Эрүүл мэнддээ анхаарч, эрсдэлээ тооцож даатгал хийлгэх нь яагаад чухал вэ гэдгийг тодруулахаар “Анализ Шоу, Засаглал ба Зах зээл” хөтөлбөрийн шинэ дугаарт "Амьдралын даатгалын зах зээл ба шинэ бүтээгдэхүүний боломж" сэдвээр ярилцана.
Хорт хавдар ба Монголчууд
- Монгол Улсад хорт хавдрын шинэ тохиолдлын тоо сүүлийн 10-15 жилд огцом өсөх хандлагатай байна.
- Тухайлбал, 2010 онд жилд дунджаар 4.5-5 мянган хүн хорт хавдраар оношлогдож байсан бол 2019 он гэхэд жилд дунджаар 6 мянгад хүрчээ.
- Харин 2024 онд улсын хэмжээнд 8169 хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
- Энэ нь 2010 онтой харьцуулахад даруй хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
- Эдгээр үзүүлэлтүүдээс харахад 2040 он гэхэд хавдрын өвчлөл одоогийн түвшнээс 1.5-2 дахин өсөх хандлагатай байна.
Хорт хавдар ба залуучууд
- Сүүлийн 10 жилийн дунджаас харахад хавдрын өвчлөлөөр өвчлөгсдийн 24.3 хувийг 20-44 насны залуучууд эзэлж байна
- Харин 45 ба түүнээс дээш насныхан 71.3 хувийг бүрдүүлжээ.
- Өөрөөр хэлбэл, нийт хорт хавдрын өвчлөлийн тохиолдлын ⅓-ийг хөдөлмөрийн насны залуус бүрдүүлж байна.
- Түүнчлэн 2024 онд бүртгэгдсэн нийт тохиолдлын 28.9 хувийг элэгний хавдар, 16.2 хувийг ходоодны хавдар эзэлжээ.
Хорт хавдар ба санхүүгийн дарамт
- Хавдрын дийлэнх нь буюу 63 хувиас дээших тохиолдол нь хожуу үе шатандаа оношлогдож, эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлөх, эмчилгээний зардлыг улам өсгөх магадлалтай байна.
- Тодруулбал, хорт хавдрын эмчилгээ нь өндөр өртөг бүхий үйлчилгээний тоонд ордог бөгөөд зургаан сарын эмчилгээнд 4-80 сая төгрөг зарцуулагддаг гэх судалгаа гарсан байдаг.
- Түүнчлэн хорт хавдрын улмаас хөдөлмөрийн чадвараа түр буюу бүр мөсөн алдах, орлого тасалдах, орон нутгаас хот руу удаан хугацаагаар ирж эмчлүүлэх, эсвэл бүр дотооддоо боломжгүй тохиолдолд гадаад улс руу зорих зэрэг нөхцөлд гэр бүлийн санхүүгийн ачаалал эрс нэмэгддэг.
- Гадаадад эмчлүүлэх зардал маш өндөр буюу 2017 онд л гэхэд Монголд эмчлэх боломжгүй оноштой 200 орчим иргэн БНСУ, БНЭУ, БНХАУ-д очиж эмчлүүлэхэд нийт 14.4 тэрбум төгрөг зарцуулсан гэх албан мэдээ бий.
Нас баралт ба үр дагавар
- Монгол Улсад өнгөрөгч 2024 онд 18,113 нас баралт бүртгэгдсэн бөгөөд үүний 6616 нь эмэгтэй, 11497 нь эрэгтэй хүн байна.
- Харин нас баралтын тэргүүлэх шалтгаануудад элэг, зүрх, тархины төрлийн өвчлөл, амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, спиртийн хордлого, гаднын шалтгаант хүчин зүйлүүд /гэнэтийн осол/ багтжээ.
- 2022 онд 17980 хүн нас барсны 7270 нь гэр бүлийнхээ санхүүг зохицуулдаг иргэд байжээ.
Хариуцлага ба даатгал
Харамсалтай тохиолдлоор хайртай нэгнээ алдсаны дараа тухайн гэр бүлд сэтгэлзүйн болоод санхүүгийн дарамт тохиодог нь нууц биш. “Өртэй хүний өрц амрахгүй, зээлтэй хүний зээнцэр амсхийхгүй” гэдэг үг ч бий. Хүний амьдралд тохиох олон гэнэтийн тохиолдлуудыг даван туулах, үлдэж буй ар гэртээ санхүүгийн дарамт үүсгэхгүйн тулд урьдчилан сэргийлж, хариуцлагатай байх хэрэгтэй.
Тиймээс хайртай хүмүүсийнхээ өмнө хариуцлагатай байж, хорт хавдрын даатгал, амь насны даатгал, гэнэтийн ослын даатгал, орлого хамгаалалтын даатгал гэх зүйлсийг чухалчлан үзэж, урьдчилан сэргийлж хэвшээрэй.
“Анализ Шоу, Засаглал ба Зах зээл” нэвтрүүлгийг 10-р сарын 2-ны пүрэв гарагт 20:30 цагаас NTV телевиз, Graph.mn сайтын FB хуудсаар шууд хүлээн авч үзээрэй.
Сэтгэгдэл үлдээх