Эргэлзээг эцэслэхийн тулд илд, бамбайгаа буулгаж байгаад шалгуулчих

Ц.Чимэдцэеэ
2025-10-02

МАН-ын Бага хурал өнгөрсөн бямба гарагт эхэлж, ням гарагийн өглөө 08.00-09.00 цагийн үед даргаа сонгосон.

Энэ хуралд 321 гишүүн оролцож, 85.67 хувийн саналаар Монгол Улсын Хурлын дарга, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга асан Д.Амарбаясгалан сонгогджээ.

Гэсэн ч түүнтэй холбоотой гэмт хэргийн сэжиг таамаг нь улс төрийн тавцан дахь авлига, албан тушаалын хэргийн тухай олон нийтийн яриаг улам хурцатгаж байна. Энэ нь төрийн өндөр албан тушаалтнуудын хариуцлага, хуулийн өмнө тэгш байх зарчмын талаарх хэлэлцүүлгийг дахин өрнүүлэх боллоо.

Ямар хэрэгт холбогдов

Түүний оролцоотой гэх Админерал ХХК-аар дамжуулан:

Авлига, албан тушаалын хэрэг: Хятадын "Rui Sheng global" группээс 103.5 тэрбум төгрөг буюу 30 сая ам.долларын авлига авсан. Үүнийг гэрчлэх хятад иргэн байдаг хэмээдэг.

Нүүрсний хэрэг: УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хэвлэлийн хурал хийх үедээ Д.Амарбаясгаланг “нүүрсний хулгайн загалмайлсан эцэг” хэмээн тодорхойлсон. Энэ нь мөн дээр дурдсан компанид нийт 234 рейсээр 26,448 тонн нүүрс худалдсан гэх мэдээлэлтэй холбогддог.

Хүн амины хэрэг Хууль зүйн сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр түүнийг Админерал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Хасбаатарын  үхэлд холбоотой байж болзошгүй хэмээн дурдсан байдаг. 

Эдгээр мэдээллүүд нь тодорхой нэг өдөр гэнэт гарч ирээгүй бөгөөд түүний улс төрийн карьерын тодорхой үе шатуудад дахин дахин сөхөгдөж, олон нийтийн хэлэлцүүлгийн сэдэв болж байсан юм.

Хэрэгтэй холбоотой байр суурь

Д.Амарбаясгалан: Дээрх мэдээллүүдийг үгүйсгэж, хууль хяналтын байгууллагаас шалгагдаагүй гэдгээ мэдэгдсэн нь сэжиг таамгийг улам нэмэгдүүлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Д.Амарбаясгалан нүүрсний хулгайн хэрэгт хамааралтай нь тогтоогдвол УИХ-ын даргаар ажиллах боломжгүй.

Ардчилсан Нам: Асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл УИХ-ын чуулганыг удирдах ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна.

Шалгах процесс

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрт байгаа баримт, мэдээллээ АТГ-т гаргаж өгсөн гэдгээ мэдэгдсэн. Харин УИХ-ын гишүүн нь халдашгүй байдалтай байдаг тул түүнийг эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, цагдан хорих шийдвэрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, зөвшөөрөл авдаг.

Ингэхдээ Прокурорын байгууллага мөрдөн байцаалтын явцад цуглуулсан нотлох баримтад үндэслэн УИХ-д хүсэлтээ өргөн барьдаг. Энэ нь хууль тогтоогчдын бие даасан байдлыг хамгаалах зорилготой боловч заримдаа хэргийг шалгах үйл удаашруулж, хүндрэл төвөгтэй нөхцөл бий болгодог билээ.

Улс төрийн тогтворгүй байдалд нөлөөлөх нь

Төрийн өндөр албан тушаалтны эсрэг үүссэн ийм төрлийн сэжиг таамаг нь зөвхөн хувь хүний асуудал бус, улс төрийн тогтвортой байдал, ард түмний итгэлд ноцтойгоор нөлөөлдөг.

Ийм нөхцөл байдал нь улс төрийн талцал, хагаралыг гүнзгийрүүлж, төрийн шийдвэр гаргах үйл явцыг удаашруулах эрсдэлтэй.

Энэхүү үйл явдал нь Монголын улс төрийн тогтолцоо дахь хариуцлага, ил тод байдлын асуудлыг дахин хурцаар тавьж, олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд чиглэсэн тодорхой алхмууд чухал болохыг харуулж байна.

Хэрэгт холбогдон бүрэн эрхээсээ татгалзаж, түдгэлзүүлүүлж байсан гишүүд

Г.Амартүвшин Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлаар Ж.Мөнхбат нүүрсний гэх хэрэгтэй холбоотойгоор Д.Гантулга бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдон тус тус өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзан хууль, хяналтын байгууллагад шалгуулж байв.

Харин прокурорын саналаар Н.Номтойбаяр авлига, албан тушаалын хэрэгт, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нар нүүрсний гэх хэрэгт холбогдон тус тус УИХ бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн билээ.

Харин 2004-2020 он хүртэл 3 парламентын үед нийт 7 гишүүнийг прокуророос түдгэлзүүлэх санал өгсөн ч УИХ-аас татгалзаж байжээ.

Эцэст нь

Авлига, албан тушаалын хэргээс эхлээд хүн амины хэрэг хүртэл нэр нь хутгалдсан УИХ-ын дарга төрийн түшээ, ууган намын удирдагчаар сонгогдон итгэл хүлээсэн улс төрчийн хувьд эргэлзээг эцэслэхийн тулд албан тушаал, эрх дархаа тайлж, илд, бамбайгаа буулгаж байгаад шалгуулчих хэрэгтэй.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe