Непалын “цүнхнийхэн”

.Graph
2025-09-17

Д.Халиунаа

Непал улсад өнгөрсөн долоо хоногт эрх баригчдын эсрэг залуу үеийнхний жагсаал болсон билээ. Энэхүү эсэргүүцлийн жагсаал нь сүүлийн арван жилд болоогүй хамгийн том үймээн самуун руу шилжсэн юм.

Жагсаалын үеэр 2024 оны долдугаар сард ашиглалтад орсон Хилтон болон бусад албаны барилгууд, улс төрийн удирдагчдын байр, мөн тэдний тансаг зочид буудлуудыг шатааж, сүйтгэж, дээрэмдсэн.

Энэ талаар дэлхийн хэмжээний зөрчил мөргөлдөөн, дайн дажин, улс төрийн хямралыг судалдаг бие даасан олон улсын төрийн бус байгууллага (International Crisis Group)-ийн ахлах зөвлөх Ашиш Прадхан хэлэхдээ “Олон арван жилийн турш үргэлжилсэн муу засаглалтай засгийн газрыг буулгаж чадсан.

Гэхдээ төрд учирсан хохирол нь 2015 онд Непал улсад болсон газар хөдлөлтийн улмаас 9000 орчим хүний ​​амь насыг авч одсон эмгэнэлт үйл явдалтай тэнцэх хэмжээний хохирол учирсан байх магадлалтай” хэмээн тайлбарлажээ. 

Жагсаалыг эхлүүлсэн “Z” үеийн иргэд улс оронд зарцуулагдах ёстой мөнгөөр өөрсдийн тансаг амьдралаа гайхуулж буй улс төрчдийн хүүхдүүдийг nepo babies (эрх мэдэлтэй гэр бүлийн ачаар алдар нэрд хүрсэн, тансаг амьдралтай хүүхдүүд) гэж дуудаж, тэдний хэтийдсэн тансаг амьдралыг олонд дэлгэж эхэлжээ.

Энэ нь манай улсад өнгөрсөн зун Ерөнхий сайдын хүү найз охиндоо “цүнх” зэрэг эд хэрэгсэл бэлэглэж, тэдний хэрэглээг шүүмжилсэнтэй адил юм.

Непал улсын Хууль зүйн сайдын хүү Saugat Thapa өөрийн инстаграмм постдоо хийсэн зураг олны дургүйцлийг хүргэсэн.

Тэр 2024 оны 12-р сард өөрийн инстаграм хуудсандаа Louis Vuitton, Gucci, Cartier зэрэг дэлхийн тансаг брэндүүдээр гацуур мод хийн хажууд нь зогссон зургаа оруулжээ. Үүнийг иргэд улс төрчдийн хүүхэд үндэслэлгүй их хэмжээний мөнгөөр өөрсдийн тансаглалаа гайхуулж байна хэмээн үзжээ. Хариуд нь тэрээр  “Энэ бүхэн шударга бус, буруу мэдээлэл байна. Манай аав төрийн албанаас олсон бүх мөнгөө нийгэмд буцаан өгсөн” гэж тайлбарлажээ.

Дараагийн “цүнхчин” бол Непал улсын эрүүл мэндийн сайдын охин Shriankla Kartibara юм.

Тэр өөрийн инстаграмм хуудсаараа томоохон брэндүүдээр гангарсан зургуудаа оруулахаас гадна дэлхийн томоохон улсууд болох Лондон, Швейцар зэрэг үнэтэй газруудаар аялж байгаа зэрэг тансаг амьдралын хэв маягаа олонд гайхуулжээ. Ингэснээр Непалийн иргэд дургүйцлээ илэрхийлж, олон мянган дагагчаа алджээ. 

Непал бол залуу ардчилсан орон бөгөөд 2008 онд бүгд найрамдах улс болсон юм. Гэвч төрийн өндөр албан тушаалтнуудын амласан тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт өдийг хүртэл биелээгүй байна.

Сүүлийн 17 жилийн хугацаанд тус улс 14 засгийн газартай байсан ба нэг ч удирдагч бүтэн таван жилийн хугацаагаа дуусгалгүй огцордог. Непал улсын нэг хүнд ногдох ДНБ 1500 ам.доллароос доогуур хэвээр байгаа нь Өмнөд Азийн дараагийн ядуу орон болоход ойртжээ. Мөн улсын нийт хүн амын 14 хувь нь гадаадад ажилладаг бөгөөд гурван өрх тутмын нэг нь мөнгөн тэтгэмж авдаг байна.

Улс орны эдийн засаг, иргэдийн амьдралын түвшин ийм нөхцөлд байхад төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүдийн тансаг амьдрал тэднийг босгох дахин нэг шалтгаан болсон биз ээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe