Төрийн ордонд хэн нь эрх мэдлээ авах вэ гэсэн МАН-ын жүжигчилсэн тоглолт үргэлжилсээр. Жүжигчилсэн тоглолт гэдэг нь тэдний хийгээд байгаа улс төрийн акц, улс эх орноо бодсон шаардлагууд бүгд зүгээр л нэгнээ буулгаж авах гэсэн далд тачаал. Түүнээс улсын эрх ашгийн төлөө явж байгаа хүн ер нь бараг байхгүй. Хэнийх нь талд орох вэ гэсэн бодол, аль хэдий нь тал талаа олчихсон хэдэн хүмүүсийн албан тушаал, эрх ашгийн санаархал л төрийн ордны агаарыг дүүргэж байна. МАН, АН, ХҮН, ИЗНН бүгд үүнд багтана.
Ерөнхий сайдыг огцруулах шалтгаан
УИХ-ын тухай хуульд Ерөнхий сайдыг огцруулахыг нийт гишүүдийн дөрөвний нэг дэмжих юм бол УИХ-аар авч хэлэлцэнэ гэсэн заалттай. Одоогоор Засгийн газрын 55-р тогтоолыг шалтаг болгож Ерөнхий сайдыг огцруулах жүжгийн голд дүрд тоглож байгаа П.Сайнзориг гишүүн 30 гаруй гишүүний гарын үсэг цуглуулаад байгаа. УИХ дээр авч хэлэлцэхэд энэ тоо хангалттай. Харин цааш санал хураахад тэдэнд +64 кноп хэрэг болно. Учир нь хуульд нийт гишүүдийн 50 хувиас дээш гишүүд дэмжвэл Ерөнхий сайд огцрох нөхөцлийг бүрдүүлнэ гэж заасан байдаг юм. Ерөнхий сайд огцорвол мэдээж Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Монгол Улсын Засгийн газар огцрох нь байдаг л энгийн үзэгдэл болж байгааг бид сүүлийн үед харж байна. Гэхдээ Засгийн газар ойр ойрхон огцрох нь тогтвортой бодлого алдагдаж төрийн байгууллагуудын ажил гацахаас эхлээд олон сөрөг үр дагаврыг дагуулдаг билээ.
УИХ-ын даргыг огцруулах шалтгаан
УИХ-ын гишүүн Б.Энхбаярын гол дүрд нь тоглож буй жүжиг. Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайч, авлигачин, хүн амины гэмт хэргийн сэжигтэн хэмээн ярьж сайн үзүүлбэр үзүүлсэн учраас гол дүрд тоглох эрхээ олж авсан. Одоо тэрээр зохиолоо хүлээж суугаа. Харин энэ зохиолыг нь Д.Амарбаясгалан уншихгүй хойшлуулсаар байгаа. Тийм учраас УИХ-ын 35 гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг бүрэн эрхээсээ түдгэлзэж холбогдоод байгаа хэргүүдээ хууль, шүүхийн байгууллагаар эцэслэхийг шаардан нэгджээ. Энэ дунд мэдээж Б.Энхбаяр багтсан нь тодорхой. УИХ-ын даргыг ч Ерөнхий сайдтай адил УИХ-ын гишүүдийн олонх огцруулах санал гаргасан тохиолдолд огцруулах боломжтой.
УИХ-ын даргыг огцруулах таван үндэслэл байдаг.
12.2.Улсын Их Хурлын даргын бүрэн эрх энэ хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, 9 дүгээр зүйлд заасны дагуу гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсноос гадна дараах тохиолдолд хугацаанаасаа өмнө дуусгавар болно:
12.2.1.Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
12.2.2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
12.2.3.Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэл бүхий санал гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн.
12.3.Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, чөлөөлөх, огцруулах асуудлыг ил санал хураалтаар шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.
Манай улсын парламентын түүхэнд УИХ-ын дарга огцорч байсан тохиолдол ганцхан байдаг. 2017 онд М.Энхболдыг “Шударга тав” хэмээх жүжигчдийн бүлэг тайзан дээрээс тоглолт тавьснаар огцруулж байлаа.
Ийнхүү Төрийн ордны жигүүр жигүүрээр Д.Амарбаясгалан болон Г.Занданшатар нар хэн нь түрүүлж 64 гишүүн багцалж авах вэ гэсэн кнопны уралдаан хийж байна. Эрх баригчдын энэ хуваагдал сөрөг хүчин болон цөөнх том тоглолт хийх боломжийг олгодог гэдгийг бид тэртээ 2018 оны МАН-ын 33, 32 гэх бүлэглэл У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах үйл явцад харж байлаа. Тухайн үед Ардчилсан нам УИХ-д есөн гишүүнтэй байсан. Ингээд бүлэг хуралдаад Засгийн газрыг унагах нь зүйтэй гэсэн нэгдсэн шийдэлд хүрсэн. Гэвч Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарын гишүүд У.Хүрэлсүхийн талд орж нэлээд хэл ам болж байлаа. Тэгвэл яг одоогийн нөхцөл байдал дээр АН мөн хоёр хуваагдаад эхэлсэн байна. Ардчилсан намын дарга болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Засгийн газрыг тогтвортой байх нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол зарим нэг гишүүд нь Засгийн газар огцруулах талд байхаа илэрхийлжээ.
Ардчилсан намын шинэ дарга О.Цогтгэрэл Бүлгийн даргын ажлаа өгөхгүй Бүлгийн даргаа ч хийгээд намын даргаа ч хийгээд байгаа нь зарим нэг гишүүдийн дургүйцлийг хүргэж байгаа гэх. Тийм учраас АН дотроо Бүлгийн даргын асуудал дээр зөрчилтэй байгаа.
Харин цөөнх болох “Үндэсний эвсэл”-ийн гишүүд Ерөнхий сайдыг огцруулах санал дээр нэгдсэн бололтой. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “надаас санал асуусан би огцруулах талд нь зогсоно” гэдгээ өнгөрсөн долоо хоногт илэрхийлсэн. Тийм учраас Д.Амарбаясгаланд 4 кноп цөөнхөөс орж ирэх нь тодорхой болж байна.
ХҮН намын хувьд мөн л Ерөнхий сайдыг огцруулах талд байгаа бололтой. УИХ-ын гишүүн Б.Найдалаа өнөөдөр ярилцлага өгч “удаан бодсоны эцэст Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг зурсан” гэсэн юм. Ингээд магадгүй +6 кноп. Цөөнхөө базах Д.Амарбаясгалангийн тактик амжилттай хэрэгжиж байгаа нь эндээс харагдаж байна.
Хамгийн сонирхолтой нь Ерөнхий сайдыг огцруулах бүрэлдэхүүнд одоогийн Засгийн газрын хэд хэдэн сайд багтаж байна. Тухайлбал Б.Чойжилсүрэн, С.Амарсайхан, Т.Доржханд, Т.Аубакир, Б.Дэлгэрсайхан нар.
Шадар сайд С.Амарсайханыг УИХ-ын дарга болгох тохироо хийгдсэн хэмээн яриа Төрийн ордонд гараад байгаа.
Нөгөө талд УИХ-ын даргыг бүрэн эрхээсээ түдгэлзэж хуулийн байгууллагаар шалгуулах шаардлагад Засгийн газрын сайдуудаас гадна МАН-ын цөөнгүй гишүүд, дээрээс нь Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд нь нэмэгдэж байна. Эдгээр өдрүүдэд Төрийн ордонд кнопны уралдаан эрчимтэй явагдах нь ээ.
Сэтгэгдэл үлдээх