УИХ-ын гишүүн П.Сайнзориг Засгийн газрыг огцруулахаар гишүүдээс гарын үсэг цуглуулж эхлээд байгаа. Түүний засгийг огцруулах гээд байгаа үндэслэл нь “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох аргачлалыг өөрчилж баталсан Засгийн газрын 55 дугаар тогтоол” юм. Засгийн газрын энэ тогтоол нь АМНАТ-ын бодох аргачлалыг өөрчилж улсын төсөвт орох ёстой байсан АМНАТ-ын орлогыг 200 тэрбум төгрөгөөр бууруулах эрсдэлтэй гэж тайлбарлаж байна.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 55 ДУГААР ТОГТООЛ
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-ын 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.11, 3.12 дахь хэсэг нэмсүгэй:
"3.11.Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүний дөрөвний нэг, түүнээс дээш хувийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан тухайн төрлийн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг "Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай" Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад заасан Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна.
3.12.Энэ журмын 3.11 дэх заалтыг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө."
Харин Засгийн газрын зүгээс АМНАТ-ыг уул уурхайн биржийн үнээр тооцож тогтоодог болсноор 200 тэрбум төгрөгийн алдагдалтай биш эсрэгээрээ 100 тэрбум төгрөгийн орлоготой ажиллана гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм.
Засгийн газрыг ямар нөхцөлд огцруулдаг вэ?
Үндсэн хуулиас
Дээрх хуулиас харах юм бол 126 гишүүний ¼ нь 32 гишүүнээр тооцогдох боломжтой. Одоогийн байдлаар П.Сайнзориг гишүүний эхлүүлсэн Засгийн газрыг огцруулах бичигт 30 орчим гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл байна.
АМНАТ-ын тухай тогтоол Засгийн газрыг унагах шалтаг уу?
Сүүлийн үед МАН-ын дотоод улс төрийн зөрчил намын тогооноосоо хальж улсын эрх ашигт нөлөөлөх дээрээ тулаад байгаа. Үүнтэй холбоотой хоёр талд хуваагдсан хүмүүс янз янзын акц хийж байгаагийн нэг нь П.Сайнзориг гишүүний Засгийн газрыг огцруулах санал гэж улс төр судлаачид хардаж байна.
П.Сайнзориг нь одоогийн хотын дарга Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байх үед Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Улс төрд шат ахиулж өгсөн хүн нь Х.Нямбаатар юм. Харин Х.Нямбаатар хэдхэн сарын өмнө Ерөнхий сайдаас огцорсон Л.Оюун-Эрдэнэтэй болон одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай ойр дотно. МАН-ын энэ том зөрчилдөөн дунд Х.Нямбаатар аль нэгийг нь налж суухгүй байгаа ч Д.Амарбаясгаланг дэмжиж буй нь хийсэн мэдэгдлүүдээс нь харагддаг. Тийм учраас Д.Амарбаясгалангийн зүгээс явуулж байгаа ээлжит акцыг П.Сайнзориг эхлүүлж байгаа нь энэ хэмээн таамаглаж байна.
Нүүрсний хулгайн асуудал Засгийн газрыг унагах шалтаг болов уу?
Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайтай холбогдсон талаар мэдээлэл хийж хоёр жилийн өмнө нүүрсний хулгайн сонсголыг ахалж байсан УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж нүүрсчидтэй тэмцэх тэмцлийг эхлүүлсэн. Гэвч УИХ-аар Б.Энхбаярын сайдаар томилогдох танилцуулгыг сонсохгүй хойшлуулсаар байгаа. Үүнийг Д.Амарбаясгалангийн хийж байгаа акц хэмээн олон нийтийн таамаглал явж байна. Улмаар Засгийн газрыг унагаж нүүрсний хулгайн асуудал хав дарагдах нөхцөл байдал бий болж болзошгүй чиглэл рүү улс төр өрнөж эхэллээ.
Сэтгэгдэл үлдээх