалангийн гонгиноо

  • Б.Энхбаярыг ийнхүү шүгэл үлээснээс хойш Д.Амарбаясгалан гарч ирж, 3 цаг мэдээлэл хийж, “Би буруугүй ээ. Намайг гүтгэж байна. Би цэвэр ариун” хэмээн өөрийгөө өмөөрөв. 
  • МАН-ын бага хурлаар намын даргын сонгууль болоход Д.Амарбаясгалан өөртэйгөө өрсөлдөн ялалт байгууллаа. 
  • Жижиг нам, эвслүүд Д.Амарбаясгаланг намын дарга болсонд нь баяр хүргэж байхад АН-ын дарга О.Цогтгэрэл “Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон эсэх асуудлаа шүүхээр эцэслэн тогтоотол УИХ-ын чуулганыг ёс зүйн хувьд удирдах ёсгүй” хэмээн жинтэйхэн шаардаад амжив. 
  • Хариуд нь Д.Амарбаясгалан “Улс төрийн намууд бие биеийнхээ дотоод асуудалд оролцох нь зохисгүй” буюу “Чамд хамаагүй” гэв.

Г.Занданшатарын баталгаа

  • Б.Энхбаярыг шүгэл үлээснээс хойш 5-6 хоногийн хугацаанд Д.Амарбаясгалан хэдэнтээ мэдэгдэл хийж, сошиалаар хэрэлдэж байхад Г.Занданшатар таг чиг байв. 
  • Намын даргынхаа сонгуульд ялагдсан ч чимээгүйхэн байсан тэрбээр гэнэт л мэдэгдэл хийж, шүгэл үлээсэн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилно гэв. 
  • Түүнчлэн “УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайтай хамтран тэмцэх байх гэж бодсон ч харамсалтай нь тэр нүүрсний хулгайд холбогдсон байсан” хэмээн аман нотолгоо хэлэв.

УИХ-ын чуулган гацлаа

  • Б.Энхбаярыг сайдаар томилно гэх мэдэгдлээс хойш УИХ хуралдаж чадахгүй, гацаанд орчхоод байна.
  • Нэгдүгээрт, нүүрсний хулгайтай тэмцэх Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилуулахаас айсан.  
  • Хоёрдугаарт, АН-ын бүлэг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг парламентыг удирдах ёс зүйгүй гэж үзээд, нэр холбогдоод байгаа асуудлаа шалгуулахыг шаардаж, чуулганы ирцэд орох ч, санал хураалтад орохгүй гэдгээ мэдэгдсэнтэй холбоотой.  
  • Ингэхээр УИХ-ын чуулганаар орж ирсэн ямар ч асуудал унана гэсэн үг. 
  • Ийнхүү нүүрсний хулгай, нүүрсчдийн асуудлаас болж төрийн эрх барих дээд байгууллага буюу парламентын үйл ажиллагаа үндсэндээ зогсчихлоо.

Д.Амарбаясгалангийн цэргүүд хөдөлж эхлэв

  • Нүүрсчид хэмээн цоллуулж байгаа Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын талд УИХ-ын 23 гишүүн л үлдсэн гэх бөгөөд тэдний нэг нь П.Сайнзориг.
  • Тэрбээр, Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоолыг урдаа барьж, Засгийн газрыг огцруулах санал гаргаад байна.
  • Гэтэл П.Сайнзориг “Тавантолгой”-н Бүрэн эрхт төлөөлөгч байхдаа “Админерал” түншлэлийн компанид 170 тэрбум төгрөгийн хууль бус тендер олгосныг шүүх тогтоож байсан гэх мэдээлэл гараад байна.

55 дугаар тогтоол алдагдалтай юу?

  • Түүний алдагдалтай гэж тайлбарлаад буй Засгийн газрын 55 дугаар тогтоол батлагдахаас өмнө буюу 2025 оны эхний 8 сард биржийн арилжаагаар 13.1 сая тонн нүүрс экспортолж, борлуулалтын орлого нь 3.5 их наяд, нэмэлт орлого нь 169.9 тэрбум төгрөг байжээ. 
  • Харин тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 8-р сараас хойш биржийн арилжаагаар 21.2 сая тонн нүүрс арилжаалж, борлуулалтын орлого нь 5.6 их наяд, нэмэлт орлого 300.7 тэрбум төгрөг болжээ. 
  • Түүнчлэн дотооддоо бага үнээр зарж, бага татвар төлөөд хил гараад өндөр үнээр зарж, татвараас зугтдаг байдлыг таслан зогсоосон байгаа юм.

Нүүрсчдийн намнаа Г.Занданшатарын Засгийн газар

  • Товчхондоо, Нүүрсчид нүүрсний хулгайтай тэмцэгчдээс айж байна. 
  • Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдгээ зарлаж, сонсгол зохион байгуулснаас хойш нүүрсчдийн хамгийн том заналт дайсан Б.Энхбаяр болж үлдсэн. 
  • Тиймээс л түүнийг шүгэл үлээснийх нь төлөө намаасаа хөөж, ХЗДХ-ийн сайдаар томилогдоход нь гацаа үүсгээд буй. 
  • Цаашлаад "МАН-ын доторх нүүрсний хулгай" илрэхээс айсан этгээдүүд Г.Занданшатарын Засгийн газрыг намнахаар хөдөлж эхэлжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Mash tovch buguud todorhoi bichjee bayarllaa

Unshigch

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe